Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Тээврийн жолооч нарт тохиолдсон явдлыг Ц.Дамдинсүрэн гуай тэмдэглэж авсан ньУншсан98,914

1962 оны хавар би (Ц.Дамдинсүрэн) нэг үдэш өвгөн аавындаа орлоо. Тэнд манай нутгийн /Матад сумын/ эмгэн Дамдиннүрэн цай уугаад сууж байна.

Маршал Чойбалсангийн нэрэмжит 3 удаагийн шагналт, анхны Ардын Уран Зохиолч, ШУА-ийн жинхэнэ гишүүн, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, орчин цагийн Монгол хэлний дүрмийг үндэслэгч эрдэмтэн, орчуулагч, зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн "ЛУС САВДАГ, ЧӨТГӨР ШУЛМАСТАЙ УЧИРСАН ХҮМҮҮСИЙН ЯРИА" номын хэсгээс уншигч та бүхэндээ сонирхуулж байна.


ВАНЖУУ ГУАЙ

1962 оны хавар би (Ц.Дамдинсүрэн) нэг үдэш өвгөн аавындаа орлоо. Тэнд манай нутгийн /Матад сумын/ эмгэн Дамдиннүрэн цай уугаад сууж байна. Тэр эмгэн, хүүхэн Пүрэв дээрээ ирээд өвөлжиж байгаа юм байна. Тэр эмгэн бидэнд нутгийн хууч ярьж эхлэв. Манай өвгөн аав, эмэг ээж хоёр ч сонирхон чагнаж байлаа. Бидний яриа ерийн аж амьдралаас албин чөтгөрийн хачин явдалд шилжиж орлоо.

“Дамдиннүрэн гуай! Та яагаад Дамдиннүрэн гэдэг нэртэй болсон түүхээ ярьж өгөхгүй юу?“ гэж би гуйлаа. Нутгийн эмгэн нэг аяга цай нэмж уугаад баахан эргэлзэж “За яршиг. Хүн үнэмшихгүй юм солиороод яах вэ?“ гэв. Үнэн юм бол бид үнэмшихгүй яах вэ! Та ярь л даа гэв би. Дамдиннүрэн гуай ярьж эхэллээ. “Би одоо Дамдиннүрэн гэдэг нэрээ хаяад Ванжуу гэдэг хуучин нэрээ хэрэглэх болсон шүү” гэв.

Үүнд би бүр гайхаж “Ванжуу нэртэй байхад чинь танд албин оршоод болохгүй болохоор та Дамдиннүрэн нэртэй болж тэр албинаас салсан биш үү?“ гэв. Ванжуу гуай намайг харж “Албин чөтгөрөөсөө би аль эртэд салсан юм. Тэгээд бүр албин чөтгөрөөс айхаа болиод Ванжуу нэрээ хэрэглэх болсон юм” гэв.

Би асуув. “Чөтгөр танд нээрээ оршдог байсан юм уу? Зүгээр дэмий яриа юм уу?“ гэхэд Ванжуу “Нээрээ чөтгөр над оршиж байсан юм шиг ярьдаг юм. Тэр ч Жогвожийн эхнэр болоод л эхэлсэн хэрэг. Манайхны Жогвожий гэдэг өндөг Цогбадрахыг чи танина шүү дээ. Намайг түүний эхнэр болгож богтолж өглөө. Намайг түүний эхнэр болохоос урьд Жогвожий хоёр эхнэр авч хоёулыг үхүүлсэн байжээ. Түүний хоёрдугаар эхнэр нь чөтгөр болсон гэж хэлэлцдэг байлаа. Тэр үхсэн эхнэрийн мөнгөн эдлэлийг хайлаад над мөнгөн эдлэл чимэг хийж өгсөн юм байжээ. Би түүнийг мэдээгүй хэрэг. Би Жогвожийнд очоод хэдхэн сар болоод санал нийлэхгүй болж гэртээ буцаж ирлээ. Тэгэхэд миний бие муу өвчтэй, хоол унданд тун муу байлаа. Би нэг өдөр буруу харж хэвтэж байгаад “Ижий, над өрөм хайлж өгөөч” гэжээ. Ижийн хайлж өгсөн аяга өрмийг идчихээд бас хоёр аяга тараг идчихжээ. Тэгэхэд ижий гайхаад намайг ажигласан чинь би бүр ухаангүй мэт байжээ. “Миний хавчиг мөнгөн эдлэлийг буцааж өг” гэж би шаарджээ. Ижий гайхаад “Юун мөнгөн эдлэл?“ гэж асуухад “Танай хүүхэн Ванжуу миний хавчгаар толгойн чимэг хийгээд байна. Түүнийг өгөхгүй бол танай хүүхнийг би аваад явна” гэж занаж учир дүрсгүй загинаж гэнэ. Би ухаангүй байсан болохлоор тэгж хэлснээ мэдэхгүй. Над Жогвожийн үхсэн эхнэрийн сүнс оршоод дайрч давшилж байсан шиг юм манай эцэг эх ярьдаг. Би тэгээд ухаан ороход манай эцэг эх уйлж унжсан байлаа. Миний толгойн мөнгөн чимэг хэрэглэлийг бүгдийг надаас салгаж авсан байлаа. Тэр чимэг хэрэгслийг Жогвожийнд буцааж өглөө. Намайг Жогвожийнд очуулна гэхийг бүр болилоо. Ном гүрэм ч уншууллаа. Ердөө тус болохгүй, би хааяа хааяа ухаан алдаж ойчоод элдвийн юм солиордог боллоо. Тэгж солиорч байхдаа хавь ойрын юмыг их мэддэг байсан юм гэдэг.

Түдэвийн Бүдүүн цагаан гэдэг ламыг манайхан залж ирээд ном гүрэм уншуулжээ. Тэгэхэд би ухаан алдаад Бүдүүн цагааны уншсан номыг уралдаж уншаад байсан гэдэг. Би зүгээртээ бол төвд Монгол “А” үсгийн толгой мэдэхгүй, мааниас өөр ном цээжээр мэдэхгүй хүн шүү дээ. Би тэгээд Бүдүүн цагаанд хэлсэн юм гэдэг. “Бүдүүн цагаан чи зүгээр байвал дээр шүү. Намайг оролдоод байвал чи амиа алдаж мэднэ”. Бүдүүн цагаан “Би дийлэхгүй юм байна” гээд номоо дутуу уншаад харьжээ.

Намайг нэг солиорч байхад чиний эцэг Цэнд мэйрэн манайхаар орж гэнэ. Би танай эцэгт хэлж гэнэ: “Чи энүүгээр сагсалзаж явах чинь гайгүй. Хэдэн хулгайчаа алдчихав даа!“ гэжээ. Түүнээс хойш удалгүй хошууны жасаа тамгын газар хоригдож байсан боохой Самбуу түрүүтэй хэдэн хулгайч нь оргоод явчсан юм гэдэг.

1962.2 сар

 

РАВЖАЙ

Ц.Дамдинсүрэн гуай Улсын архивын ажилтан Равжайтай гудамжинд дайралдав. Түүнээс Зүүн Чойрын чөтгөрийн тухай асуусанд гудамжинд зогсож байгаад Ц.Дамдинсүрэн гуайд ийн ярьжээ.

— Би Баруун Чойрын хүн. Тэр чөтгөрийн тухай их дуулсан, өөр үзсэн юм байхгүй. Дуулсан зүйлээс баримттайхан юм гэвэл Жамъян зоч гуайн ярьсан зүйл болно. Манай Баруун Чойрын Жамъян зоч бол тэр чөтгөрийг дарсан хүн юм. Жамъян гуай бол биеэ магтах сагсуу явдалгүй, их томоотой худал ярьдаггүй хүн юм. Түүний ярьсан зүйлийг үнэн гэж итгэж байна. Би Жамъян гуайг сайн таньдаг байсан Бид нар Жамъян гуай чөтгөр яаж дарснаа ярьж аль гэж гуйдаг байсан. Тэгэхэд бидэнд ингэж ярьдаг асан:

— Би Зүүн Чойрт очиж лүйжин тавьж өгсөн. Тэгэхэд хүрэн Гимпэл гуайтай уулзаж байсан. Их эрдэмтэй биш боловч сайн уншлагатай томоотой лам байсан. Би лүйжин хэд уншсан. Миний дэргэд нэлээд чадалтай нэг лам туслалцаж байсан. Лүйжингээ нэг удаа уншиж байтал жодбонгийн оосор тасраад дамар зүүн хойш өнхрөөд явчив. Би хонхоо цохиод номоо уншиж байлаа. Миний дэргэд байсан лам миний дамрыг нэг хадаг доогуур оруулаад авчирч жодбонд нь залгаж өгсөн. Тэр чөтгөр дамрын жодбонг тастав уу гэлцдэг юм.

Бас нэг удаа лүйжин номоо уншиж байтал үүдэнд нэг юм гялганах шиг миний нүдний буланд харагдав. Номоо уншихын завсраар үүд рүү харвал хэдэн хятад ирээд байна. Түүний нэг-цоохор царайтай хятад нэг мөнгөн янчаан гартаа бариад гялалзуулж байна. Би түүнд нүдээ ирмэж дохио өгсөнд тэр мөнгөн янчаанаа над руу шидэв. Би хонх барьж байсан зүүн гараараа аваад хонхны хамт атгаад л номоо уншиж байв. Ном уншиж дуусаад харвал тэр хятадууд ч алга болжээ. Дэргэдэх ламдаа би хэлэв:

— Миний гарт нэг юм бий шүү. Цоохор хятад хаяж өгсөн юм гэсэнд өнөөх лам ч учрыг мэдлээ. Нэг ч амьд хятад орж ирээгүй юм чинь хятад чөтгөр ирсэн байна гэж мэдээд

— За тэр атгасан юмаа үзүүл гэв. Би гараа тэнийлгэн үзвэл нэг хятад янчаан байлаа. Өнөөх лам хуурай авчраад тэр янчааны хөвөөнөөс сэт хуурайдаж над өгсөн юм. Тэр бол янчаан биш, хуурамч юм болов уу гэж хардаж тийм тэмдэг тавьсан хэрэг. Тэр янчаан над одоо ч бий гэж бидэнд үзүүлж байсан. Хөвөөнөөс сэт хуурайдсан нэг мөнгөн янчаан байна билээ. Юань Ши - хайт байлуу, луу байлуу мартжээ.

1967.6.12


Ш.Лувсанвандангийн эхнэр Хандсүрэнгийн ах өвгөн ярьсан нь:

“Монголд ардын засаг тогтохоос урьд Гандан дээр Лүндэгдамба гэдэг лам байлаа. Тэр ламын хамаатны банди Чойнзин гэдэг арваад настай хүүхэд суудаг байжээ.

Тэр Чойнзин гэрээ их санаж мөрөөддөг байжээ. Гэр нь энүүхэн Бөхөг Түргэнд байсан юм гэдэг. Лүндэгдамба унтахдаа хашааныхаа хаалгыг цоожилдог байжээ. Нэг шөнө тэр банди гэртээ, Лүндэгдамбынд унтаад өглөө болсон нь Чойнзин алга байж гэнэ. Гэтэл хашааны хаалга цоожтой хэвээр байж гэнэ. Хашаа даваад оргосон юм уу гэж эрэл сурал болж байтал Чойнзинг Бөхөг Түргэнд байгаа эцэг нь Гандан дээр хүргэж ирж гэнэ. Учрыг асуувал Чойнзин Лүндэгдамбынд хоносны өглөө нь сэрэхэд Бөхөг Түргэнд байгаа гэртээ тулганы захад адсаган дээр унтаж байсан юм гэдэг. Тэр хүү унтаагаараа зүүдээрээ гэртээ харьсан хэрэг байжээ. Цоожтой хашаанаас яаж гарсан юм бол? Туулыг яаж гаталсан юм? Хэн ч мэддэггүй. Чойнзин өөрөө ч мэддэггүй. Ийм нэг хачин хэрэг Гандан дээр гарч их яриан болж байсан. Лүндэгдамба 1938-39 оны үед үрэгдсэн. Чойнзин одоо яасныг мэдэхгүй.

1969.10.12


НҮЦГЭН ХҮҮХЭН

Хужиртын амралтад амарч байсан тус сумын өвсний нярваар олон жил ажилласан 76 настай, гахай жилтэй өвгөний яриаг Ц.Дамдинсүрэн ийн тэмдэглэжээ.

— Та хүнээс сонссон үлгэр домог биш, үнэхээр өөрөө үзсэн, баримттай нэг чөтгөрийн тухай ярьж өгөөч гэсэнд түүний ярьсан нь:

— За би нэг үнэн бодитой чөтгөрийг ярьж өгье. Би өөрөө үзсэн үнэн зүйл юм шүү. 1937-1938 оны үед юмсан. Би Алтанбулагаас Базар жолоочийн кабинд суугаад Улаанбаатар орохоор гарлаа. Машинд нь дүүрэн ачаатай юм. Бас нэг ачааны машин хамт явлаа. Нөгөө жолоочийн нэрийг мартчихжээ. Базарын танил юм. Алтанбулаг Улаанбаатар хоёрын хооронд бараг газрын дунд орж явлаа. Нэг үдэш харуй бүрий болж байлаа. Намрын сүүл сар юмсан. Базар гэнэт машинаа тоормослолоо. Над хэлж байна:

— Энүүнийг харж байна уу? гээд зүүн гар тийш толгойгоо дохив. Би руль дээгүүр нь “Юу байдаг юм бэ?” гэж бодоод харсан чинь нэг чармаа нүцгэн хүүхэн гараа өргөөд зогсож байна. Зүүн талынх нь задгай урт үс салхинд хийсэж байна. Зэвхий цагаан царайтай залуухан хориод настай болов уу гэмээр хүүхэн юм. “Машинд сууя” гэж байгаа бололтой гараа өргөөд зогсож байна. Түүнийг хараад дотор нэг л эвгүй болоод явчихлаа. Тэгтэл ард явсан нөгөө машин Базарын зүүн гар талаар нь зөрж ирээд мөн зогслоо. Өнөөх нүцгэн хүүхэн тэр жолооч руу хараад бас гараа өргөж “Кабинд нь сууя” гэв. Тэр жолооч айхыг мэдэхгүй их зоригтой залуу юм.

— За тэг! гээд кабиныхаа үүдийг онгойлгоод өглөө. Тэгтэл өнөөх хүүхэн алга болчихлоо. Хоёр жолооч хоорондоо ярьж байна:

— Тэр гуайн /-гээд нэг жолоочийн нэр хэллээ. Би нэрийг мартчихжээ/ хэлдэг өнөөх нь энэ байна шүү дээ.

— Аан тийм байна. Болгоомжтой явалгүй горьгүй.

— Хоёулаа зэрэгцээд явъя гэж тэр хоёр ярилцаад хоёр машинтайгаа зэрэгцээд явлаа. Тэгтэл бидний өмнө нэг сайхан цагаан тэмээ бөмбөлзтөл хатирч явдаг боллоо. Тэмээ алга боллоо. Дараа нь араг үүрсэн, тоорцог малгай өмссөн хүрэн торгон дээлтэй хүүхэн хангинатал дуулаад бидний өмнө бас баахан явлаа. Тэгж байгаад алга болсон. Бидэнд хор болсон юм байхгүй. Тэр хоёр жолоочийн ярьж байсныг сонсоход тэр нүцгэн хүүхэн, олон жолоочтой дайралдаж байсан бололтой байлаа.

Хужирт сумын өвсний нярав өвгөн ийн ярив.

Ц.Д: Хийморь нь доройтсон, өвдөх үхэх хүнд л чөтгөр харагддаг юм гэх нь билээ.

Өвгөн: Үгүй, тэр худал байх. Бид хэн нь ч өвдөөд үхээгүй. Би өнөө 76 хүрчихээд зүгээр л явж байна.

Ц.Д: Тэр чөтгөр одоо бий болов уу?

Өвгөн: Байхгүй. Чөтгөр ер нь 2-3 жилээс илүү байдаггүй юм. Тэгээд л үрэгдэж үгүй болно.

Ц.Д: Яагаад тэр вэ?

Өвгөн: Сүнс нь өөр төрөл олж чигээ олоход тэр чөтгөр алга болно.

Ц.Д: Хүн бүрийн сүнс өөр төрөл олохын өмнө чөтгөр хэлбэрээр оршдог юм бол энэ ертөнц чөтгөрөөр дүүрмээр юм аа.

Өвгөн: Үгүй тийм биш. Үхсэн хүн бүр чөтгөр болохгүй. Гасалж гомдож сэтгэл санааны зовлонг хүчтэй эдэлж үхсэн хүний сүнс чөтгөр болдог бололтой юм. Би л тэгж санадаг даа. Зүгээр ерийн байдлаар үхсэн хүний сүнс чөтгөр болохгүй. Чөтгөрөөс айхгүй бол хорлож чадахгүй, айвал хорлогдоно. Чухамдаа чөтгөр хорлож байгаа хэрэг биш, айсан сэжиглэсэн сэтгэл нь өөртөө хор болж байгаа хэрэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]