Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Бууны МоюуУншсан50,736

Хожим дээд сургууль төгсөөд Мөрдөн байцаах газарт ирэхэд нөгөө Моюугаа би зүс мэддэг болсон юм. Криминалистикийн хэлтэст өндөрдүү нуруутай, ширүүн харцтай шар хүн байв.

Улс орны болоод хүмүүний намтар түүх өгүүлсэн, өөрөө түүх болж үлдсэн хуучны хөрөг ярилцлага, нийтлэлүүдийг манай сайт сэргээн уншигчдадаа цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа 90-ээд онд олон чөлөөт хэвлэл үйл ажиллагаа явуулж байх үед захиалагч, уншигчдынхаа тоогоор толгой цохиж явсан "Нүгэл буян" хэмээх сонины нэгэн ярилцлагыг онцолж байна. Ү.Хүрэлбаатар, Д.Энхбат нарын эрхлэн гаргаж байсан энэхүү сонинд нийтлэгдсэн "Бууны Моюу" хэмээх ярилцлагыг та бүхэндээ хүргэе. Ярилцлагыг Д.Энхбат хийжээ. Дашрамд энэхүү контентыг Монгол Улсын цагдаагийн байгууллагын 100 жилийн ойд зориулав.

Намайг Сэлэнгэд балчирхан цагдаа болчихоод сэргийлэхийн үнэнийг тогтоох шидтэй мэргэжилд суралцах хорхой асаж явахад Улаанбаатарт “Бууны Моюу” гэдэг мэдлэгтэй хүн байдаг тухай Сэргийлэхийн дотоодын болон нийтийн хэвлэл дээр цухас дурдагдаж, ахмад ажилтнуудын ам дамжсан үлгэр шиг яриагаар сургийг нь дуулж явлаа.

Хожим дээд сургууль төгсөөд Мөрдөн байцаах газарт ирэхэд нөгөө Моюугаа би зүс мэддэг болсон юм. Криминалистикийн хэлтэст өндөрдүү нуруутай, ширүүн харцтай шар хүн байв. Нэг их олон үг яриад байхгүй. Голдуу албаныхаа юмыг л хүмүүстэй ажил хэрэгч ярьж буй харагдана. Энгийн хууч дэлгэхдээ аливааг ёгтолж, шогчилж ярина.

Улс төрийн алдаа болно гэж айгаад бидний амнаас гарч өгөхөөргүй үгийг ч энэ сэргийлэхийн хошууч, намын даргын хажууд ч хамаагүй палхийтэл хошигнож хэлчихээд юу ч болоогүй юм шиг хэнэггүй зогсож байдагсан.

Дарга нар “Уг нь ч үнэн шүү“ гэсэн аястай нэг мушийснаа хурдан холддог байв. Хэрэв урлагийн газарсан бол хэдийн “гавьяат” авахаар ажил үүрэгтээ ааглуу авьяастай, нэр хүндтэй тэр хүнтэй жулдрай би сүрдэн харж, ойрхон өнгөрвөл хальт мульт ёсолж өнгөрөөхөөс бус үг солилцож явсангүй байсаар тэтгэвэрт гаргасан юм даг. Саяхан би өөрөө бас ч “эрийн цээнд” хүрч, ахмад үедээ орлоо. Одоо энэ хүнтэй нэг зорьж уулзаж, ярилцлагархуу юм авчихъя гэж бодоод гэрийнх нь утсыг авч учраа хэлж цаг тохироод очлоо.

Эхнэр нь болох буудлагын спортын мастер Цэцгээ надтай мэндлээд, “Өвгөн тэр өрөөнд байгаа, ор ор!” гээд мухрынхаа өрөөнд орууллаа. Ач нь гээд нэг “Үймээний эзэн” нүцгэн тонгочиж байна. Жирийн л нэг айл. Үнэтэй тавилга сервант, өнгө алагласан хивс алга, юм бүхэн туйлын даруухан илүү дутуу юмгүй.

Орны аравчны хоёр талд урт туузан дээр одон медалиуд багширтал зүүжээ. Нэг нь дан спортын том том дугуй медалиуд голчилсон нь Цэцгээ гуайнх бололтой. Нөгөө нь Цэргийн гавьяаны Улаан тугийн одон”, Алтан гадас одонгуудаар эхлэж, цэргийн медалиудыг спортын медалиуд залгасан нь Моюу гуайнх байж таарна. Эднийх ер нь спорт, хөдөлмөрийн гэр бүл.

Буудлага, гар бөмбөг, сэргийлэхийн тайвангүй албаны нөр хөдөлмөр, зүтгэл бүтээл бургилсан эх орны минь нэгэн гал амь. Архидалт, согтуу, хууль бус явдлыг хэзээний үзэж чаддаггүй, найзууд нь ч үнэртүүлчихээрээ Моюугаас айдаг гэнэ. Тэгсэн атлаа зочиндоо томоохон хундгаар аягалахаа мартдаггүй аж. Унтлагынх нь өрөө рүү биеэ цэнэсхийн зөөлөн гишгэлсээр өлийн ороход Моюу гуай орондоо бие тааруу гээд хэвтэж байлаа. Зунаас хойш арьсан дээгүүр юм гараад гээд хэвтэрт голдуу байгаа аж. Хийморьтой эрмэг эр хүнийг нас л дарахаас өөр юм дарж дийлэх биш дээ!

Сониныг маань сайшаан, шударга, үнэн юмыг ойлгомжтой бичдэг, сайн байна гэж надад урам өгч, яриагаа эхэллээ.

-Та ер нь аль нутгийн хүн бэ?

-Өө, чи бид хоёр чинь нэг аймгийнх юм байхчив. Би Хөвсгөл амйгийн Бүрэн сумынх. 1927 онд төрсөн. Нутагтаа 11 настайдаа сургуульд орж, долдугаар анги төгссөн. Хоёр жил өнжөөд цэрэгт ирсэн. Цэргээс... гэтэл эхнэр нь хажуугаас нь:

-Яагаав нөгөө явган харьснаа яриач! гэхэд, тэр ч хэрэг байна уу даа гэсэн янзтай мушийснаа:

Долдугаар анги төгсөөд Улаанбаатарт багшийн сургуульд сурч байгаад, өвөл нь хичээлээ хаяад оргоод харьчихсан золиг л доо. Би байгаль судлалын ангид орох сонирхолтой байтал тооны ангид хуваарилчихсан юм. Тэгэхээр нь дургүй хүрч харимаар санагдахаар нь 12 сарын хүйтнээр Улаанбаатараас ангийнхаа Цэдэн-Иш гэдэг хүүхэдтэй хоёулаа явган оргоод Хөвсгөл аймаг руу алхчихсан. 17 хоноод хүрсэн. Би өөрийгөө анхны явган аялагч байх гэж боддог юм. Хөвсгөл рүү чинь тэр үед одооных шиг машин зам энэ тэр гэж байх биш. Харин айл тааралддаг байсан. Нэгээс бусад 16 хоногт нь айлд хонож явсан юм. Тэр үед орой сургуульд ордог байсан болохоор би чинь 18 нас хүрчихсэн байлаа шүү дээ. Тэр намраа цэрэгт татагдаж ирээд, шууд Зөвлөлтийн Харьков хотод Зэвсгийн дунд сургуульд явсан. Шалгалт малгалт ч аваагүй. Тэр үед долдугаар анги төгссөн хүн гэдэг чинь ховор “эрдэмтний” нэг байлаа л даа. Надтай дөрөв төгсөө ч үгүй цэрэг явж л байсан юм чинь. 1947 он гэдэг маань дайн дуусаад удаагүй, хичээлийн байр маань гэхэд л сумны цоорхойтой хэвээрээ. Гурван жил суралцаад 1950 онд төгсч эх орондоо ирсэн. Хязгаарын цэргийн Баянцагааны отрядад зэвсгийн даргаар очсон. Дараа нь Ховдын Булганы отрядад, тэгээд удалгүй тайван цаг бэхжиж, анги салбарууд буугдаж, 1950 онд Цагдан сэргийлэхэд зэвсгийн байцаагчаар ирсэн. Тэр жилдээ криминалистикийн сургуульд ЗХУ-д явсан. Шалгалт шүүлэг ч гэж байсангүй. Нөгөө мэргэн хүүг “яасан” ч юм шиг телевизээр гараад байсан Болд гуай манай намын хороон дарга байсан. Тэр л надаас орос хэл хагас дутуу асуусан болсон. Бид хоёр хоёулаа орос хэлний мэдлэгээр адилхан юм чинь хэн ч хэнээсээ шалгалт авах вэ дээ. Тэгээд л явуулчихсан. Төгсч ирээд Цагдан сэргийлэхэд 30 жил ахлах шинжээчээр ажиллаад 1976 онд чөлөөнд гарсан.

-Зэвсгийн шинжээчээр төгссөн үү?

-Үгүй ээ, бид чинь бүх төрлийн шинжилгээг хийдэг байсан. Тэр үед шинжилгээ төрөлжөөгүй байсан үе. Сүүлд явцын дунд буу зэвсгийнхийг би голдуу хийдэг байсан. Зэвсгийн мэргэжилтэй болохоор надад их дөхүү, би ч дуртай байсан. Зэвсгийн шинжилгээ бол гарт орчихсон ажил учир надад төвөггүй байсан. Анхны шинжээчид чинь Гүндийжав, Сэлэнгэ, Дамба, Александр бид хэд л байлаа даа.

-Энэ хугацаанд олон янзын хэрэг учралтай таарч, олон янзын шинжилгээ хийсэн нь мэдээж, сонинд хэвлэлд гараагүй атлаа сэтгэлд ойр байдаг ганц нэг шинжилгээнээсээ хэлж өгөхгүй юу?

-За байз? Оныг санахгүй байна. Дарханд өөрийгөө егүүтгэсэн нэг явдал гарсан. Оршуулчихсан байсан. Сүүлд нь би очиж цогцсонд үзлэг хийж, тооцоо хийгээд “Энэ хүн өөрийгөө буудаагүй. Өөрийгөө буудах боломжгүй” гэж хэргийн бүх нотлох баримт, гэрч хохирогчдын мэдүүлгийн эсрэг дүгнэлт гаргаж өгөхөд хохирогчийн нөхөр миний дэргэд хэргээ арга буюу хүлээж байсан юмдаг.

Бас тээврийн хоёр аварга нэгийгээ буудсан хэрэг гарсан. Хэргийн гэрч баримтууд Самданг кабинд орж байхад араас нь Бат буудсан гэж тогтоосон. Шүүх эмнэлэг ч нурууны жижиг, гэдэсний том байгаа шинжээр араас бууджээ гэж тогтоосон байсан. Миний шинжилгээний дүгнэлт урдаас нь буудсан. Бүр буудалцах маягтай бууны гол төмрийг биедээ шахаж ойрын зайнаас бууджээ гэж тайлбарлахад Бат гэдэг нь намайг “Чи ер нь нэг газраас харж байсан байх” гэж билээ. Бууны хүчин чадал, зайнаас хамаарч сум орсон нүх гарснаасаа том байж болдог юм шүү дээ. Тэр  буу нь карбин байсан л даа.

Анх Оросын цэргийн ангиуд манайд ид орж ирж байхад нэг цэрэг нөгөөгөө хөнөөсөн хэрэг дээр намайг урьсан. Байлдааны АК автоматаар хэргийг үйлдсэн. Тэгсэн атлаа сумны нь хошуу гол төмөр дотроо ааглачихсан байж байсан. Цэрэг нь би энэ буугаар яах аргагүй буудсан гээд байдаг, нас барсан цэргийг сум нэвтлээд гарсан, тэгсэн атлаа сумны хошуу нь буунаас гараагүй гол төмөртөө бүтнээрээ байж байдаг. Тэд бүр гайхаж цөхөрсөн байв. Би үзлэг хийж байгаад гаднаас АК бууны 2 төө хэрийн сүмбэ олсон юм. Сүмбэ, тугалга, хонгионд иж бүрэн шинжилгээ хийгээд үзэхэд сүмбэний үзүүр рүү сумны хошууны урд хэсгээр цохисон нь шууд батлагдсан. Энэ чинь шинжлэх ухаан юм болохоор миний бодол хүслээс ч шалтгаалахгүй шүү дээ. Ингээд “Бууны гол төмөрт сүмбэ байсныг мэдэлгүй сумлаж буудсанаас сүмбэ нь хохирогчийг нэвт цохиж, харин сумны хошуу нь гаралгүй гол төмөрт тогтжээ” гэсэн дүгнэлт гаргасан. Бусад шалгалтаар ч энэ миний дүгнэлт бүрэн батлагдсан юм даг. Түүнээс хойш Зөвлөлтийн цэргийн ангиуд юм л гарвал намайг урьдаг, өөрсдийнх нь хойноос уригдаж ирсэн шинжээчид ч надаас асуудаг, зөвлөгөө авдаг болчихсон. Дарга нартай нь найз болж, Сансарын орос дэлгүүрээр ордог болж билээ.

Өмнөговьд эцэг нь өргөмөл хүүхдээ егүүтгээд оршуулчихсан байсныг шинжилгээгээр тогтоосон, мөн Р.Сайжаагийн эхнэр нярав хүүхэн 21 мянга гаруй төгрөг хулгайлсан гэх хэрэгт би шинжээчээр орж “Ломбыг Янжмаагийн бахиар хавчжээ” гэсэн дүгнэлт гаргаад, “Яалаа гэж хүн өөрийнхөө хариуцаж байгаа мөнгөнөөс аваад, өөрийнхөө лацны бахиар хавчиж байх юм бэ? Нааадах чинь Янжмаагийн өөрийнх нь бахиар хавчсан байна. Үүнийг дэргэдэх хүн нь л аваад хавчиж таарна” гэж шүүх дээр хүртэл хэлээд дийлээгүй. Шүүхээс Янжмааг “Би аваагүй шүү дээ” гээд уйлж бахираад байхад нь таслаад л шоронд хийчихсэн. Дараа нь Сайжааг ч барьж авч хэд хэд хорьсон юм! гэхэд Моюу гуайн авгай хөндлөнгөөс ярианд оролцож:

-Тэр орой Моюу, ёстой үнэн гэж даан ч алга, яасан хэцүү юм бэ? гэсээр шүүх хурал дээрээс ирээд, толгой дээгүүрээ дээл нөмрөөд хэвтээд өгсөн гэв. (Янжмаа гэдэг бүсгүйг өрөвдөж уйлсан л биз) Янжмаа нь тэр чигтээ шоронд галзуурч нас барсан. Дараахан нь Думбуруй генерал тэргүүтэй удирдлагууд энэ хэргийг Янжмаа биш, хамт ажиллаж байсан хүн нь хулгайлсныг нотолж мөнгө, хиймэл түлхүүр эд мөрийн баримтыг хурааж нотолсон юм даг. Сайжаа мөн ч цагаан сэтгэлтэй хүн шүү!

-Хошууч аа, өөр сэтгэл дундуур явдаг хэрэг бий юу?

- Нэг хэрэг бий. Би одоо болтол санаа зовж, өрц нухаж явдаг юм. Отгонбаярын хэрэг гэгч дээр би бас нэг шинжилгээнд оролцсон юм. Дугархорлоо чинь амиа хорлосон хүн биш ээ!  Калибрын сум чинь задардаггүй юм аа. Калибр (ТОЗ-8) буунд гавал цуулах хүч байдаггүй юм шүү дээ. Би буу сум эрх биш мэднэ дээ. Би тэр үед бүх мөрдөн байцаагч нараа шүүх прокурор гэрчээ цуглуулчих, би тарвага авчирч буудаад та нарын нүдэн дээр чинь үзүүлэе гэж хэлээд дийлээгүй. Энэ хэрэг хожим нь илрэх байлгүй дээ. Отгонбаярын шалгалт зөв замаар явж байсан байж мэднэ. Амьдрал хожим нь харуулнаа, харж л байгаарай! Энэ чинь миний хүсэл биш, надад захирагддаггүй шинжлэх ухаан, байгалийн хууль. Шинжлэх ухаан гэдэг чинь хэнд ч тал засдаггүй эд.

-Танд албаны хувьд сэтгэл дундуур зүйл бий юу? Таныг хориотой ан хийсэн гэж нэг хэл ам дуулдаж...?

- Харин тийм ээ, Намайг хориотой ан хийлээ гэж сонинд биччихэж, бөөн шуугиан болсон. Тэтгэвэрт гарах жил шүү дээ. Тэр үед сонин хэвлэлийн шүүмжлэлд төр засаг мэдрэмжтэй ханддаг байсан болохоор дор нь шалгалтын групп томилон бараг сар шахам явцгаасан байх аа! Их нарийн шалгаж, худлаа болохыг нь тогтоож өгсөн юмдаг. Надад төр засаг, цагдан сэргийлэх, хаана ч хэнд ч гомдсон юм огтхон ч байхгүй ээ!

Миний үед сахилга хариуцлага өндөртэй, шуналгүй, хамт олон гэж цэцэг цэврүү шиг улс байлаа. Анх намайг айл болоход Гүндийжав плитка өгч, Сэлэнгэ (хоёулаа эмэгтэй шинжээч) кострюл авчирч өгч айл болгож байж билээ. Миний үед ард түмний амьдрал баталгаатай сайхан ч байж дээ. Одоо бид хоёрын тэтгэвэр нийлээд байр гэрлийнхээ мөнгөнд дөнгөж хүрч байна. Дахиад үнэ хөлс жаахан нэмэгдвэл байрнаасаа хөөгдөх нь байна шүү!  Хамт олон маань дандаа ирдэг. Тэтгэвэрт байхад чиг хүн л ирээсэй гэж боддог болдог юм байна. Өчигдөр Оюунбат маань ирээд явлаа. Хөөе, Оюунбатыг заавал оруулаад биччихээрэй. Мэдлэгтэй, хүнлэг, даруухан, тусч ямар сайхан бүсгүй гэж санана аа! Ер нь тэгээд мэргэжил нэгт нөхөддөө цагдаагийн ажилсаг хамт олондоо баярлаж явдгаа илэрхийлж, ажилд нь амжилт хүсье гээд дамжуулаад өгөөрэй! гэж дахин дахин захисаар хэвтэртээ өндөлзсөөр үлдлээ.

Хөөрхий дөө! Шударга ариун цагаан үйлсийн төлөө бүхий л амьдрал хувь заяагаа зориулсан миний цагаан сэтгэлт ард түмний минь нэгэн хэлтэрхий!

Эзэмшсэн мэргэжил, эрдэм чадалдаа хатуу итгэлтэй, нэвт гаршсан монгол оюуны билгийн далай.

Хийсэн бүтээсэн үйлсийн үнэлгээ, гавьяа шагнал, гоё магтаалаар ч одоо яах билээ, ядахдаа сайхан сэтгэлтэй явсных нь төлөө амьдрал нь баталгаатай байдаг ч болоосой доо.

Д.Энхбат, 1994 он.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]