Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Бичгийн их хүн Л.Түдэв тэнгэрийн орноо морилжээУншсан3,263

20 дугаар зуунд Монголын ард түмний дунд мэндэлсэн нэгэн сод хүү, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, доктор, УБИС-ийн хүндэт профессор, XX зууны манлай сэтгүүлч Лодонгийн Түдэв 85 насандаа тэнгэрийн орноо морилжээ.

20 дугаар зуунд Монголын ард түмний дунд мэндэлсэн нэгэн сод хүү, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, доктор, УБИС-ийн хүндэт профессор, XX зууны манлай сэтгүүлч Лодонгийн Түдэв 85 насандаа тэнгэрийн орноо морилжээ.

Л.Түдэв 1935 оны 2 сарын 9-нд Говь-Алтай аймгийн Наран (одоогийн Халиун) сумын нутаг Өвөр замын бууц гэдэг газар, малчин айлын гэрт төржээ. Л.Түдэв 1942-1950 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд бүрэн бус дунд сургууль, 1950-1953 онд Улаанбаатарын Багш нарыг бэлтгэх сургууль, 1953-1956 онд Улсын Багшийн дээд сургуульд анхны орос хэлний багшийн ангид суралцан төгсжээ.  1964-1967 онд Москвад ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг дүүргэж, эрдэм мэдлэгийн суурь боловсролыг эзэмшчээ.

УБДС-ийг төгсөөд 1956 оны намар нь төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Наран суманд багшилсан бөгөөд 3 жил ажиллаж байгаад 1959 онд Улаанбаатарт Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд ажиллахаар томилогдсон.  “Үнэн” сонинд 1961 онд утга зохиолын нарийн бичгийн даргаар томилогдсон. 1962 онд “Соёл утга зохиол” сонины эрхлэгчээр томилогдсон Л.Түдэв 1964 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийн аспирантурт суралцахаар явсан бөгөөд Москвад сурч боловсорсон гурван жил нь үр бүтээлтэй өнгөрч, цаашдын амьдралд чухал нөлөө үзүүлсэн юм. Л.Түдэв 1967 онд Хэлбичгийн ухааны дэд эрдэмтний зэрэг, 1984 онд Хэлбичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Тэрээр 1967 онд дэд эрдэмтний зэрэг хамгаалан ирснийхээ дараа МАХН-ын Төв хорооны үзэл суртлын хэлтэст түр ажиллаж байгаад 1968 оноос Монголын Зохиолчдын Эвлэлийн хорооны орлогч даргаар ажилласан.

1974 онд МЗЭ-ийн даргаар, 1975 оноос МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар тус тус ажилласан. 1975-1985 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажилласан. 1984-1996 онд “Үнэн” сонины ерөнхий эрхлэгчээр тус тус томилогдон ажиллажээ.

 УБИС Хүндэт профессор цолоо анхлан 1996 онд Монгол Улсын төрийн шагналт, эрдэмтэн зохиолч Л.Түдэвт гардуулжээ. Тэрбээр Олон улсын Намтар судлалын хүрээлэнд академич цол хүртжээ.

Л.Түдэв роман, тууж, өгүүллэг, найруулал, тэмдэглэлийн олон арван ном бичиж, утга зохиолын түүх, судалгааны бүтээлүүд туурвисны нэлээд нь гадаад орнуудад хэвлэгджээ. Зохиол бүтээл нь 1965 оноос эхлээд орос, англи, болгар, чех, унгар, герман, япон казах, беларусь, тува, узбек, буриад, украин, молдав, литва, испани, чех, франц зэрэг хэлээр хэвлэгдсэн юм.

Ази, Африкийн зохиолчдын байгууллагын гишүүнээр 1972 оноос, Олон улсын утга зохиолын шүүмжлэгчдийн байгууллагын гишүүнээр 1973 оноос, Дэлхийн энх тайвны зөвлөлийн гишүүнээр 1974 оноос, Олон улсын сэтгүүлчдийн байгууллагын дэд Ерөнхийлөгчөөр 1986-1990 онд, Олон улсын парламентын холбооны гишүүнээр1986-1990 онд сонгогдон ажиллаж байв.

1968 онд МХЗЭ-ийн нэрэмжит шагнал, “Баатрын хоёр дахь гараа”, “Эрдэнэтийн гурван эрдэнэ” бүтээлүүдээрээ 1977 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, мөн “Зууны шилдэг сэтгүүлч” өргөмжлөл авчээ.

2005 онд Их Британи, АНУ-ын намтар судлалын тусгай зөвлөлийн шийдвэрээр “Дэлхийн шилдэг 100 зохиолчийн нэгээр” шалгарч “Амжилтын оргил” шагнал хүртжээ. Түүний “Хорвоотой танилцсан түүх” ном нь өдгөө дэлхийн 10 гаруй улсад хэвлэгдэн гарч 2010 онд “Дэлхийн хүүхдийн шилдэг ном”-оор шалгарсан байна.

1971 онд БНМАУ-ын Төрийн шагнал, 1989 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, 1997 онд Хөдөлмөрийн баатар, 2005 онд Сүхбаатарын одон, 2009 онд Ардын уран зохиолч цол хүртэж, “Дэлхийн 100 хүний нэгээр” шалгаран, Зөвлөлт Орос улс, Болгар ард улс зэрэг гадаадын зарим орны төрийн одон, медалиудаар шагнагдсан байна. Мөн “Worldwide Lowreate” /лингвистээр/, “Recognition of Global Achievement” J.B.C цомууд, Монголын болон Олон улсын шагналуудаар шагнагджээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]