Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Шатрын өрөг дээрх цусгүй тулаан: Чонын авУншсан3,024

...Тэмцлийн эгэл бус шинж байдалд сэтгэл жихүүцсэн тэр Роберт Фишерт бодоо харамсалтайгаар алдсан бөгөөд санаа бодлоо барих жолоо нь алдарч удалгүй тэмцээнийхээ бүх боломжийг алдчихсан даа.

Хуучин Зөвлөлтийн үед бүх соц лагерийн орнуудын спорт сонирхогчдын унших дуртай Советский спорт гэдэг лут сонин байв. Энэ сонины тоймч Олег Скуратов 90-ээд оны эхээр шатрын их мастер, домогт Виктор Корчнойн тухай тэмдэглэл, нийтлэл бичсэнийг Ж.Лхагва, Ж.Оюунхүү нар орчуулж байсан өнөөдөр сонины шарласан хуудаст үлджээ. Олег Скуратов хожим Виктор Корчнойн амьдрал, намтар, цуутай тоглолтуудаар олон нийтлэл, ном хэвлүүлж байсан юм.

Дашрамд дурдахад 2021 оны 12 сарын 30-нд Оросын нэрт жүжигчин Константин Хабенскийн Корчнойн дүрд тоглосон "Дэлхийн аварга" хэмээх кино нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болох юм. Энэ кинонд А.Карпов, В.Корчной нарын шатрын өрөг дээрх хүнд бэрх тулааныг харуулах аж.

Агуу шатарчдын тухай өөр нэгэн нийтлэлийг уншихыг хүсвэл: "

Шатрын өрөг дээрх цусгүй тулаан: Виктор Корчной Зөвлөлтийн эсрэг"

Цуут шатарчин сүнстэй өрөг тавьсан нь

"Карпов та хоёрыг сайн харж, ховсдохын тулд би эхний эгнээнд суух ёстой"


Олег Скуратов: Чонын ав

 

Корчнойн тухай бичих гэж эрт бодсон. Бичиж эхлэх бүртээ гэнэт больдог байлаа. Эргэлзсэн бодол минь болиулдаг байсан юм. "Чи чинь Викторын дотны найз юм уу" гэж өөрөөсөө асууна. Хэдийгээр түүнийг 1943 оны намраас мэддэг ч өөртөө "Үгүй ээ" гэж хариулна. Бидний уулздаг тэр үед үнэндээ би ч тэр, бусад нөхөд ч тэр Корчнойн дотны нөхдийг ажигладаггүй байж. Викторт танил нөхөд олон. Нэг хэсэг нь түүнд ойр дотно, зарим нь хөндийдүү, ер нь тэр үерхэх ухаанаа олж чадна.

Өөр нэг эргэлздэг сүрхий зүйл бий. Корчнойн тухай бичихэд хүнд, тэгээд ч болохгүй байсан үед би дэмий бодож, оролдож байж. Одоо бол амар, хялбар болжээ. Олон шатарчин, шатар оромдогч сэтгүүлчид түүний нэрийг гутааж, гарын үсэг дүүрэн эрээлсэн захидал, мэдэгдэл цувсаар байсан тэр үед чи илт татгалзах байв уу?

Үгүй ээ, би татгалзаагүй, таг чиг байсан...

Манай үеийнхний (нэг нь биш нэлээд хэдэн үеийнхний) арчаагүй байдал бол алдаа, эндүүтэй үзэл суртлын дарамт дор нэг хэсэг нь худал ярьж сурцгааж, нөгөө хэсэг нь юу ч болоогүй юм шиг дүр үзүүлдэгт байлаа. Корчнойг Голландад дүрвэн гарахад хүмүүс шууд л үзэг бэхээ нийлүүлж бялдуучлал, зусардлын төрх гарган өөрсдийнхөө бодол санаа бус «Алс дээгүүр суудалтнуудын» бодлогыг илэрхийлэх гэж тэмүүлцгээсэн. Манай шатрын холбоо, спорт хороодын дарга нар тэгэхэд мөн ч өчүүхэн үзэлтнүүд гэдгээ байж дээ.

Болж буй үйл явцын тухай гайхаж цочирдсон зарим хүмүүс энэ үед дуугарсангүй. Хамгаалах чиглэлтэй ямар нэг үг цухуйлгасан хэн ч атугай дорхноо үнгэгдэн дарагдах байсан биз. Түүнийг хамгаалж дуугарсан хүмүүс хэдийнэ хилийн чанадад гарсан Корчнойгоос ч дор байдалд орж байв. Корчнойн тухай муулсан ганц ч мөр би бичээгүй. Энэ үед би долоо хоног тутмын «64» сэтгүүлд ажиллаж байсан бөгөөд шатрын талаар мэргэшсэн спортын сэтгүүлчийн хувьд Корчнойг шүүмжилж бичих нэг биш нэлээд хэдэн даалгавар авдаг байв. Корчнойн өмнө бид бүгд буруутай. Түүнийг муу муухайгаар гоочилж, хүмүүсийн бахыг хангах даалгавар бүр дээрээс ирдэг байсныг би нэг юм анзаарахтайгаа.

Олон жилийн өмнө Ленинградын пионерийн ордонд Виктор бид хоёр анхны тавилаа тоглож байхад их бууны дуу нүргэлж байсан билээ. Тийм л цаг таарсан юм. Их дайны үеийн, бүслэлтийн үеийн найз Геннадий Дымов бид хоёр нэг удаа гайхмаар зарлалтай тааралдаж билээ. Апичниковын ордны хананд цэцэг өвчин туссан хүний нүүр адил цоохортож, сумны хэлтэрхийгээр сийчэгдсэн сарампай модон самбар байдаг байлаа. «Даваа гаригт болох Ленинградын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд оролцох сурагчдыг бүртгэж байна. Шатрын дугуйлангийн удирдагч А.Модель» гэсэн балын харандаагаар бичсэн зарлалыг хэд дахин уншлаа. Бодож бодож «сурагчид» гэдэг чинь сургуулийн насныхан, бидний үеийн ажилчдыг хэлж байгаа болохоор тэмцээнд оруулах нь гэж тааварлалаа. Гэтэл аварга шалгаруулах нээлттэй тэмцээн» гэж юуг хэлээд байгааг ухаарсангүй. Энэ чинь өөр хотуудаас ирж оролцож болно гэсэн санаа байна гэж бүхнийг мэдэгч Дымов хэллээ. Ийм юм бодож суухтай манатай бид чинь бүслэлтэд байлаа. «Аварга шалгаруулах нээлттэй тэмцээн» гэдэг үгний утга ойлгогдож, бүслэлтийн хотын бүх хүүхэд тэмцээнд оролцохоор ордонд хүрэлцэн ирсэн юм. Тоглогчдыг найман хэсэгт хуваалаа. Тэмцэлдэж эхэллээ! Эхний шатанд ялалт байгуулсан болохоор дараачийн тоглолтод сэтгэл өндөртэй, их ч баяртай байлаа.

Нэрт жүжигчин Константин Хабенский Корчнойн дүрд. Кино 2021 оны 12 сарын 30-нд нээлтээ хийнэ.

Хөвөнтэй цамцаа нямбайхан өмссөн хар үстэй, туранхай жаал надтай таарлаа. Бид хонгилд тоглосон болохоор чөтгөр ч тогтохын аргагүй хүйтэн байв. Гэвч бөмбөгний тэсрэлтээс хоргодох газар маань бидэндээ л подхийсэн «танхим» байлаа. Жаалхүү сурагчийн дэвтэртээ өргийн явцыг хэвлүүхэн тэмдэглэж суугаа нь миний сэтгэлийг ихэд татаж билээ. Шатрын нүүдлүүдийг томъёолсон тэмдэглэлүүд надад их сонин байлаа. Өрөг миний хожигдлоор төгсч билээ. Үүл шиг баргар царайлчихаад Модель руу дөхөж очоод,

-Хожигдчихлоо! гэвэл

-Хэнд тэр вэ? гэж асуулаа.

Би дэвтэр рүү зэрвэс харснаа өрсөлдөгчийнхөө нэрийг уншаад "Корчной гэдэг нэг юманд" гэж халаглангуй хэлсэн юмдаг. Жаалхүү тэгэхэд миний зүг эгдүүцэнгүй харц чулуудаж билээ. Нэгэн удаа тэмцээнээс харьж явахдаа бид хоёр бие биеэсээ хэдхэн байшингийн зайтай ойрхон Накрасовскийн гудамжинд амьдардгаа мэдэж гайхацгаасан юм. Бүслэлтийг нэг гудамжинд давж туулна гэдэг хүүхэд ахуйн нөхөрлөлд гол зүйл бус гэж үү. Хожим 60-аад оны сүүлээр шахалт хавчилтын үед Корчнойд «хор шартай, уцаартай, цухалдуу ааш» гэнэт гойд илэрсэн юм. А.Карпов, А.Рошаль нарын «Ес дэх багана» гэдэг номд бодит бус байдалд үржсэн «Сальерийн иж бүрдлийн тухай» үгс бий. Ширүүн хэлсэн юм. Гэхдээ үнэн болов уу? Ленинградад байх үеийн Корчнойг мэдэх хэн бүхэн дээрхтэй төстэй юу ч ажиглаагүй юм. Харин ч залуу Корчнойг үнэхээр бодитой үнэлдэг байв. Тэмцээн дээр зөрөлдөөнтэй нөхцөл үүсэхэд хүмүүс шүүгч рүү бус Корчной руу хошуурна. Түүний нэр төр өөлшгүй өөдөө байсансан.

Өөрт тохиолдсон нэг явдлыг санаж байна. «Буревестник» нийгэмлэгийн аварга шалгаруулах тэмцээн дээр Тула хотоос ирсэн их туршлагатай Перетятько надтай тоглож найдваргүй төгсгөлд орсон юм. Тэр бүтэн тэргээр дутуу болсон ч тоглоод л байсан юм. Эцэст нь намайг залилах арга сэдсэн л дээ. Нууц нүүдэл бичээд өргөө хойшлуулахаар тэр санал гаргав. Түүнд саад хийхгүйн тулд би ч танхимаас гарлаа. Өрсөлдөгч тусгай цаасан дээр тэр дорхноо нүүдэл бичээд дугтуйн дээр нууц нүүдлийг намайг бичсэн болгоод тэмдэглэчихсэн байлаа. Өрөг гүйцээх өдөр бичлэгийн хуудсан дээр нөгөө бичсэн нүүдэл олдсонгүй. Би харин гомдолтойхон хоцорч «шүүшиг» хүртсэнсэн. Ерөнхий шүүгч, их мастер Г.Левинфиш болсон явдал ямар байсанд эргэлзэж, тэмцээнд хурэлцэн ирсэн Корчнойг зөвөлгөө өгүүлэхээр урилаа. Тэр байрлалыг хараад байдлыг шууд ойлголгүй дээ. «Чиний эсрэг тоглогчид ёсзүйн зөрчил гаргасны нь хувьд тэг оноо өгнө. Харин чамд шатрын дүрэм сайн мэддэг болгохын тулд бас тэг оноо» гэж Корчной хариу өгсөн юм.

1950 онд Ленинградын их сургуулийн баг Москвагийн их сургуулийнхантай 20 ширээн дээр хүч оюунаа үзсэн юм. Корчной эхний ширээн дээр тоглож байсан ба хэзээний л бусад ширээг сонирхохоор босчихсон байдаг. Гэтэл нэг ширээн дээр маргаан дэгджээ. Москвагийн оюутан болохоор, өрсөлдөгч тэмээгээ хөдөлгөсөн, энэ бодоороо нүүх ёстой гэж шаардана. Тэмээ тэгээд л алдагдах байлаа. Манай шатарчин дээрхийг үгүйсгэнэ. Дэргэд нь гэрчлэх хүн байгаагүй болохоор шүүгчид яах учраа мэдэхгүй байлаа. Энэ үед Виктор Корчной ширээнд дөхөж ирснээ "Бодоо хөдөлгөхийг чинь би харсан. Эр хүнээрээ байж үз, бууж өг" гэж өөрийнхөө багийн, Ленинградынхаа нөхөрт хэлдэг байгаа. Тэр үеийн Москвагийн оюутнуудын халамжлагч багш, үнэнчээрээ бараг домогт гарсан Петр Романовский манай багийн ахлагчид гараа сунгаснаа, баг руугаа эргэж хараад "Бүгд Корчной шиг шударга байдагсан бол" гэж хэлж билээ.

Дээр өгүүлсэн зүйлүүдэд тээнэгэлзэж ч магадгүй. Энэ бүгд эрт дээр болсон явдлууд.

Хүний зан араншин он цаг дагаж хувирч эвдэрч болох доо. Гэхдээ үнэхээр уужим сэтгэлтнээс л гарах нэг үйл явдал 1983 онд болсныг саная. Энэ үйл явдал Каспаровын дэгжиж дээшлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм. Тэгэхэд Виктор Корчной 52-той байсан. Хувь заяа түүнд дэлхийн шатрын аваргын төлөө өрсөлдөөний хэцүү өгсүүр шатанд авирах боломж гурав дахь удаагаа олгосон. (1978, 1981 оны дараалсан хоёр дэлхийн аваргад тэрээр Анатолий Карповтой аваргын төлөө халз тоглосон юм. Дэлхийн аваргын эцсийн халз тулаанд хоёр удаа шалгарах хувь тавилан ямар ч агуу шатарчинд тийм амар олдоогүй билээ)

Шөвгийн наймд тэр 1969 оны дэлхийн аварга шатарчин, их мастер Борис Спасскийг орхиод, шөвгийн дөрөвт Гарри Каспаровтай таарав. Цааш нь Рибли, 1957 оны дэлхийн аварга, их мастер Смыслов хоёрын нэг нь таарч, өөрийн урьдын өрсөлдөгч Анатолий Карповтой гурав дахь удаагийн сүүлчийн даваанд үзэлцэх бодит боломж түүнд байсан юм. Гэвч Корчной Корчнойгоороо үлдсэн. Тэрбээр тэнүүн сэтгэл гаргаж өгсөн хий ялалтаас татгалзсан юм. Сальери бол ингэх байсан гэж үү...

Шулуун зан араншин бол дэмийрэл яавч биш. Ленинградын спортын хорооны эмх замбараагүй байдал спортын байгууллагуудад оршин байсан зүй бус зүйлүүдийн тухай хүмүүс таг чиг байхад Корчной л ярьдаг байсан. Жараад онуудад шатрын зэрэг, мастерын цол олгох ажил ямар шугамаар явдаг байсныг санаж байгаа биз дээ? Бараг л "Айл бүрт шатрын мастертай болъё" гэсэн уриалга гаргахад ганц алхам үлдсэн байлаа. Корчной энэ замбараагүйдэлтэй тэмцэж, шатрын цол олголтыг журамлах, тоглолтын ангиллыг бууруулах, хилийн чанадад болох тэмцээнд танил тал харж явах, өрөг хэлэлцэж тоглодог тухай илэн далангүй ярьдаг байсан. 1962 онд Кюросаод дэлхийн аваргын өрсөлдөгчийг шалгаруулах тэмцээний үеэр олны тааварладаг мөртлөө огт ярьдаггүй зүйлүүдийг Корчной олон нийтийн өмнө нуулгүй ярьсан. Өөрийн зарим тамирчдын хөлс гаргаагүй авсан тал оноонуудыг жагсааж, спортын өндөр учир утгыг гутааж үгээ нэгтгэдэг тухай, түүгээрээ ширүүн өрсөлдөгчтэй учрахдаа хүчээ нөөдөг тухай ч тэр ярьдаг байв.

Тэмцлийн эгэл бус шинж байдалд сэтгэл жихүүцсэн тэр Роберт Фишерт бодоо харамсалтайгаар алдсан бөгөөд санаа бодлоо барих жолоо нь алдарч удалгүй тэмцээнийхээ бүх боломжийг алдчихсан даа. Ингээд 1963 онд дэлхийн аварга Михаил Ботвинниктэй өрсөлдөгчийг тодруулах тэмцээнүүдэд түрүүлсэн Тигран Петросян халж тулж, 5:2-ийн харьцаагаар ялан шинээр дэлхийн аварга болсон юм. Эдгээр жилүүдэд гучаадхан настай Корчнойд шатрын хааны титмийн төлөө өрсөлдөх бүрэн бэлтгэл байсан. Кюросаогийн тоглолтын өмнөхөн Зөвлөлтийн аварга Корчной тэр үеийн дэлхийн аварга Михайл Ботвинникийг Ленинград, Москва хотуудын шатарчдын хооронд болсон тэмцээнд хоёр ч удаа ялаад байсан ба улмаар бүх Зөвлөлтийн аварга болж дэлхийн аваргад цойлох нь гарцаагүй болж байв. Ленинградын их мастер Корчнойн дайчин, эрч хүчтэй арга ухаант тоглолт үй олон хөгжөөн дэмжигчдийн талархлыг хүлээж билээ. Тэр үед шатарчдын дунд «Корчнойчлох» гэсэн илэрхийлэл ихэд дэлгэрсэн юм. Энэ нь санамсаргүй сөрөг довтолгоо бий болгох, өвөрмөц бодол ухаан гаргаж, уран сайхнаараа хосгүй ховор нүүдэл хийнэ гэсэн үг. Гэвч ид цэцэглэлтийнхээ он жилүүдэд Корчной дэлхийн аваргын төлөө өрсөлдөх тоглолтод оролцож чадаагүй. Зөвхөн зуугийн тал насалж байж л дэлхийн аваргатай өрсөлдөгч нэгдүгээр хүн болох боломж олж авсан. (Карповтой хоёр удаа өрсөлдсөнийг дээр өгүүлсэн) Харамсалтай нь шатар тоглоход ийм насанд зөвхөн өрсөлдөгчтэйгөө тэмцэх төдийгүй насны онцлогоо даван гэтлэх шаардлагатай байдаг ажээ.

Зүүнээс Виктор Корчной, Анатолий Карпов, Тигран Петросян

Спортын болоод намын байгууллагаас их мастер Корчнойд үзүүлсэн шахалт түүнийг Голландад үлдсэн үеэс эхэлсэн гэж бодох хэрэггүй. Хавчлага, өө сэв хайх байдал маш хурцаар эрт илэрсэн бөгөөд 1974 онд түүнийг Анатолий Карповтай өрсөлдөгчөөр щалгарсан тоглолтын дараа бүр гаарсан юм. Нэлээд хүчтэй хавчлагыг Ленинградын мужийн намын хороо эхэлсэн. Коммунист Корчнойг намын хамгийн дээд шатны удирдлага дээр дуудаж, бат илэрхийлэхийг нь хурааж, бүх цол, зэргийг нь авах зэргээр сүрдүүлдэг байлаа. Тэр болохгүй юу хийсэн юм бэ? Тэр Югославын шатрын сэтгүүлчид дэлхийн аваргын өрсөлдөгчийг шалгаруулах шувтаргын тоглолтод оролцогчдод ЗСБНХУ-ын Спортын хороо хэтэрхий ижил бус нөхцөл буй болгосон тухай ярьсан юмсанжээ. Бас дэлхийн аваргын төлөө тэмцээнд өргийн тооны хязгаар байж болохгүй тухай Фишерийн саналтай тэр санал нэг байсан юм. Намын үзэл сурталд энэ ямар ч хамаатай юм билээ? Нам засаг Корчнойгоос буруугаа хүлээж, наминчлахыг шаардаж бүр эмнэлэгт очихоос аргагүй байдалд хүргэсэн. Эс бөгөөс Зөвлөлтийн дөрвөн удаагийн аварга Корчнойн шатрын томоохон тэмцээнүүдэд орох зам нь хаалттай болох тухай мужийн намын хороон дээр түүнд анхааруулж байлаа.

Москвад Дымов надтай ирж уулзаад ийм нэгэн түүх ярьсныг би санаж байна. Корчной түүнийг зөвлөлдөе хэмээн эмнэлэгт дууджээ. "Би яах билээ? Надад наминчилж, гэмших юм байхгүй санагдах юм. Би цэвэр үнэнийг ярьсан" гэж Виктор асуун хэлжээ. Нөр их туршлагатай, ахмад коммунист Дымов "Түргэдэж, омог уур хүрсэн юм. Тоглолтын дүрмийг зөвшөөрнө гэж бич" хэмээн Викторыг ятгажээ. Хүнд өвчинд хүчин мөхөсдөж, зөрчил тэмцэлд ядарсан Корчной зөвшөөрөв. Ингэж сульдсан цаг мөчид түүн рүү хэн чулуу шидэх билээ?

Гэхдээ л миний санаж байгаагаар, Корчной гуйвалтгүй, чанга хэвээр байсан. Ийм нэгэн явдал бодолд минь илхэн байна. Шереметьево буудал. ЗХУ-ын баг Английн шатарчидтай тоглохоор нисэх гэж байлаа. Танхимд үдэлт болж байтал нисэх буудлын танхимд ЗСБНХУ-ын спортын хорооны дарга Сергей Павлов ороод ирдэг байгаа. Тэрбээр шатарчдыг нисэхээс нь өмнө хэн нэгэн хүндтэй их мастерыг өөрийн ивээлийн тааруухан шатарчнаар солихоор дур зоргоороо шийджээ. Корчной эгдүүцэн нөхрөө багтаа үлдээхииг шаардсан юм. Павлов дуугаа өндөрсгөн "Та хэрээ мэдээрэй" гэвэл "Би хэмжээгээ мэдэж байна, минийхээр бол та энэ удаад хэрээ мэдээд биднийг явуулчих. Эс тэгвэл Англид болох томоохон тэмцээнд Зөвлөлтийн баг оролцож чадаагүй хариуцлагагыг та хүлээх үү?" хэмээн багийн тэргүүн маань хариулж билээ. Том дарга энэ явдлыг яаж зүгээр өнгөрүүлэх вэ. 

Корчной төрсөн нутгаа орхихоос өөр аргагүй байсан нь эрүүл ухаант хэн бүхэнд өнөөдөр ойлгомжтой. Корчной төрсөн хүү Игорийгоо "барьцаанд" үлдээсэн. Энэ байдлыг түүнд өс өвөрлөгчид ашиглаж чадсан. Корчнойн хүү комсомол, их сургуулиас зайлуулагдаж, цэрэг татлагын газарт ирээгүй хэргээр шоронд сууж билээ. Энэ бүгд Багио, Меранод болсон дэлхийн аваргын эцсийн шатанд Карповтой хаан титмийн төлөөх тоглолтын яг л өмнөхөн болсон хэрэг. Тооцоо яг зөв болохоор сум байндаа тусна. Осолтой өрсөлдөгчийг хэвийн байдлаас нь гаргах хэрэгтэй байж. Хүү нь шоронд байхад шатрын тухайд ямар олигтой тоглолт гарах билээ.

Тоглолтын өмнөх өдрүүдийг тунгаан эргэцүүлэхэд Корчной харамсмаар алдаа хийсэн гэж би боддог. Ямар ч дадлага туршлагатай хүн ийм нөхцөл байдалд тоглолт хийхгүй байх байсан. Гэхдээ Виктор зөвхөн шатрын хөлөг дээр л нүүж чаддаг байжээ. Тэрээр хэзээ ч улс төрийн уян хатан бодлоготой байдаггүй, зөвлөлгөө сонсох нь ховор, өөрт хүч байхгүй байсан ч хамаагүй бүхнийг өөртөө үүрч хэвшсэн хүн.

Бүх дэлхий даяараа Филиппиний Багиод болсон тэмцээнийг амьсгаа даран хүлээсэн. Насаар хорин жилийн зөрөө гэдэг тоглоом биш. (Карпов 27, Корчной 47-той байв) Харин ч Корчной тэр хүнд тулаанд бат зогссон. Гарааны ялалт байгуулж оноогоо тэнцүүлж, зорилгодоо хүрэхэд алхам л үлдсэн байв. Энэ алхмыг хийхэд түүнд ганцхан хожил л дутсан юм.

Корчной тэр үеийн манай Зөвлөлтийн сонинуудыг лав уншсан байх. Түүний тухай нийтлэлүүд түүнийг гомдоохгүй байж чадаагүй. Эх орноо хорлогч гэж шууд үзсэн байна гэж түүнд бодогдсон байж ч магад. Тэр ч байтугай түүний нэр, овгийг хэлэхээ больж, сурвалжлагад «өрсөлдөгч» гэж хашилтад хийж нэрлэсэн нь заримдаа «урван тэрслэгч» гэсэнтэй адил сонсогдоход хүрч байсан юм. Виктор энэ бүгдийг зөвшөөрөөгүй гэдэгт итгээрэй.

Агуу шатарчдын тухай өөр нэгэн нийтлэлийг уншихыг хүсвэл: "

Шатрын өрөг дээрх цусгүй тулаан: Виктор Корчной Зөвлөлтийн эсрэг"

Цуут шатарчин сүнстэй өрөг тавьсан нь

"Карпов та хоёрыг сайн харж, ховсдохын тулд би эхний эгнээнд суух ёстой"

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]