Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Азийн мэргэжилтэн" гэгдэх маршал Блюхерийн үхлийн шалтгаанУншсан15,389

Блюхер мөргөлдөөн болж байгаа газар нутаг дээр очоод Москватай холбоо барихаас зугтаж байсан ба 3 хоногийн турш ингэж муур хулгана болж байсан гэдэг.

ЗХУ-ын Алс дорнодын фронтын удирдагч маршал В.К.Блюхер нь иргэний дайны баатар, Хятадад цэргийн зөвлөхөөр олон жил ажилласан, Дорнод Хятадын төмөр замын мөргөлдөөнд ялж гавьяа байгуулсан, ер нь “Ази талдаа л №1” цэргийн мэргэжилтэн байлаа. Хэрвээ  Хасан нуурын тулалдаан гээч болоогүй бол Халх голын дайнд ЗХУ-ын цэргийн командлагчаар Георгий Константинович биш харин энэ “Азийн мэргэжилтэн” л ирэх байсан болов уу. Үгүй дээ л мэргэжилтэн маршал маань холоос үнэтэй заавар зөвлөгөө өгч байх байсан биз.

Гэвч энэ хүн Халх голд ирээгүй, ирэх ч аргагүй байсан ба учир нь тэрээр 1938 оны 11 сард алдарт Лефортофын шоронд үхсэн билээ.

Иргэний дайны баатар, ЗХУ-ын маршал Блюхер яагаад Сталинд адлагдав? Тэр Хасан нуурт юу гээч болсон юм бэ?

Дорнод Хятадын төмөр замын будлианд ялалт байгуулсны дараа ЗХУ-ын Алс дорнодын армийг удирдахаар очсон Блюхер (өмнө нь бас АДБНУ гэж байхад бас хэдэн жил болсон ) нийт 20-иод жилийн турш тэнд ажиллаж, амьдарч улсын батлан хамгаалах салбарыг хөгжүүлэх ажилд амь бие хайргүй зүтгэж, асар их амжилтад хүрч байгаа тухай урам зориг бадрам рапорт олныг төв рүү явуулж байсан билээ. Хасан нуурын тулалдаанаас өмнөхөн буюу 1938 оны 5 сард болсон Цэргийн зөвлөлийн их хуралд тавьсан Блюхерийн илтгэл нь мөн л иймэрхүү утга агуулгатай байсан ба нэг бус цаг үргэлжилсэн урт илтгэл байсан гэдэг.

Энэ үе бол Японы тусламжтайгаар байгуулагдсан Манж-Го улс бий болж хавь ойрынхонтойгоо хилийн маргаан хийж, энд тэндгүй элдэв жижиг мөргөлдөөн байнга гарах болсон цаг бөгөөд  эдгээр мөргөлдөөнүүд цаг улирах тусам,  бүр сүүлд Монголын нэгэн улс төрийн тоймчийн хэлж байсан шиг шатлан өргөжиж байсан цаг билээ. Харин Монголын тэр тоймч Персийн булан дахь дайн дуусаад 10-аад цаг өнгөрч байхад л дайныг шатлан өргөжүүлсээр байсан бол бидний ярьж байгаа үе буюу 1930-аад оны сүүлээр, Алс дорнодод хэзээ мөдгүй дайн гарч магадгүй болж, мөргөлдөөн, будлиан  нь жинхэнэ утгаараа шатлан өргөжиж байсан тийм л үе байлаа.

ЗХУ-ын Алс дорнод дахь НКВД-гийн салбарын удирдагч Генрих Люшков гээч зугтан гарч Япон ноёдын өмнө очин өч төчнөөн нууц мэдээлэл дэлгэснээс хойш буюу 1938 оны 6 сараас Хасан нуурын орчим байдал эрс хурцдаж эхэлсэн байдаг.  Орос Хятадын (Манж Чин улсын) 1886 оны гэрээгээр энэ бүс нутгийн хилийг тогтоосон байдаг боловч яг газар дээрээ хилийн шугамыг чухам нуурын эргээр юм уу эрэг дээр байрлах өндөрлөгөөр тооцох уу гэдэг нь бэрхшээлтэй байснаас энэхүү мөргөлдөөнүүд гарч байжээ.

1938 оны 6-р сарын сүүлчээр ЗХУ-дахь Японы хэргийг хамаарагч Ниси Хасан нуурын орчим дахь  Манж-Го улсын хил рүү орсон цэргүүдээ гаргах зэрэг шаардлага тавьж биелүүлээгүй тохиолдолд цэргийн хүч ч хэрэглэж болохыг ЗХУ-д сануулсан байна.

Байдал нэгэнт ийм дээрээ тулсан хойно Москва ч Алс дорнодын цэргүүддээ байлдааны бэлэн байдалд оруулах тушаал өгчээ.

Маршал Блюхер тушаал хэрхэн яаж биелүүлэв?

Тэрээр Москвагаас ирсэн Михелис мэтийн зарим нэг төлөөлөгчөөс нууцаар тусгай комисс гээчийг гарган хилийн будлианыг шалгуулахаар явуулсан ба тэрхүү комиссдоо (Блюхерийн цэргийн штаб ч энэ тухай мэдээгүй байсан гэдэг баримт бий) хилчдээс ганц ч хүн оруулаагүй байна. Комиссын шалгалтаар “ЗХУ-ын хилчид хил зөрчин, 3 метр (!) гаруй хил рүү орон төмөр тор татсаныг илрүүлэн, устгасан ба тухайн бүсийн хилийн цэргийн дарга нар болон бусад холбогдох этгээдийг яаралтай баривчлан хатуу шийтгэх” санал бүхий рапортыг Москва руу явуулжээ.

Барууны хэвлэлүүд энэ явдлыг түмний доог, шившиг гэж нэрлэсэн байдаг бөгөөд хамгийн гол нь хилийн нэгэн будлиан маань одоо ЗХУ бусдын хил рүү халдсан, түүнийгээ хүлээн зөвшөөрсөн  тухай явдал болон хувирсан хэрэг боллоо.

Ингээд 8-р сарын 29-нөөс эхлэн мөргөлдөөн маань жижиг хэмжээний дайн болж хувирсан ба япончууд 8 сарын 1 гэхэд нуурын эрэг дээрх хэд хэдэн өндөрлөгийг эзлэн авч бэхэжсэн байна. (нийтлэл маань Хасан нуурын тулалдааны тухай биш Блюхерийн тухай учир тулалдааны деталь ярихгүй)

Аль эрт байлдааны бэлэн байдалд байж, дайсныг дарах ёстой нөгөө Алс Дорнодын Фронтын арми нь арай чүү гэж мөргөлдөөний бүсэд очсон ба зарим явган цэргийн ангиуд бүр ямар ч зэвсэггүй ирсэн байдаг. Хэд хэдэн танк, их буу намгаар гарч чадалгүй зоогдсон бол Япончуудыг бөмбөгдөх ёстой агаарын бөмбөг дотор химийн бөмбөг хүртэл байсан байна.

Нэгэнт бэхэжсэн япончуудыг хөөхөөр ямар ч бэлтгэлгүй, яаран сандран хийсэн довтолгоо нь бүтэлгүйтэж толгодоор дүүрэн орос цэргийн хүүр үлдсэн гэдэг ба япончуудын эзэлж байгаа толгод, нуур хоёрын дунд гацсан цэргүүд яаралтай тусламж, нисэх хүчний дэмжлэг хүсэхэд Блюхер “нутгийн энгийн номхон Солонгос иргэдийг хохироохгүйн тулд” нисэх хүчин ашиглахыг хориглосон байна.

Хилийн мөргөлдөөний бүсэд ямар гээч энгийн номхон ард байсныг тодорхойлсон баримт байдаггүй гэдэг. 8-р сарын 1-нд Сталин Блюхертэй холбогдон Молотов, Ворошилов нарын хажууд  доорхи үгийг хэлжээ: “Нөхөр Блюхер! Та япончуудтай жинхэнээрээ тулалдах сонирхол байна уу, үгүй юу? Хэрвээ тийм хүсэл байхгүй бол коммунист хүний хувьд ил тод хэлэх хэрэгтэй, хэрвээ тулалдах сонирхолтой бол яаралтай очиж арга хэмжээ авах нь зөв гэж бодож байна” гэжээ.

Блюхер маргааш нь хил дээр очсон ба (маргааш нь гэдгийг зарим нэг нь их онцолдог боловч энэ нь цагийн зөрүүтэй холбоотой болов уу) ямар нэг тодорхой үүрэг даалгавар өгч удирдлагыг гартаа авах биш харин ч 1-р армийг удирдлагагүй болгож, замбараа муутай байсан юмыг бүр холион бантан болгож тавьсан байна.

Энэ талаар нэг сонин баримт байдаг билээ.

Блюхер мөргөлдөөн болж байгаа газар нутаг дээр очоод Москватай холбоо барихаас зугтаж байсан ба 3 хоногийн турш ингэж муур хулгана болж байсан гэдэг. Энэ үед холбооны хувьд ямар ч бэрхшээлгүй, Москва Блюхерээс бусад хэнтэй ч, хэзээ ч, хүссэн үедээ холбогдож байсан байна.

Москва Блюхерийн орлогч нарын нэг болох Штернээр цэрэг удирдуулан япончуудыг өндөрлөгөөс хөөх шийдвэр гаргасан ба 2 дахь оролдлогоороо буюу 6-9-ний хооронд өндөрлөгөөс япончуудыг хөөсний дараа 8-р сарын 11-нд япончууд хэлэлцээ хийх санал тавьжээ.

Блюхерийн армийн бэлтгэгдсэн байдал

Алс дорнодыг батлан хамгаалахад асар их үйлс бүтээж байсан гэх тэр маршалын бэлтгэсэн арми Хасан нуурын тулалдаанд ямархуу байгаа нь харагдсан билээ.

Огт буу, зэвсэггүй бүхэл бүтэн нэгтгэл (буудлагын 32-р дивиз) тулалдааны талбарт очсон, байлдааны сумтай холилдсон сургуулийн сум,  мөргөлдөөн болж байгаа орчны газрын зураг бараг байхгүйтэй адил, нисэх хүчин нь бөмбөгдөхөөр хөөрсөн хойно андуурч авчирсан химийн бөмбөг зөөж яваагаа мэдэж, хүнгүй газар хаясан, анги нэгтгэлүүдийн хоорондох уялдаа холбоо маш муу, танк их буу зэрэг хүнд зэвсгийн тулалдааны бус хохирол их...

Блюхерийн бэлтгэсэн арми ийм л байсан байна. Тэрээр өмнөхийг тооцохгүйгээр сүүлийн 9 жилийн турш Алс дорнодод бараг хаан байхдаа цэрэг дайны зориулалттай ганц ч зам бариагүй бөгөөд  томоохон дайн гарахад 2-3 хан гүүр дэлбэлээд  Алс дорнодыг Москвагаас бүр мөсөн тасалж болох байсан нь мөргөлдөөний дараа хийсэн мөрдөн шалгалтаар тодорхой болсон байдаг.

Дайны хохирол

Энэ жижиг дайнд ЗХУ-ын гаргасан тооцоогоор (ура-патриотууд иймэрхүү тоог хүлээж авдаггүй. Харин либералуудад маш сайхан тоо юм шиг ) ЗХУ-ын 792-980 цэрэг алагдсан (одоо хүртэл цогцос олддог), 2572 цэрэг шархтсан, 5 танк, 4 нисэх онгоцны хохирол амсжээ. Харин Японы 650 цэрэг алагдан, 2000 гаруй цэрэг шархадсан.

Японы талын тооцоогоор

ЗХУ-ын 1100 цэрэг алагдаж, сураггүй болсон, 3000 цэрэг шархадсан бол Япон 526 цэргээ алдаж 1000 гаруй цэрэг нь шархаджээ.

(Японы тагнуулын байгууллагын эзэн хаандаа явуулсан нууц мэдээгээр Хасан нуурын орчимд япончуудын хохирол бараг 2000 хүрч байсан гэдэг батлагдаагүй мэдээ энд тэнд явдаг.)

Хохирлын тоо хэмжээг харахад ЗХУ-ын хохирол нэлээд их байгаа мэт боловч япончууд хүнд техник хэрэглээгүй гэдгийг тооцох юм бол нөхцөл байдал бүр аймшигтай харагдах нь тодорхой байх.

Энэ дайнд ЗХУ ТБ3 бөмбөгдөгч хэрэглэсэн байдаг ба энэ бол стратегийн гэж хэлж болох хүнд бөмбөгдөгч . Дэлхийн 2-р дайны үед хэрэглэж байсан ЗХУ-ын фронтын бөмбөгдөгч  СУ-2, ПЕ-2, ТУ-2-оос хамаагүй том, хамаагүй илүү их бөмбөг тээх чадалтай “моралийн элэгдэлд” орж байсан тийм л онгоц билээ. Нэг дор 40 гаруй ТБ3 тэр хэдэн толгодыг бөмбөгдөхөд амьд юм үлдсэн нь юу л бол. Тэр толгод ч гэсэн.

Блюхер гэж хэн байв аа?

Алс Дорнодод 10-аад жил хамгийн том дарга байсан энэ хүн 3 удаа эхнэр сольж, хатуу юманд, ялангуяа коньякт дэндүү шунан дурласан гэдэг ба зарим нэгнийх нь яриагаар бүр “морь-сарлаг”-гүйгээр ганц өдөр ч байж чадахаа байсан, жинхэнэ тойрон хүрээлэгчтэй тийм л хүн байсан гэдэг. Хасан нуурын орчимд болсон мөргөлдөөний үеэр маршал маань  эрүүл ухаантай байж чадалгүй байсаар дууссан гэдэг ч хүн бий.

Нөгөө талаар Блюхерийг Японы тагнуул байсан гэдэг бөгөөд түүнийг яллах тогтоолд чухам ингэж заасан байдаг.  Алс дорнод дахь армийн офицеруудын дунд ийм яриа маш их байсан ба Япон дахь “хоёр талын тагнуул” (бүр 3 талынх ч байж магадгүй) Рихард Зоргегийн ирүүлсэн мэдээ дотор ч Блюхерийн тухай дурдсан байдаг билээ.

“Маршал Блюхер бол салан тусгаарлах бодол санаатай нэгэн гэсэн яриа энд их явдаг ба анхны шийдмэг хүчирхэг цохилтын дараа Японд ашигтай гэрээ байгуулахад Блюхер хэрэг болно гэж үздэг буурьтай хэсэг бий” гэж 1937 оны 12-р сард бичиж байжээ.

Ямар ч бай 1938 оны 8-р сарын 31-нд болсон Цэргийн зөвлөлийн их хурлаар Блюхерийг албан тушаалаас нь буулгасан ба 10 сарын сүүлээр баривчилсан байдаг. 8-р сарын сүүлээс 10-р сарын сүүл хүртэл энэ хүн салдаггүй архи дарснаасаа бүр ч салахаа больсон гэдэг ба 11 сард шоронд үхэхдээ архины солиорол, хэт хордолт зэргээс болсон гэх баримтууд бий. (шоронд зодуулж, бараг л Берия өөрөө зодсоор байгаад алсан маягийн юм интернэтээр их бий)

Хасан нуурын тулалдаанаас япончуудын авсан сургамж нь Оросууд 1904-1905-оны дайнаас ахиагүй, мөн л зохион байгуулалтгүй, маневрлан байлдах чадвар сул гэсэн дүгнэлт байлаа. Гэхдээ мөргөлдөөний цар хүрээ, газар нутгийн орчин нөхцөл бүрэн дүүрэн дүгнэлт хийхэд хангалтгүй байсан ба чухамхүү дараагийн томоохон дайнаар ЗХУ-ын Ажилчин Тариачны Улаан Армийн хүчийг шалгасан билээ. Тэр дайн бол Монгол Улсын дорнод хил дээр болсон Халх голын дайн байв.

Хасан нуурт ЗХУ-ын мянгаар тоологдох цэргийн амиар тоглосон, магадгүй Халх голын дайны эх суурийг тавилцсан байж болох Блюхерийг  1956 онд Хрушев  гэм буруугүй гэж үзэн цагаатгасан байдаг.

Хрушевын цагаатгалын үеэр Блюхер хэмээх хүний тухай дахиад эерэгээр ярьж эхлэн, цуст Сталины золиос болсон тухай суртал ухуулга сайн явсан нь мэдээж. 

1990-ээд онд ЗХУ задран бутарсны дараа либералууд  Блюхерийг ямархуу өөдгүй хүн байсан тухай шуугиж байсан бол (тэр үед сайнаар яригдах хүн байгаагүй), Сталины бузар булайг уудалж эхлэх үед Блюхер эргээд хэлмэгдсэн, хохирсон хүний нэг төлөөлөл болдог.

Ингэж цаг үеийн бужигнаан болгонд яс нь өндөлзөж байдаг хүмүүсийн нэг болох Блюхерийн тухай, Хасан нуурын орчимд болсон мөргөлдөөний тухай ноён нуруутай бичих гэж чадан ядан хичээлээ.

Нийтлэлийг "Чалчаа саарал"

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 4 сар 19. 13:25
Ш жаажаа

Маш үнэн зөв сэтгэлд нийцлээ

2017, 12 сар 22. 13:33
Зочинgut

Horosho

2018, 2 сар 2. 21:35
Зочин

за ямартай ч Орос зөвлөлтийн анхны 5 маршалийн 1 юмдаг.

2018, 1 сар 31. 9:33
Зочин

Блюхер хөгийн гар байжээ. Дайн болоход хамгийн түрүүнд чацгаа савируулаад очиход бэлэн маршал байжээ. Зөвлөлтийн цэргийн нэр хүндийг шороотой хутгасан арчаагүй новш байжээ.

2018, 2 сар 5. 12:03
Зочин

блюхерийн хэрэг нууц биш болоод удаж байна. урвасан нь нотлогдсон.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]