Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1911 онд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жабзундамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн зурвас үеийг хамруулан ойлгоно.

Орос Монголын 1912 оны найрамдлын гэрээний бодит үнэнУншсан7,588

Орос Монголын хооронд ийм гэрээ байгуулагдсан явдал нь өөрөө монгол хятадын хооронд тогтсон байсан урьдын харилцаа ул болж, түүнд цэг тавьсан төдийгүй, Шинэ Монгол улс дэлхийн аль ч улс оронтой эн тэгш харилцах боломж нээж өгсөн юм.

Доктор О.Батсайхан, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон Улс судлалын хүрээлэн

Зорилго

 1912 оны 11 дүгээр сарын 3- нд байгуулсан Орос Монголын Найрамдлын гэрээний чухам үнэн байдлыг тодруулж, уг гэрээний учир холбогдол, Монголын түүхэнд оруулсан түүхэн үүргийг үнэлж дүгнэлт өгөхөд энэхүү өгүүллийн зорилго оршино.

Оршил болгох нь

 

1911 оны зун цаг Халхын Живзундамба хутагт ба дөрвөн хаадаас бүх Монгол үндэстэн нь манж хятадын дарлал дор тэсэш үгүй болсон учрыг гаргаж, тусгаар улс байгуулахад тусламжыг гуйж Орос улсын хаанд бичиг өргөжээ. Энэхүү бичигт: Шашиныг мандуулах амьтаныг жаргуулагч Жавзандамба лам Халхын Түшээт хан Дашням, Сэцэн хан Навааннэрэн, Засагтхан Содномравдан, Сайн ноён Намнансүрэн нар хичээнгүйлэн Их Орос улсын их цагаан хааны амгаланг эрж: «ойрноос нааш хятад түшмэд эрх барьж улсын хэргийг элдвээр самууруулахын дотор ялангуяа шинэ засгийн дүрэм хэмээн нэрийдэж завшаан дор Монгол газрыг ашиг тариа хэмээх зэргээр эзлэн хуучин хэв суртлыг халж эрх хүчийг бууруулан бүрэлгэх нь үнэхээр гашуун» хэмээн тэмдэглэж, «Их Орос улс дор шүтэж бага улсын ёсоор харилцан туслалцваас бидний хуучин хэв суртал алдагдах үгүй» хэмээгээд «агуу өршөөлөөр нигүүлсэн үзэж даруйхнаа хамгаалан туслахыг их ганд бороог хүсэх мэт сүсэглэн гуйж» бичиг өргөн тусгайлан жанжин чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд түшмэл Хайсан нарыг элч төлөөлөгчөөр зарж явуулсан хэмээн дурьджээ.

Хаант Оросын эзэн хаанд өргөсөн энэхүү айлтгал бичгээс гадна манж хятад түшмэд «эрт эдүгээ дор олон Монголыг хилс бэрхээр дарлан зовоож хашруулан бүхий учирыг эдүгээ бидний мэдсэн амссан төдийгээс товчлон гаргаж мэдүүлэх нь» хэмээсэн 21 зүйл тайлбар буюу санамж бичгийг Хаант Оросын Гадаад явдлын яамнаа илгээсэн байна. Энэхүү тайлбар 21 зүйлийн дотор Монголын дотоод байдал, гадаад нөхцөлийн талаар нилээд бодитой үндэслэлтэйгээр дүрсэлсэн байх бөгөөд ирээдүйд Хаант Оросод үзүүлж болох хөнгөлөлт дэмжлэгийн талаар хүртэл дурьдсан байна. Єөрөөр хэлбэл Орос улсыг түшэхэд манай Монголчуудад ашигтай байхаас гадна Оросын ашиг сонирхолд нийцэх боломжтой болохыг учирлан тайлбарласан юм. Эл бичгийн нэгдүгээр зүйлд: «Манай Монгол хан вангуудаас дараалан засаг ба засаг бус олон түшмэд хэргэм тушаал залгамжлах зэрэг жинхэнэ хууль ёсоор явуулбаас зохих хэрэг зүйлд хятад түшмэд ямагт өчнөөн түмэн мянган лан мөнгө албадан хяхан авч сая айлтгаж залгамжлуулах болсон бөгөөд хэрэв мөнгө зоос үлэмж хараахан тушааж чадахгүйг нь боогдуулан хойшлуулсаар энэ хэр зэргэ залгамжлан чадаагүй өчнөөн төчнөөн жилээр хүлээсэн засаг ба засаг бус ихээхэн бага түшмэд маш олон» гэж мэдүүлжээ.

Мөн гуравдугаар зүйлд, «Иргэн Монгол харилцан холбогдсон хэрэг зүйл байхул чухам алины үнэн ташааг магадлахгүй ямагт Монголыг дарлан мушгиж, эд юмыг аван хилс гүжир ял оноон алах цөлөх зэргээр шийтгэх нь нэн олон болж» манж хятадын дураар аашлах нь хэрээс хэтэрснийг тоочин хэлжээ.

 

Эл бичгийн дөрвөөс ёс дүгээр зүйлүүдэд «Монгол газар олон иргэнийг элсэн хуруулж, муж байгуулан олон хятад түшмэдээр эрхийг бариулан Монголын олон засгуудын эрх хүчийг бууруулан хасаж» Монголчуудын «эрхэмлэх шарын шашины үндэс охь манлайн баруун зуугийн зальхай хэдэн түшмэд эзлэн завшиж», манжийн төрийн шинэ засгийн бодлого явуулахдаа Монголын шарын шашны сүр хүчийг бууруулж, шүтээн тахилгыг нь сүйтгэж «манай шарын шашинг үнэхээр үнэ үгүй хөнгөн болгож» эхэлсэн нь Монголын ноёд лам нар төдийгүй жирийн сүсэгтэн олны дургүйцэлийг хүргэсэн байна. Ийхүү 21 зүйлт бичгийн эхний хэсэгт Монголчуудын аж амьдрал доройтож, «Монгол иргэн харилцан ураг барилдах ёсонгүй бөгөөтөл одоо шинэ засгаар шалтгаалж хуучин хуулийг халах» зэргээр үндэсний зан заншил алдагдахад хүрэх аюул бодитойгоор тулж ирснийг тайлбарлан, Монголын нийгэм бүхэлдээ хөдөлгөөнд орсныг тэмдэглэсэн байна.

Орос Монголын хил залгаа орших газарт «хятадаар тариа тариулж завдмагц харуулын Монгол цэргийг татаж хятад цэрэг суулгаваас орос Монгол харилцан найралдаж чадахгүй болно хэмээн зөвлөж буй» төдийгүй «Хөлөн буйрын захын арван илүү харуулын Монгол цэргийг татаад хятад цэрэг суулгасаар хэдэн жил болсон» нь манай орос Монгол хоёрын харилцан туслалцах явдлыг таслая хэмээсэн маш хортой санаа мөн хэмээн тэмдэглэжээ.

Мөн бичгийн 11 дүгээр зүйлд «Манай Монгол манж улсад дагаж орсоноос хойш олон зальхай иргэд маймаа худалдааны учир өөрсдийн юмыг онц их үнээр худалдан өгөх бөгөөд манай Монголын мал юмыг боогдуулан хялбар үнэ дор авах ба мөнгө зээлдүүлвээс хүүнээс хүү үржүүлж авсаар манай Монголыг нэгэнт яс чөмгөнд хүртэл ядруулсан бөгөөтөл одоо шинэ засаг хэмээн нэрийдэж олон зүйлийн юмаас цөм гааль татвар хурааж улмаар мөлжин элдэв зүйлээр үрэгдүүлэн бүхий нь манай Монголын хүчин яахин тэсэх билээ» хэмээн манж хятадын талхидал Монголд юу үлдээснийг үнэн мөнөөр нь дүрслэн харуулжээ. Иймээс Монгол үндэстэн өөрийн эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэлд нийтээрээ эрслэн босох болсоныг тэмдэглэжээ.

Цаашид манж хятадын дарлалыг тэвчихүйеэ бэрх болсоноос үүдэж Монголын ноёд, засгуудын бодол санаа уул улсаа сэргээн мандуулах талаар нэгдэн улмаар «Богд лам эхлэн дөрвөн хан олон ноёдын зөвөлгөөнийг» хийлгэсэн талаар мэдээлж, энэ талаар «манж хятадын этгээд сонсож мэдсэн нь магад буй за» гэж манж хятадын зүгээс хараа хяналттай тулгарч байгаагаа дурссан байна.

Монгол нийтээр тусгаар улс болохоор шийдвэрлэсэн тухай өгүүлэхдээ: «Манай олон хан ван засгууд олноор санаа нийлж Монгол бүхний оройн чимэг Богдыг хаанд өргөмжилж Монгол улс болон Их улс дор түшиглэн ач тусыг шүтэж ашиг зовлонг хамтатган үүрд найртай сайнаар явахыг хүссэн билээ» гээд боломжоор Их улс «дээрээс нигүүлсэн толилж» туслах ажаам уу хэмээн санамж бичгийн 15 дугаар зүйлд тэмдэглэжээ.

Монгол Орос хоёр ойрын ирээдүйд: Нууц болзооны гэрээ бичиг байгуулж болох бөгөөс тэр гэрээнд Монголын газар яахин Оросын худалдаа гүйлгээ, төмөр зам хийх өртөө байгуулах алт мөнгө зоорь нээлгэх бичиг цэргийн сургууль байгуулах зэрэг зүйлийг нарийвчлан хэлэлцэж тогтоож болох тухай ч бас энэхүү санамжинд өгүүлжээ. Монголын тал орос худалдааг Монгол газар өрнүүлэхэд урьдаар бэлтгэн авбаас болох болбу гэх зэргээр өгүүлсэн байна.


Монголчууд 1911 онд тусгаар тогтнолоо тунхаглан зарласан нь

 

Түр Засгийн газраас Монголын төр засгийг төвхнүүлэх ажлын хүрээнд Монгол улсын хаан ширээнд Богд гэгээн Жавзандамбыг залж, суулгах их ёслол хийх өдрийг бүх Монгол даяар зарласнаас гадна Хүрээнд суугаа Хаант Орос улсын консулд албан ёсоор мэдэгджээ. 1911 оны өвлийн тэргүүн сард Түр засгийн газраас Их Орос улсын ерөнхий консулд явуулсан бичигт: «энэ жил зуны цаг манай Халхын дөрвөн аймгийн хан ван, гүн, олон засгууд шарын шашныг өрнөөн дэлгэрүүлэх ба улс төрөө бататгахыг бүгдээр санаа нийлж, зөвлөлдөн Богд гэгээнийг Монгол улсын хаанд өргөмжилж эрдэнийн сууринд залж ёслон мөргөж, их төрийн ёслолыг гүйцэтгэх өдрийг энэ цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9 ний барс цагт тогтоосон учрыг Оросын эзэн хааны засгийн газар уламжилна уу» хэмээжээ.[iii]

Эрдэнэ ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Гүн Хайсан нар Орос улсын нийслэл Петербург хотод хүрч, Орос улсын Засгийн газарт өөрсдийн зорьж ирсэн тусгаар улс төрийг байгуулан тогтоох явдлыг зөвшөөрөн хүлээж, батлан хамгаалах тусламж үзүүлэхийг гуйсан хэргээ танилцуулан, тусламж эржээ[1]. Орос улс уг хэргийг зөвшөөрөн хүлээж, даруй батлан хамгаалж туслах явдлыг илэрхийлсэн байна.

Монголчууд сайн өдрийг сонгон хүлээж, Монголын төрөө тунхаглан зарлахад хэн хүнгүй бэлдэцгээсэн байна. Холынхоос нь хэмээвэл, “Халхын өмнө, умар хязгаарын ойр зэрэгцэн суусан Дариганга, Хөвсгөл нуурын Урианхайн бүгдийн дарга Сономдовдон, Хишигжаргал нараас тус тусын Богдын лүндэн зарлигийг чин үнэнхүүгээр итгэн биширч соёлд багтахыг харьяа ардууддаа зарлаад өршөөлийн дотор агуулах явдлыг хичээнгүйлэн гуйсугай”[2] хэмээсэн бичгийг Хүрээний хэргийг шийтгэх газарт ирүүлсэн байв.

Халхын дөрвөн аймгийн хан, чуулганы дарга, жанжин, дэд чуулганы дарга, хэбэй, олон засаг ван, гүн, хутагт, хувилгаад, тайж түшмэд ардуудын төлөөлөгчид Хүрээнээ цугларан “Монголын төрийн орд, Дотоод, Гадаад, Цэрэг, Сан, Шүүх таван яамны байгуулалтыг урьдаар засацгаан бэлтгэхэд төв гэрүүдийг цөм Монгол гэр үйлдэн”[3] бэлджээ.

 Ийнхүү товлосон ёсоор Монголын цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9 бөгөөд европ тооллын 1911 оны 12 дугаар сарын 29 ны өдрийн 11 цагт Монгол улсын хаан ширээнд Богд Жавзандамба хутагтыг өргөмжилснөөр төрийн их ёслол эхэлж байжээ. Мөн шавь охин эрдэнэ сэцэн Цагаан Дара Дондогдуламыг улсын эхэд өргөмжилсан байна.

Энэ бол Монгол улс Манжаас салж тусгаар улс болсноо тунхаглан зарласаны илэрхийлэл байлаа.


Найрамдлын гэрээ байгуулахын өмнөхөн үе

 

Дөнгөж тусгаар тогтносон Автономит Монголд өөрийн хувь заяаг Орос оронтой холбох үндэслэл байсан бол Орос орон ч гэсэн Монголыг гойд сонирхох хангалттай үндэслэл байсан юм хэмээн И.Майский 1921 онд бичжээ.

Тухайлбал Монгол орон Оpост юугаар хэрэгтэй байсан талаар хоёр зүйлийг хэлж болох юм, нэгдүгээрт, эдийн засгийн хувьд, Монгол орон мал болон мал аж ахуйн түүхийн эд Оросын зах зээлд нийлүүлэгч байхаас гадна уул уурхай байгалийн баялгийн эх сурвалж болж байсан юм. Хоёрдугаарт, Монгол орон Оросын хувьд улс төрийн онцгой ач холбогдолтой байсан. Хятад энэ үед дотооддоо хагаралтай байж, европийн соёлд дасан зохицох гэж зовж байгаа билээ. Дээр дурьдсан зүйлүүдэд үндэслэн Орос улсаас Монголын талаар баримтлах ерөнхий чиг шугамыг харж болох бөгөөд тэр нь Орос орны хувьд Монголын төрийн тусгаар тогтнолыг тодорхой хэмжээгээр хадгалах нь онцгой чухал байсан, Монгол орныг буфер маягаар барьж байх сонирхол Хаант Оросын төрд байсан хэмээн Майский үзэж байжээ.[iv]

Хятадын эрхтэнүүд Оросын элчингийн хооронд Монголын асуудлаар маргаан болж байх завсар Бээжин дэх Оросын элчингийн дэвшүүлсэн саналыг Оросын Гадаад явдлын яам нааштай хүлээн авч, Орос Халхын хооронд байгуулж болох хэлэлцээрийн төслийг боловсруулан Засгийн газраар хэлэлцэж, эзэн хаан хоёрдугаар Николайд танилцуулахад «Яаравчлах хэрэгтэй» хэмээн тэрээр цохжээ. Эзэн хааны өгсөн зааврын дагуу Оросын Сайд нарын Зөвлөлийн тусгай хуралдаанаар 1912 оны 8 дугаар сарын 2 нд хэлэлцэж Гадаад явдлын яамны сайдын саналаар Монголын асуудлаар Хятадтай явуулж буй хэлэлцээг тасалж, Хүрээтэй нууц хэлэлцээг эхлэх шийдвэр гаргажээ.[ү] Орос улсын Сайд нарын Зөвлөл 1912 оны 8 дугаар сарын 2-ны хуралдаанаар Монголтой байгуулах гэрээний асуудлыг «Хүрээний хутагт ба халхын ноёдтой байгуулах гэрээний тухай» гэсэн нэрийн дор авч хэлэлцэн гаргасан шийдвэртээ «Монголын асуудлаар азнах явдал улам бүр осолтой болсоор» байна гээд энэ байдлаас гарах «сайн арга шийдвэр гэвэл Орос, Халхын хооронд дипломат гэрээ байгуулах явдал мөн гэж» заасан байна. Бэлтгэж байгаа гэрээг Монгол улстай байгуулах гэрээ хэмээн нэрлэхгүйгээр зөвхөн «Хүрээний хутагт ба халхын ноёдтой байгуулах гэрээ» гэж томьёолохын хамт гэрээгээр Монголын тунхаглан зарласан тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч бататгах бус тодорхойгүй, бүрхэгдүүхэн «Халхын ёс журам» гэдгийг хадгалан байлгахыг Орос улс амлах, «Дотоод Монгол ба баргаас Хүрээний засгийн газарт дагаар орох тухай зарлан тунхагласан зарим зүйлийг одоохондоо уг хэлэлцээрийн гадна орхих» зэрэг үндэслэлүүдийг баримтлах чиглэлийг уг шийдвэрт тусгасан байна.[vi]

Энэхүү шийдвэр нь Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийсэн боловч гэрээ байгуулах субьект нь «Орос ба Монгол» гэсэн хоёр этгээд байх бөгөөд хэлэлцээнээс гарах баримт бичиг нь олон улсын хууль зүйн хэм хэмжээнд ямар нэгэн байдлаар нийцсэн дипломат гэрээ байх нь магад тул Монголын хувьд олон улсын харилцааны талбарт гарах чухал ач холбогдолтой байх нь эргэлзээгүй хэрэг байлаа.

Энэ бол асуудал Монголын талд ашигтай эргэх нэг шижим болсон юм. Мэдээж Орос улсын өөрийн ашиг сонирхлын асуудалыг урьдач болгож байсан хэдий ч Монголчуудын хувьд ийм замыг сонгох нь ашигтай байлаа. Үүнийг Монголын төрийн зүтгэлтнүүд сайтар ухаарч байсан юм. Орос улсын төрийн зүтгэлтнүүд, Гадаад яамны сайд Монголтой шууд харилцаж, хоёр орны хооронд хэлэлцээр байгуулах асуудлыг түргэвчилж эхэллээ. Чингэхдээ үүнээс өмнө ч Орос Монголын хооронд шууд харилцаа нэгэнт эхэлсэн байсаныг тэмдэглэх нь зүйтэй.

Орос улс Монголтой шууд хэлэлцээр хийхээр нэгэнт шийдсэн тул даруй ажилдаа орж, энэ хэлэлцээг явуулах тусгай төлөөлөгчөөр туршлагатай дипломатч И.Я.Коростовецийг томилсон тухайгаа 1912 оны 8 дугаар сард Монголын Засгийн газарт мэдэгдсэн байна. Монгол улсын Хаан Богд Жавзандамба, Сайн ноён хан Намнансүрэн тэргүүтэй Засгийн газар хоёр улсын хооронд Найрамдлын гэрээ байгуулах тухай умард хөршийн саналыг таатай хүлээн авч, эл хэлэлцээрийг явуулахаар тусгай элчин сайд Коростовецийг илгээсэнд Орос улсын хаан эзэнд талархаж буйгаа илэрхийлжээ.[vii]

Энэ бол дөнгөж саяхан тусгаар тогтнолоо тунхаглан зарлаад дэлхийн улс орнуудад өөрийн бие даасан байдлаа хадгалах үүднээс дэмжлэг эрээд байсан Монголчуудын хувьд том завшаан болсон юм.

Монголтой гэрээ байгуулах талаар Оросын Засгийн газраас хийсэн дараагийн арга хэмжээ нь Оросын Гадаад явдлын яамнаас 1912 оны 8 дугаар сарын 23 нд Оросын бүрэн эрх барих төлөөлөгч И.Коростовецэд өгсөн заавар байлаа. Тэрхүү зааварын эхэнд: Монголын асуудлаар Орос улс Хятадтай хэлэлцэн тохироход чиглэсэн үйл ажиллагаа «ямар нэгэн мэдэгдэхүйц үр дүнд хүрсэнгүй», энэ нь хятадууд «Монголын тусгаар тогтнолыг хүчээр устгах» зорилгоор «Монголын ноёдын дунд яс хаях», Монголд «цэргийн ангиудыг явуулахаар бэлтгэх» зэрэг үйл ажиллагаатай холбоотой, үүнээс үндэслэн Орос улс Монгол дахь байдал өөрчлөгдсөнийг үл харгалзагч хятадуудтай хэлэлцээ хийж болохгүй боллоо» гэж тэмдэглэжээ. [viii]

Цааш нь бичихдээ: Оросын эзэн хааны Засгийн газар Хүрээний Засгийн газартай шууд харилцах замд орж түүнтэй гэрээ байгуулахаар шийдвэрлэлээ гээд Хаант Оpосоос Монголд явуулах бодлогыг “манай хязгааpтай хил дэpлэх энэ мужид цэpгийн хүчтэй улс байгуулахгүй байхыг эpмэлзэх” явдал хэмээн тодоpхойлоод “тавьсан зоpилгоо хэpэгжүүлэхийн тулд 1. Халхад үндэсний эpхийг олгох, 2. Тэнд хятадын цэpгүүдийг оpуулахгүй байх, 3. Халхыг хятадуудааp колончлуулахгүй байх гэсэн гуpван нөхцлийг хангахааp төлөвлөж байна”[ix] хэмээн мөн зааваpтаа дуpьдсан байна.

Оpосын худалдаа- үйлдвэpийн чиглэлийнхэн улс төpийн сониpхлоос илүү эдийн засгийн ашиг сониpхлоо уpьтал болгож, Монголын түүхий эдийг дангааp ноёpхох бодлого агуулж байсан бөгөөд үүний улмаас Засгийн газpаасаа Монгол дахь оpосуудын худалдааны илүү таатай нөхцөл, онцгой эpхийг хуульчилж өгөхийг шааpдаж байсан юм. Энэ нь 1912 оны 10 дугааp саpд Монгол-Оpосын хооpонд байгуулсан Найpамдлын хэлэлцээp, 1915 оны Хиагтын гэpээнд тусгалаа олсон гэдгийг тэмдэглэх нь зүйтэй юм.


1911 оны дараах үеийн Монголын байдал

 

Энэ үеийн Монголын тусгааp тогтнол, бие даасан байдлын асуудал чухам ямаp байсныг Оpосын Монгол судлаач В.Л.Котвичийн тодоpхойлснооp үзэх аваас, тэpээp Монголын дотоод болон гадаад нөхцөл байдлыг нилээд бодитой мэдэpч байжээ хэмээн үзэж болох мэт. Котвич 1911 оны 12 саpын 30-ны өдөp Буpдуковт бичсэн захидалдаа: “Монголчууд өөpийн тусгааp тогтнолоо хадгалж, хамгаалж чадах эсэх талааp хэлэхэд тун хэцүү байна. Бүpэн хэмжээгээp баpаг л үгүй болов уу. Хэpэв Оpос оpон бага зэpэг туслах аваас нэг хэсэг эpх олж авч чадах буй за. Гэвч Бээжингийн засгийн газpаас бага хэмжээнд ч гэсэн хамааpч байх бололтой, үнэхээp хятадууд Монголын дотоод хэpэгт оpолцохгүй тохиолдолд шүү”[x] хэмээн бичиж байсан бол 1912 оны зун Монголд иpснийхээ даpаа тэpээp: “Улс төpийн өөpчлөлт аpд түмний амьдpалд өөpчлөлт авчиpсангүй. Маш ядуу, хүнд байдалд байна. Єөpийн тусгааp тогтнолоо тунхагласан боловч тэд хаpах хандах хүнгүй хүүхдүүд шиг л байна” хэмээн бичсэн байна. Оpосын нэpт эpдэмтэн, Монгол судлаач Б.Я.Владимиpцов 1912 оны 6 саpын 25 нд Буpдуковт бичсэн захидалдаа: Оpос оpон Монголд юм хийх гээд байгаа мэт боловч үнэн хэpэг дээpээ гадаадын хүчнүүд, түүний дотоp Японы эсэpгүүцлээс айгаад юу ч хийж чадахгүй байна гээд “Монгол оpон Оpос оpонд , Сибиpьт ямаp их чухал хэpэгтэй болохыг Оpост хэн ч ойлгохгүй байна. Монголын тухай мэддэг хүн ч байхгүй шүү дээ. Монгол чинь Манжууp биш гэдгийг ойлгохгүй. Гэвч сүүлийн үед аажмааp нийгмийн дунд ойлгож эхэлж байх шиг байна.” гэжээ.

 

Үнэн хэpэг дээpээ Оpосын Монголын талааp баpимталж байсан бодлого 1907, 1910, 1912 оны Оpос- Японы Алс доpнод дах нөлөөллийн бүс хуваах тухай нууц хэлэлцээpүүдийн агуулгааp тодоpхойлогдож байлаа. 1907 оны 7 дугааp саpын 30-нд байгуулсан Оpос Японы улс төpийн гэpээ нь Алс Доpнод дахь их гүpнүүдийн шинэ хаpьцааг тусгаж, Манжууp, Солонгос, Монголыг нөлөөнийхээ хүpээнд хувааpилсан энэхүү баpимт бичиг нь нээлттэй, нууц хоёp хэсгээс бүpдэж байсан бөгөөд нууц хэсгийн 3 дугааp зүйлд: “Гадаад Монгол дахь Оpосын тусгай сониpхлыг хүлээн зөвшөөpөхийн хамт эдгээp сониpхолд хаpшилж болзошгүй оpолдлогоос түдгэлзэх үүpэг авсан” байна.[xi] 1910 онд хоёp этгээд уг гэpээгээ дахин баталсан билээ. 1912 оны 6 дугааp саpын 25-нд мөн асуудлааp Оpос Япон хоёp улсын байгуулсан гуpав дахь нууц гэpээний 2 дугааp зүйлд заахдаа: “Євөp Монгол нь Бээжингийн уpтpаг (Гpинвичээс зүүн тийш өpгөpөг 116:27 ) -ийн зүүн баpуун хоёp хэсэгт хуваагдана. Оpосын эзэн хааны засгийн газаp нь дээp дуpьдсан уpтpагаас зүүн тийш оpших Євөp Монголын хэсэг дэх Японы тусгай ашиг ашиг сониpхлыг зөpчихгүй үүpгийг хүлээнэ. Японы эзэн хааны засгийн газаp нь дуpьдсан уpтpагаас баpуун тийш оpшдог Євөp Монголын хэсэгт Оpосын тусгай ашиг сониpхлыг зөpчихгүй үүpгийг хүлээнэ” гэсэн байна.[xii] 1911 оны 8 дугааp саpын 2-нд А.А.Неpатов В.Н.Коковцевт хандан: “Алс доpнодахины манай бодлогын үндэс нь Японтой байгуулсан хэд хэдэн хэлэлцээp болон Манжууpт дахь бий болсон үйл ажиллагааны нийтлэг нөхцөл байдалаас үүдэлтэй юм. Алс Доpнод дахь энэхүү амгалан тайван, аюулгүй байдлын гол хүчин зүйлийг эpсдэлд оpуулах нь болчимгүй хэpэг болох буй за”[xiii] хэмээн бичсэн байдаг. 1912 оны 3 дугааp саpд Оpос улс Дундад Иpгэн улсын засгийн газаpт мэдтүгэй хэмээх нот бичиг илгээж: Дундад иpгэн улс Хаp мөpнөөс цэpэг томилж, Монголд оpуулбал Оpос улс зүгээp хаpж суухгүй хэмээн мэдэгдэж байжээ.[xiv] 1912 оны 10 дугааp саpд Монголтой Найpамдлын хэлэлцээp байгуулахдаа ч, 1913 оны 10 дугааp саpын 23 -нд Оpос-Хятадын тунхаглалд гаpын үсэг зуpахдаа ч, 1915 оны Гуpван этгээдийн Хиагтын хэлэлцээpийн туpшид ч Оpосын засгийн газаp дээpх байp сууpиа тууштай баpимталж байв.


Орос Монголын хооронд Найрамдлын гэрээ байгуулагдсан нь

 

Харилцан тохирсон ёсоор Оросын бүрэн эрх барих төлөөлөгч Иван Коростовец 1912 оны 9 дүгээр сард Нийслэл Хүрээнд хүрэлцэн иржээ. Оросын бүрэн эрх барих төлөөлөгч өөрийн Засгийн газрын шийдвэрийн ёсоор Монгол улсыг автономит улс болгон хүлээн зөвшөөрүүлэх үндсэн санаа бүхий хэлэлцээрийн боловсруулсан төсөлтэй ирж, түүнийгээ Монголын төлөөлөгчид гардуулсан байна. Гэрээний төсөлтэй Монголын төлөөлөгчид танилцаад Монгол улсыг автономит болгох гол санааг үл зөвшөөрч өөрсдийн нэмэлт засварыг оруулсан хариу төслийг санал болгожээ. Монголын төлөөлөгчдийн боловсруулсан Хэлэлцээрийн төслийн үндсэн санаа нь: Нэгэнт тунхаглан зарласан Монголын тусгаар тогтнолыг хэвээр хадгалан, түүнийг автономи болгон бууруулахгүй байх, Монгол улсад Євөр Монгол, Баргыг оруулах, Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчийг Оросын нийслэлд суулгах зэрэг байлаа. Хэлэлцээр хоёр талын оруулсан төслийг тойруулан нилээд маргаантай болж, гол нь хэлэлцээрийн үндсэн санааг өөр өөрсдийн байр сууринаас хадгалах үүднээс нилээд ширүүн маргаан үүсгэж, заримдаа хэлэлцээ тасарч болох тийм байдалд хүртэл хүрч байжээ. Гэвч хугацаа сунжирч хэлэлцээр тасрах нь Монголчуудад ашиггүй байх байсан тул Монголын төлөөлөгчид тухайн үед их гүрэнтэй хийж буй чухал хэлэлцээрийн ач холбогдлыг зохих ёсоор тооцон үзэж, Монголын тухайн үеийн дотоод гадаад нөхцөл байдал, энэхүү хэлэлцээрээр олдож болох боломжийг харгалзан цаашид Орос улсад төрийн төлөөлөгчид илгээх, дэлхийн улсуудад хандан дэмжлэг эрэх зэрэг нааштай алхам хийж болох төлөвт найдан зохих буулт хийсэн байна. Оросын төлөөлөгч ч гэсэн зарим зүйл дээр буулт хийж, «Гадаад Монгол» гэсэн томьёоллоос «гадаад» гэсэн үгийг хасч, өргөн утгаар ойлгож болох «Монголия» гэсэн үгийг орос эхэд, «Монгол улс» гэсэн томьёололыг Монгол эхэд хэрэглэхийг зөвшөөрч, бас «автономия» гэсэн грек гаралтай франц үгийг Монгол эхэд «өөртөө тогтнож», «өөрөө эзэрхэх» ёс журам хэмээн хөрвүүлэхийг үл татгалзахаар болжээ.

Ийнхүү хоёр талаас буулт хийсний дүнд 1912 оны 11 дүгээр сарын 3 нд Оросын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Иван Коростовец Монголын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн болон түүний Монголын Засгийн газрын 5 сайдтай Нийслэл Хүрээнд Найрамдлын гэрээ байгуулан, шинэ тутам байгуулагдсан Монгол улс Орос улсын харилцаа ямар байхыг тодорхойлсон юм.

Гэрээний оршилд Монголчууд Монголын нутаг дэвсгэрээс хятадын захиргаа ба цэргийг зайлуулсан, Богд Жавзандамба хутагтыг Монголын ард түмний хаанаар өргөмжилсөн, Монгол хятадын урьдын харилцаа нэгэнт тасарсан зэрэг байдал болон Орос Монгол хоёр улс эртнээс найрамдалтай байсан хийгээд орос Монголын хооронд эдийн засаг арилжаа өргөжиж, худалдааны журам тогтоох шаардлага гарсан зэргийг харгалзан гэрээ байгуулж буйг дурьджээ. Хэлэлцээрийн нэгдүгээр зүйлд: Оросын эзэн хааны Засгийн газар Монгол улсад «өөрөө тогтнож, өөрөө эзэрхэх» ёс журмаа хадгалан сахих, мөн түүнчлэн «өөрийн нутаг дэвсгэрт хятад цэрэг» ба «нүүдлийн иргэдийг үл оруулан», «өөрийн улсын цэрэг байгуулах» эрхийг эдлэхэд цөм тусална, Харин гэрээний Монгол эхэд энд дурьдсан дээр хоёр талын засгийн газрыг харилцан хүлээн зөвшөөрсөн гэсэн санаа туссан байгаа юм. Гэрээний хоёрдугаар зүйлд: Монгол улсын эзэн хаан ба Монгол улсын засгийн газар өөрийн эзэмшил газарт Оросын харьяат нар ба Оросын худалдаанд хэлэлцээрт хавсаргасан Протоколд жагсаан заасан онц эрхийг (эрх ба давуу талыг) хуучин ёсоор олгон хэрэгжүүлнэ. Монголд Оросын харьяат нарт олгосноос илүү эрхийг гадаад бусад орны харьяат нарт үл олгоно. Гуравдугаар зүйлд: хэрэв Монгол улсын засгийн газар хятад ба гадаад бусад улстай тусдаа гэрээ байгуулах хэрэгтэй гэж үзвэл шинэ гэрээгээр энэхүү хэлэлцээр ба хавсаргасан протоколд заасан зүйлүүдийг Оросын эзэн хааны Засгийн газартай урьдаар зөвлөлдөхгүйгээр зөрчих буюу өөрчилж үл болно. Дөрөвдүгээр зүйлд: Хэлэлцээр үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэсэн заалтууд оржээ.[xv]

Эл гэрээний хавсралт протокол нь Монгол дахь Оросын худалдааны эрхийг давуу байдлаар хуульчилж өгсөн юм. Эл гэрээгээр Оросын эдийн засгийн давуу талыг дараах байдлаар тодорхойлсон байна. Тухайлбал, Орос улсын иргэд Монголын аль ч нутагт худалдаа эрхлэх, чөлөөтэй зорчих, үйлдвэр, үйлчилгээ гээд боломжтой бүх төрлийн бизнес явуулах, эзэмшил харгалзахгүйгээр гэрээ контракт байгуулах, гааль татваргүйгээр Монголоос бараа гадаадад гаргах, гадаадаас оруулж ирэх, хувийн өмчийг чөлөөтэй хөгжүүлэх, Оросын санхүү, зээлийн байгууллагууд өөрийн салбараа Монголд нээн ажиллуулах зэрэг эрхүүдийг оросууд дангаар эдлэх болсон юм.

Оросын бүрэн эрхт төлөөлөгч Иван Яковлевич Коростовец Хүрээнд зорчсон тухай өдрийн тэмдэглэлдээ болон “Чингис хаанаас Зөвлөлийн засагт Бүгд Найрамдах улс хүртэл” хэмээх номондоо Орос Монголын хооронд гэрээ хэрхэн байгуулсан тухай сонирхолтой дурсамж үлдээсэн буй. Тэрээр анх Монголын засгийн газрын ноёдуудтай уулзсан талаар өгүүлэхдээ: “Консулын газар болсон хэлэлцээрийн эхний хуралдаанд эрх баригч ноёдууд бүгд ирсэн ба тухайлбал, Сайн ноён хан, Гадаад хэргийн сайд Ханд ван, Дотоод хэргийн сайд Да лам, Сангийн яамны сайд Түшээт хан, Шүүх яамны сайд Эрдэнэ ван Намсрай, Цэргийн сайд Далай ван нар байв. 1911 онд Петербургт очсон төлөөлөгчид болох Да лам, Ханд ван нарын тухай урьд ярьсан билээ. Засагт ханыг нас барсаны дараа Сайн ноён хан саяхан сайд болсон.

Ноёдууд гоёлын хүрэм өмсч, булган малгай тавьж, мориор ирцгээв. Тэднийг бараа бологч олон тооны туслагчид нар хашаа үүдэнд ирцгээсэн байв.

Хуралдаанд манай талаас надаас гадна, Ерөнхий консул Люба, Попов, Эльтеков болон консулын газрын орчуулагч буриад Церемпилов нар оролцов. Дараа нь энэ буриадаас нэг бус удаа би дэмжлэг авч байв. Тэрбээр Хутагтын ордонд ойр дотно байв[4].

Монголд үргэлж нөхөрсөг хандаж ирсэн Орос орон ба Цагаан хаан Хятадаас салсаны дараа учирч буй бэрхшээлийг мэдээд та бүхэнд туслахаар шийдвэрлэсэн юм хэмээн би мэдэгдэв. Хэрэв Монголчууд бидэнтэй Монгол Оросын хэлхээ холбоог бэхжүүлэх, Монголд өөрийнхөө автономийн төлөө тэмцэх бололцоо олгосон тийм хэлэлцээр байгуулвал Орос орны зорилт биелэхэд хөнгөн байх болно. Бээжинд элчин сайдаар байхдаа Монголын хэрэгтэй ойр танилцаж байсан болохоор намайг хэлэлцээр хийх төлөөлөгчөөр томилсон юм.

Ноёдын өмнөөс нүцгэн толгойтой (бусад нь гэзэгтэй байв), ширүүн харцтай лам Да лам үг хэлэв. Тэрбээр Монголчууд Орос улстай хэлэлцээр байгуулахад бэлэн байна, гэхдээ юуны өмнө Хятадтай харилцах харилцаанд хэрхэн нөлөөлөх талаар тодруулахыг хүсэж байна. Хятадууд бас хэлэлцээр хийхийг санал болгоод буй, хэлэлцээр хийлгэхээр Монгол ноён Наянтыг ирүүлэхийг хүсэж байна. Орос улсын цаашдын алхмуудыг хүлээзнэж, Монголын Засгийн газар Наянтыг хүлээн авахаас одоохондоо татгалзаад байгаа, Монголын Засгийн газар Гадаад Монголын нэгтгэх төдийгүй Дотоод Монголыг ч бас нэгтгэхийг эрмэлзэж байна.

Надад зөвхөн Халхын тухай л хэлэлцээр хийхийг даалгасан бөгөөд Дотоод Монголын асуудлыг одоохондоо босгон тавихгүй байсан нь дээр хэмээн би тайлбарлав. Хятадын тухайд тэдний Монголчуудтай хийх хэлэлцээр бол тусг аар тогтнолыг тань солихтой адилхан болж магад. Бид хоёр талын ашиг тусын тулд Монголчуудтай ойртохыг хүсэж байна. Учир нь Монгол нь буфер- улсын хувьд манай хил дээр хятадын нэвтрэн орохын эсрэг түшиг тулгуур болж болох юм хэмээн бид үзэж байгаа юм. Бидний энэ алхам нь Бээжингийн засгийн газрын үйл ажиллагаанаас үүдэлтэй бөгөөд бидний саналыг хүлээн авч ашиглах нь Монголчуудаас хамаарах болно.

Дуугүй сууж байсан Сайн ноён хан хариулахдаа Монголчууд бид даван туулж буй энэ үеийн чухал хэмээхийг мэдэрч байна. Таны үг болон хэлэлцээрийн төсөл Богд хутагтад шууд айлтгах болно хэмээснээр бидний эхний уулзалт өндөрлөв[5]” хэмээсэн байна.

И.Я.Коростовец Орос Монголын гэрээ байгуулсан тэр өдөр чухам юу болсон талаар юу хэмээн тэмдэглэж үлдээсэн нэн сонирхолтой юм. Тэрбээр өгүүлэхдээ: “Аравдугаар сарын 21 нд гэрээ байгуулах явдал болов. Энэхүү түүхэн үйл явдал хэрхэн болсон талаар одоо өгүүлье. Бид тэднийг ирэхээ больсон байх хэмээн бодож байтал, ноёдууд Консулын газар үдэш орой хүрэлцэн ирцгээв. Тэдний саадсан явдал нь гарын үсэг зурах сайн өдрийг сонгосон мэргэчийн төлөг буулгасан явдал байжээ. Энэ өдөр сайн өдөр байсан тухай ноёдууд сэтгэл хангалуун надад өгүүлж байв. Бид шууд л текстийг нийлүүлэн уншиж, гарын үсэг зурах үйл явцаа эхэлцгээв. Ийм үйл явдлыг анх удаа үзэж буй Монголчууд үүнд ихээхэн ач холбогдол өгч хариуцлагатайгаар хандаж байв. Тэд текстийг маш анхааралтай сонсч, өөрсдийн нэрсээ бийрээр зурахдаа маш хичээнгүйлэн хандаж байв.

Дараа нь шампанск задалж, Автономит Монголын сайн сайханы төлөө, Орос Монголын найрамдлын төлөө би хундага өргөв. Ноёдууд баярлацгааж, миний гарыг чангаар атгаж, заа хэмээн талархлаа илэрхийлж байв. Сайн ноён бүр жижигхэн үг хэлж, харин сангийн сайд Монголчууд Оросыг дайлснаас хойш энэ үйл явдал бол Монгол Оросын хооронд шууд харилцаа тогтоож буй анхны алхам хэмээн ёжлон тэмдэглэж байв. Одоо бол Монголчууд өөрийн орны хувь заяаны төлөө сэтгэл амар байж болно, учир нь Орос орон, цагаан баатар буюу цагаан хаан түүнийг хэнд өгөхгүй.

Бидний ярианы үеэр ноёдууд тэдний эргэлзээ сүүлчийн момент хүртэл үргэлжилж, харин Богд хааны өөрийнх нь шаардснаар хэлэлцээрт гарын үсэг зурахаар шийдвэрлэснээ хэлж байжээ. Учир нь саяхан Бээжингээс ирсэн Ларсоны ярианаас эргэлзээ төрж эхэлсэн байжээ. Гарал үүслээрээ норвег Ларсон нь америкийн библийн нийгэмлэгийн төлөөлөгч бөгөөд Хүрээнд нийгмийн ажлаар ирсэн хэмээвч үнэн хэрэг дээрээ Орос улстай хийж буй хэлэлцээрийг таслахыг Монголчуудад ятгахаар Бээжингийн засгийн газраас томилогдсон байв.

Гэвч Монголчууд түүний бүх саналыг үгүйсгэж, Орос улстай хэлэлцээр байгуулсаны дараа л Хятадтай тэгш харилцааны үндсэн дээр хэлэлцээр байгуулахад болно хэмээн мэдэгдсэн байна[6]” гэжээ.

Орос Монголын хооронд гэрээ байгуулсаны маргааш нь Хаант Оросын консулын газар Ханд ван ирж, Хэлэлцээр байгуулсантай холбогдуулан Богд хаанаас баяр хүргэсэнийг уламжилсан байна.

Мөн хэсэг хугацааны дараа Оросын Гадаад хэргийн яамнаас Коростовецэд цахилгаан ирсэн бөгөөд түүнд Монголын Засгийн газартай байгуулсан хэлэлцээрийн тухай Эзэн хаанд айлтгаж, Эзэн хаан уг илтгэл дээр өөрийн гараар “Коростовцад миний талархлыг илэрхийлж байна. Эзэн хааны ивээлийг хүлээн авна уу” хэмээн бичсэн байжээ.


1912 оны Найрамдлын гэрээ байгуулагдсаны дараах үе

 

Орос Монголын хооронд Найрамдлын гэрээ байгуулагдсанаас хойш гурав хоногийн дараа Оросын гадаад Яамны сайд Сазанов эл гэрээний талаар Хятадын засгийн газарт мэдээлэхийг албан ёсоор өөрийн элчин сайд Крупенскийд үүрэг болголоо. Эл үүргийн дагуу Оросын элчин Крупенский Хятадын Гадаад явдлын яамны сайдад 1912 оны 10 дугаар сарын 26 нд Бээжинд уламжлахад, Хятадын Гадаад яамны сайд «Орос улс Монголын засгийн газрыг хүлээн зөвшөөрчихлөө» шүү дээ «харин Дундад Иргэн улсыг хүлээн зөвшөөрөөгүй л байгаа шүү» хэмээн сануулсан байдаг.13 Энэ бол Орос улсын засгийн газраас Монгол улсыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр 1912 онд Найрамдлын гэрээ, худалдааны протокол байгуулсан хэмээн дэлхийн улс орнууд ойлгож байсаныг илтгэж буй хэрэг юм.

Үүнээс хэдхэн хоногийн дараа Хятадын Гадаад яамны сайд Санкт Петербургт айлчилж, Оросын Гадаад яамны сайд лугаа уулзан Хятад улс Монгол Оросын хооронд байгуулсан гэрээг хүлээн зөвшөөрөөгүй гэдгээ мэдэгдсэн байна. Үүний хариуд Сазанов тайлбарлахдаа: Орос улс Монголын тусгаар тогтнолыг бүрэн гүйцэд зөвшөөрөөгүй юм, гэхдээ бид Хятадыг гурван улсын гэрээнд оруулан хятадын сюзеренитетийг хүлээн зөвшөөрч болох юм гэж мэдэгдсэн байна.[xvi]

Хятадын засгийн газар Хятадын нэгэн хэсэг болсон Монголтой байгуулсан аливаа гэрээг хүлээн зөвшөөрөхөөс эрс татгалзаж байгаагаа илэрхийлж Монголын тухай аливаа асуудлаар Хятадын төв засгийн газартай гэрээ байгуулахыг сануулсан байна. Чингэхдээ Хятадын засгийн газар Оросын засгийн газраас эхлээд Монголтой байгуулсан гэрээгээ цуцлахыг шаардаад үүний дараа бид танайтай эл асуудлаар хэлэлцээр хийхэд бэлэн байх болно хэмээн мэдэгдсэн байна. 1912 оны 11 дүгээр сарын 19 нд Хятадын сайд Санкт Петербургт Оросын гадаад яамны сайд лугаа уулзаж, Хүрээтэй байгуулсан гэрээгээ цуцлахыг бас дахин гуйсан байна. Гэвч эл бүхэнд Сазанов, Крупенский хоёул «Хятадын санал дэндүү оройтож ирлээ» хэмээн хариулсан байдаг.[xvii]

Оросын Гадаад Яамны сайд Сазанов Монгол Оросын хооронд байгуулсан гэрээнийхээ талд ийнхүү баттай зогссон нь Оросын засгийн газар Монгол улс, түүний тусгаар тогтнолыг тодорхой хэмжээгээр дэмжсэний илэрхийлэл мөн. Нөгөө талаас, Хятадын засгийн газар удаа дараа Орос улсаас Монголтой байгуулсан гэрээгээ цуцлахыг шаардаж, гуйж байсан явдал бол Монголын тусгаар тогтнол эргэлт буцалтгүй замд орж байсныг илтгэсэн хэрэг юм.

Монголын засгийн газартай хэлэлцээр хийх бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Оросын эрх баригч Коростовец өөрийн Гадаад яамны сайдад 1912 оны 9 сарын 27 нд илгээсэн цахилгаандаа «Монголын засгийн газар миний өгсөн гэрээний төсөлд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй боловч тэд харин Хятадаас төдийгүй ерөөс аливаа улсаас өөрийн бүрэн тусгаар тогтнолыг тогтоосон заалт нэмэж оруулахыг» хүсэж байна хэмээн Монголчуудын байр суурийн талаар мэдээлж байжээ.[xviii]

1912 оны 11 дүгээр сарын 3 ны өдөр Оростой найрамдлын гэрээ байгуулснаас хойш үеийн Монгол нь бие даасан улс байсан юм, учир нь хоёр орны харилцаа Хятадаар дамжих бус шууд явагдаж байсан билээ хэмээн Волосович тэмдэглэсэн байна.[xix] Тухайн үеийн Оросын хэвлэлүүд энэхүү гэрээ бол улс биш байсан бол байгуулагдахгүй байсан, нэгэнт байгуулагдсан болохоор Монголыг сюзеринитет болгохын эсрэг байгуулсан гэрээ болж таарна хэмээн бичиж байжээ. Түүгээр ч үл барам 1912 оны Орос Монголын хооронд байгуулсан гэрээгээр Монгол улсын нэрийг Гадаад Монгол гэж бус Монгол хэмээн бичиж байхаар Орос улс баталгаажуулсан юм хэмээн Петер Тан бичжээ.[xx] Харин газар нутгийн тухайд ямар нэгэн зүйл эл гэрээнд тусгагдаагүй юм хэмээн тэрээр бичжээ.

 Орос Монголын хооронд байгуулсан гэрээг Гадаадын ажиглагчид янз бүрээр тайлбарлаж байсан байна. «Орос улс ийнхүү гэрээ байгуулснаар шинэ улс байгуулагдахад тус дэм боллоо» гэх буюу эсвэл «Монгол нь Хятадаас салан тусгаарлаж эрх чөлөөтэй болсноор Оросын колони болчихгүй» хэмээн бичиж байжээ.[xxi]

Хаант Оpос улс Богд хаант Монгол улс хоёp хооpондоо Гэpээ байгуулж, баpимт бичгүүд солилцсоноооp Монголд эзлэх Хаант Оpосын нөлөө ихсэх болсон нь Оpос, Дундад Иpгэн улсын хүчний хаpьцаанд уpьд байснаас нилээд өөpчлөлт оpж, улмааp хоёp тал Монголын асуудлааp хэлэлцээp хийх хэмжээний асуудал болсон байна. Энэ нь Хятадууд Монголыг уpьдын адил дангааp эзэpхэх гэсэн хятадын байp сууpинаас хальж, Монголын асуудлыг Оpостой яpилцах болсон нь Монголчуудын хувьд багагүй дэвшил болсон хэмээн үзүүштэй. Нөгөө талааp Оpос Монголыг хэлэлцээp хийх эpх бүхий этгээд хэмээн үзсэн нь Монгол өөpийн тусгааp тогтнолын төлөө асуудалдаа өөpийн саналаа оpуулж, түүнийхээ төлөө тэмцэх боломжооp хангагдаж эхэлсэн ололт байлаа. Энэ бол Богд Хаант Монголын улсын төpийн удиpдагчдын асаp их ухаан, хүчин чаpмайлтын үp дүн хэмээн үзмээp санагдана.

Хаант Оpос улс Оpос - Монголын 1912 оны гэpээгээp олж авсан өөpийн давуу талуудыг хэвээp хадгалах нөхцөлд Монголын асуудлааp Хятадтай тохиpолцоход бэлэн байсан билээ. Оpос Монголын найpамдлын гэpээнд 1912 оны 11 дүгээp саpын 3-нд Хүpээнд гаpын үсэг зуpсаны даpаахан энэхүү баpимт бичгийн тухай Оpосын Гадаад Явдлын яамнаас Англи, Фpанц, Япон зэpэг оpнуудын элчин сайд наpт албан ёсооp мэдээлэл хийж тайлбаpлахдаа, сайд Сазанов: “Хэpэв Хятад улс энэ гэpээний заpчмуудыг хүлээн зөвшөөpвөл түүний зүгээс Монголтой ямаp нэгэн гэpээ хэлэлцээp байгуулж Монголд эзэн эpх (сюзеpенитэт) тогтооход татгалзахгүй”[xxii] гэсэн нь Оpосын байp сууpийг тодоpхой илэpхийлсэн хэpэг байлаа.

Хэдийгээp хятадууд Оpос- Монголын 1912 оны найpамдлын гэpээ бичиг болон, хаpилцан солилцсон бусад баpимт бичгүүдийг хууль бус зүйл хэмээн эсэpгүүцэж хүлээн зөвшөөpөхөөс татгалзаж байсан хэдий ч Оpосууд энэ талааpх өөpийн байp сууpийг ягштал баpимталж байлаа. Иймээс ч Бээжин дэх Хаант Оpосын төлөөлөгч Засгийн газpынхаа нэpийн өмнөөс Дундад Улсын Гадаад Явдлын Яамны сайдтай уулзаж, Оpос, Монголын хооpонд байгуулсан найpамдлын гэpээ болон бусад баpимт бичгийн талааp танилцуулж, Оpос улсын зүгээс Хүpээний засгийн газpын өмнө хүлээсэн үүpгийг сануулж, эдгээp баpимт бичгийг ДИУ-аас хүлээн зөвшөөpөхийг шааpдсан байна. Чингээд зогссонгүй Оpосын зөвлөх Хятадын гадаад явдлын яаманд очиж, 1912 оны 11 дүгээp саpд Монголын тал элчингээ томилон Оpосын нийслэл - Петеpбуpг хотод явуулсан хэмээн худал мэдээлэл хийж байсан нь Оpосууд Монгол дахь өөpийн ашиг сониpхолыг алдахыг хүсэхгүй, улмааp бэхжүүлж, хятадааp хүлээн зөвшөөpүүлэхийн тулд тэдэнд шахалт үзүүлсэн хэлбэp байв.

Ийнхүү Оpос, хятадууд өөp хооpондоо хэд хэдэн удаа ноот солилцож, өөp өөpсдийн байp сууpийг илэpхийлсэний эцэст Монголын асуудлааp хэлэлцээp хийхээp хаpилцан тохиpолцжээ.

Орос Монголын 1912 оны гэрээ болон түүний хавсралт Оросын худалдааны эрхийг баталгаажуулсан 17 заалт бүхий протоколыг эсэргүүцэж байсан хэдий ч Монголын асуудлыг Оростой тохиролцох үүднээс Хятадын засгийн газар эцэст нь тэрхүү Монгол оросын хооронд байгуулсан худалдааны протоколыг хүлээн зөвшөөрсөн юм. Албан ёсоор 1913 оны Орос Хятадын тунхагийн дөрөвдүгээр заалтад энэ тухай өгүүлсэн байдаг. Мөн түүнчлэн 1915 оны Хятад, Орос, Монгол гурван улсын гэрээний 21 дүгээр зүйлд эл асуудлыг баталгаажуулсан юм. Энэ нь 1912 оны Орос Монголын хооронд байгуулсан гэрээ, худалдааны протокол хүчин төгөлдөр болохыг тодорхойлсон хэрэг билээ.

Энэхүү найрамдлын гэрээ нь ямар нэгэн зөрчилгүй явагдсан хэмээн үзвэл бодит байдлаас ташаа болох билээ. Оросын талын санал болгосон гэрээний төсөлд «Гадаад Монгол» хэмээн бичигдсэн байсан бөгөөд Монголын тал үүнийг эс зөвшөөрч, эсэргүүцсэн тул «Монгол» хэмээх нэрийг хэрэглэхээр тогтжээ. Чингэхдээ «Монгол» хэмээх нэр нь улсын нэр байж болох ба бас газар нутгийн нэр зааж болох хоёрдмол утгатайгаас гадна Ар Монголыг буюу эсвэл нийт Монгол үндэстнийг хамруулан хэрэглэсэн ойлголт болж болох салаа утгаар уг гэрээний орос эхэнд хэрэглэгдсэн байдаг.[xxiii] Ийнхүү Монголын нэрийн талаар хоёр тал харилцан тохиролцсон баримтыг үзвээс,

Их Оpос улсын хаан эзний засгийн хэpэг шийтгэх газpаас тусгайлан гаpгасан бүpэн эpх баpих сайдын бичиг

 

Сайн ноён хан ба Монгол улсын сайдууд наpт илгээв. Мэдтүгэй хэмээн явуулахын учиp: Оpос, Монгол хоёp улсын засгийн газpаас энэ өдөp хэлэлцэн тогтоосон найpамдлын гэpээ ба хавсаpган тогтоосон тусгай гэpээ бичиг дотоp Гадаад Монгол хэмээсэн үгийг Монгол улс хэмээхийг зөвшөөpч, найpамдлын ёсооp мэдтүгэй хэмээх нь Монголчуудын өөpөө эзэpхэх эpхийг халхад өгснөөс гадна бусад ямаp газаp оpныг өөpтөө тогтнож өөpөө эзэpхэх ёс жуpмыг алдагдахгүй сахихад манай Оpос улсын эзэн хааны засгийн газpаас өөpөө тогтоон тусална. Үүний тул илгээв. Нэг мянга есөн зуун аpван хоёpдугааp он Октябpь хэмээх саpын хоpин хоёp

Олноо өpгөгдсөний хоёpдугааp он Намpын сүүл саpын хоpин таван хэмээсэн байна.

Энэ тохиролцсон ёсоор гэрээний Монгол эхэнд «улс» гэдэг үг нэмэн «Монгол улс» гэж хэрэглэсэн байдаг билээ. Энэ нь Богд тэргүүтэй Монголын төр засгийн удирдагчид тулгур байгуулагдсан төр нь бусад улс гүрнүүдийн нэгэн адил эрх бүхий бие даасан улс болохыг харуулахын зэрэгцээ Ар Монголын төдий бус нийт Монгол үндэстний гал голомт болсон улс гэсэн санаагаар ойлгож, ийм бодлогыг хэрэгжүүлэхийг хичээж байсаны илрэл юм. Мөн түүнчлэн «Монголын засгийн газар» хэмээх нэрийг хэрэглэснээс гадна хоёр гэрээ байгуулагч этгээд хоёр улсын засгийн газрыг харилцан хүлээн зөвшөөрсөн явдал Монголчуудын хувьд үнэхээр онцгой ач холбогдолтой байсан юм. Мөн гэрээ байгуулах үеэр Монгол улсын эдлэх эрх хэмжээний тухай асуудал санал зөрөлдсөн асуудлуудын тоонд орж байв. Гэрээний орос эхэнд Оросын тал нэгэнт тогтсон автономит байгууллыг хамгаалахад Оросын эзэн хааны засгийн газар туслах болно гэсэн ахул, Монгол эхэнд автономит байгуулал хэмээх үгийг хэрэглэхгүйгээр тусгаар тогтнол гэсэн утгаар ойлгох үг хэрэглэн: «Их Орос улсын эзэн хааны засгийн газраас Монгол улсыг туслахад өөртөө тогтнож өөрөө эзэрхэх ёс журам сахихад тусламуй» гэжээ.[xxiv]

Мөн 1912 оны гэрээ Монголд өөрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн цэцэглүүлэх бүрэн эрх чөлөөг Оросуудад олгосон юм, чингэснээр «Монголыг бүхий л чиглэлээр онгичиж, дарангуйлахад» хүргэсэн юм хэмээн Е.М.Даревская бичжээ. Оросын засгийн газрын дэмжлэгийг албан ёсоор хүлээсэн худалдаа, арилжааныхан алт мөнгө гээд бүхий л бололцоотой бүх ашигт малтмалыг эрж хайх олборлох «Нийгэмлэг», «Нөхөрлөл»ийг олноор нь Монголд байгуулж, Монгол руу улсын болон хувийн бүхий л барааг оруулан худалдаалж байжээ. Монголын үндэсний банк хүртэл байгуулсан нь буй ажээ. Оросын рубль хятадын мөнгийг бага багаар шахаж эхлэх болжээ.[xxv] Монгол дахь Оросын худалдаа тооны хувьд өсөхийн хэрээр чанарын хувьд ч мөн өсөж байв.

Ийнхүү оросууд Монголыг эдийн засгийн хувьд эзлэн түрэмгийлж эхэлсэн энэ үеийг Оросын төрөөс Монголын талаар явуулсан бодлогын хэрэгжилт хэмээн үзүүштэй юм. Мэдээж энэ бүхэнд хил залгаа байдал, удаан жилийн түүхийн улбаа, уламжлал, эдийн засгийн харилцан сонирхол зэрэг нь Орос гүрний зүгээс Монголын талаар түүхийн удаан хугацааны турш тодорхой бодлого баримталахад хүргэсэн бөгөөд 1911 оны дараа Орос улс бусад их гүрнээс өрсөж, өөрийн боломжийг ашиглан Монголд ашиг сонирхлоо өргөтгөх нь стратегийн хувьд ч чухал байсан юм. Орос Японы гэрээ ёсоор олж авсан өөрийн нөлөөний бүсээ хэн нэгэнд алдах, хэн нэгэнтэй хуваалцах сонирхол Оросын төрийн эрх баригчдад байгаагүй юм.

Эл гэрээ Оросын талд давуу эрх олгосон зарим талаар нэг талыг барьсан Хүчирхэг гүрний тулган хүлээлгэсэн гэрээ байсан хэмээн хэлж болох боловч Монголын талд улс төрийн ач холбогдолтой байсан юм. Энэ талаар 1968 онд хэвлэгдсэн БНМАУ-ын түүхийн дэд ботид өгүүлэхдээ: «Орос – Монголын 1912 оны гэрээ бичиг Орос талаас империалист чанар бүхий нь эргэлзээгүй. Гэхдээ Монгол талаас харвал зарим ахицтай тал буйг орхиж үл болно. Тэр үеийн томхон гүрнүүдийн нэгэн болох Хаант Орос улстай Богд хаант Монгол улс гэрээ байгуулсан энэ баримт бол улс төрийн ач холбогдолтой зүйл маргаангүй мөн» хэмээн дүгнэжээ.[xxvi] 1912 онд Орос Монголын хооронд байгуулагдсан эл гэрээ Монголын олон улсын талбар дээр дахин төр улс болж гарч ирсэний нэгэн илэрхийлэл болсон юм.


ДҮГНЭЛТ

 

Энэ нь Монгол хятадын хооронд явж ирсэн урьдын харилцааг тодорхой хэмжээгээр сулруулж, Монголчуудын эдийн засаг, амьдралд оросын оролцоог нэмэгдүүлэх боломж нээсэн билээ.

Хэдийгээр 1912 оны Монгол Оросын найрамдлын гэрээ, худалдааны протоколыг эдийн засгийн асуудлыг голлон шийдвэрлэхэд чиглэсэн хэмээн тодорхойлдог боловч эл гэрээ Монголын хувьд улс төрийн онцгой ач холбогдол агуулсан юм. Орос Монголын хооронд ийм гэрээ байгуулагдсан явдал нь өөрөө Монгол хятадын хооронд тогтсон байсан урьдын харилцаа ул болж, түүнд цэг тавьсан төдийгүй, Шинэ Монгол улс дэлхийн аль ч улс оронтой эн тэгш харилцах боломж нээж өгсөн юм.[xxvii]

Энэ гэрээ нь Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласнаас хойш Монгол улсын олон улсын харилцаанд эзлэх статусыг тодорхойлоход хууль эрхийн анхны бодитой баримт бичиг болсон юм. Энэ хэлэлцээрээр:

  1. Монгол бол эзэн хаантай, Засгийн газартай улс мөн,
  1. Монгол нь өөрийн улсын цэрэг байгуулах эрхтэй,
  1. Монгол нь «өөртөө тогтнож, өөрөө эзэрхэх» ёс журамтай,
  1. Монгол нь өөрийн нутгаас Хятадын цэрэг ба эрх баригчдыг үлдэн гаргасан бөгөөд дахин өөрийн газарт Хятадын цэрэг ба нүүдлийн иргэдийг үл оруулах эрхтэй,

Монгол нь Хятад болон бусад гадаад улстай хэлэлцээ хийж өөр гэрээ байгуулах эрх бүхий этгээд мөн гэдгийг Орос улсын Засгийн газар хүлээн зөвшөөрч эдгээрийг «алдагдалгүй сахихад» цөм тусална гэж Орос улс өөртөө үүрэг авсан байлаа. Гэрээ нь тухайн тодорхой нөхцөлд Монголд нилээд дэвшилттэй алхам болсоныг тэмдэглэх учиртай. Эл хэлэлцээрээр Монголчуудын санал болгосон Євөр Монгол, Баргыг Монголд дагаар орох асуудлыг хэлэлцэхээс оросууд эрс татгалзаж, Петербургт Монголын элчин суулгах тухай асуудал мөн татгалзсан хариу авчээ. Євөр Монголын асуудал нь урьд нь Орос Японы хооронд байгуулсан нууц гэрээгээр нэгэнт шийдэгдсэн байсан бол Оросын нийслэлд Монголын элчин нээх асуудал нь Орос улс нэгэнт Монголын тусгаар тогтнох эрхийг Хятадын харьяаны автономиор хязгаарлах бодолтой байсан учраас татгалзсан санал авсан байна.

Хаант Орос улс энэ 1912 оны найрамдлын гэрээгээр Монголын засгийн газрыг албан ёсоор хүлээсэн бөгөөд ийм ч учраас Монголыг гэрээ байгуулах эрхтэй хууль ёсны субьект хэмээн үзсэн хэрэг юм. Орос Монголын хооронд байгуулсан эл гэрээ дэлхий нийтэд зарлагдсан явдал өөрөө Монгол улсын нэрийг «Монгол» хэмээн хүлээн зөвшөөрч тунхаглсанаас ялгаагүй хэрэг байлаа. Үүнд мэдээж хятадууд дуртай байгаагүй юм. Ийнхүү дэлхий нийтээр Монгол улс тухайн үед хүчирхэг Хаант Оростой гэрээ байгуулсан нь Монголынхоо тусгаар тогтнолын төлөө тэмцлээ үргэлжлүүлэн явуулахад ихээхэн дөхөм үзүүлсэн явдал байлаа.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 5 сар 6. 14:32
Зочин

Лаларийн юмаа муу пизда нар олигтой юм бичихгYй муу гичий нар

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]