Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Цэрэнпунцаг тэвчээр муутай барилдах юм, хүлээж барилддаг бол ч…”Уншсан16,225

Цэрэнтогтох аваргын нэгэнтээ хэлж байсанчлан “Цэрэнпунцаг их тэвчээр муутай барилдах юм. Уг нь илүү хүлээж барилддаг бол ч…” гэх бодлыг энэ барилдаан олон хүнд төрүүлсэн биз ээ.

Монгол Улсын хүчит гарьд Цэдэндамбын Цэрэнпунцаг 1971 онд Завхан аймгийн Цагаанчулуут суманд мэндэлсэн.

Ц.Цэрэнпунцаг гарьдын бөхийн анхны багш нь Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат Завхан аймгийн баяр наадамд 3 түрүүлж, 3 үзүүрлэн, 8 удаа шөвгөрсөн Сандаг-Очирын Юнрэн арслан юм.

Ингээд Пунцагаа гарьдын аархаж барилдсан он жилүүдийг эргэн сөхье. Тэрээр 1993 онд ардын хувьсгалын 72 жилийн ойгоор улсын заан Д.Сүхбаатараар дөрөв, улсын заан Д.Амгаагаар тав давж начин цол хүртсэн байдаг. Зургаагийн даваанд Ц.Баярсайхан заанд тахимаа өгсөн. Баярсайхан тэр жил Пунцагийн Сүхбатаар долоо даваад заан болсон юм даг. Ерэн гурван он бол усан бороотой жил байсан. Ялангуяа тав, зургаагийн даваануудад цэнгэлдэхэд үер буучихсан, бөхчүүд уяа нь алдарсан монгол гутлаараа сал пал хийтэл ус туучаад, Мөнх-Эрдэнэ арслан тавын даваанд Бямбадорж зааныг ус тогтсон хонхорт пал хийтэл шумбуулж хаяад, өнөө Бямбадорж нь тахимаа өгчихөөд монгол гутлаа тайлж жийргээ мушгиад сууж байсан тийм л дүр зурагтай наадам байв даа. Б.Бат-Эрдэнэ аварга зургаагийн даваанд Ховдын Мөнхбаатар начинг унагаж яваад халтирч түрүүлж газардаад, Мөнхбаатар нь жудаг заан хэл амгүй тахимаа өгсөн тийм л дуулиантай наадамд "жижиг" Сүхбат, Завханы Цэрэнпунцаг, Монголын Юндэн гөөгөө Намжилдорж, Увсын Дамирангийн Бумбаяр гээд тун эвгүй нөхдүүд улсын цолны босго алхаж байсан.

1994 оны наадмын өмнөхөн Цэрэнпунцаг начин Бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзантай автобусанд таарчээ. Тэр тухай Данзан тэргүүн дурсдаг юм. "Энэ жилийн наадамд юм дуулгана шүү, залуу. Бэлтгэлээ сайн базааж байгаа биз дээ. Чамайг л заан болно гэж харж байгаа" гэхэд томоо гэгч цүнх үүрчихсэн цагаан шар нөхөр жаахан хүүхэд адил халимгаа илбээд "Миний заан болох ч..." гээд өнгөрч байж. Тэгтэл тухайн жилийн наадамд зодоглосон 768 бөхөөс Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат Цэдэндамбын Цэрэнпунцаг найм давж сүүлд батлагдсан хууль ёсоор гарьд цолны болзол хангасан түүхтэй. Ерэн дөрвөн оны наадмыг хамтдаа сонирхъё. Пунцагаа гарьд тавын даваанд нэг оны цэрэг гэдэг шиг нэг оны начин Сүхбаттайгаа тунасан. Ло.Энхбаяр Булганы Пүрэвсүрэнгийн Ганбаярыг, Р.Гансүх Ж.Оргилболдыг, Ч.Даваадорж Шархүүгийн Лхагвасүрэнг, Н.Мөнхжаргал Увсын Бумбаярыг амлаад Пунцаг жижиг Сүхбат хоёр яалт ч үгүй тунадаг юм аа. Тэр ер нь "онжав" Сүхбатдаа их цөөхөн унасан байх шүү. Ихэвчлэн бяралхаж давсан байдаг. Харин сүүлд бөхийн тайлбарлагч Шагдарын Чанрав гуайн хэлснээр "шатаж" барилдаад унаж байсан.

Сүхбаттай бужигнуулан давсан тэрээр зургаагийн даваанд начин цолны болзол шинээр хангаад буй залуу бөх Д.Сумъяабазар, Б.Гантогтох болон Д.Бумбаяр гурваас ам авсан. Улсын цол аваад төрийн наадамд анх удаа ам авч байгаа нь тэр.

Ёстой нэт халгамаар гурван нөхөр байж байдаг. Хэцүү л байсан нь мэдээж. Ерээд оны сүүлээр Пунцагаа гарьд "Бөх" сонинд өгсөн ярилцлагадаа "Амлах хэцүү тунах сайхан" гэж хэлсэн нь учиртай. Ингээд өнөө гурваас чинь Сумъяаг аваад хусчихлаа. Сумъяа нь хорьж болохгүй хорин насан дээрээ байгаа залуу. Өмнөх даваанд Д.Цэрэнтогтох аваргыг өвдөглүүлээд начин болчихсон манайхны хэлдгээр "сөөсийсөн бацаан" л байхгүй юу. Пунцагаа, Сумъяа, Гантогтох, Сүхбат, Өсөхөө, Бумбаяр, Намжилдорж, Өвөрхангайн Ширмэнгийн Батхуяг, Сэлэнгийн Жүрмээгийн Ганзориг энэ хэд бол ерэн гурав, дөрвөн онд амыг нь хагалж, нуруун дээр нь эмээл тавиагүй хязаалан үрээнүүд шиг тачигнадаг байсан нь мэдээж ээ. Хоорондоо ёстой л гал гаргасан барилдаан үзүүлдэг байсан үе. Сумъяагаар зургаа давсан Цэрэнпунцагийг долоогийн даваанд Мөнх-Эрдэнэ арслан амласан юм. Баярсайхан заан, Бямбадорж заан тэр гурваас авсан. Шаагдаж ам авна гэдэг тэр л дээ. Баярсайхан, Бямбадорж хоёр нь үе чацуутан луутнууд. Бямбадоржийгоо заан болгох санаатай Баярсайхан нь байж байдаг. Тэр хоёрын хэн нэгийг авчих хэцүү. Аргагүйн эрхэнд Цэрэнпунцагийг амласан байх.

Мөнх-Эрдэнэ тухайн үед хоёр жил дараалан үзүүрлээд байсан, Бат-Эрдэнээс өөр бөхөд тахимаа өгдөггүй байв. Гэвч Пунцагаа гарьдад өвдөглөсөн юм. Ойролцоо газардсан юм уу даа, эхлээд тахимаа өгөхгүй хэсэг удсан санагдана, Цэрэнпунцаг Мөнх-Эрдэнээр долоо давсан ирэндээ наймын даваанд Ренчинхүүгийн Гансүх зааныг ганцхан хүчтэй хавирч даваад есийн даваанд Балжаа аваргатай тунаж байсан. Бөх сондгойрсон учир Бат-Эрдэнэ гоц мөргөөд, Балжаа зүүн жигүүрт, Цэрэнпунцаг баруун жигүүрт гарч байлаа. "Би заан болох гэж үү" хэмээн автобусанд шилээ маажаад зогсож байсан залуу хэдхэн хоногийн дараа нь есийн даваанд баруун жигүүрийг манлайлаад гарч байв даа. Балжаа аваргад унасныг хүмүүс буруу барилдаан хийсэн тэсгэл алдсан гэж шүүмжилдэг. Хэрвээ тэгэхэд ес давчихсан бол гарьд маань өнөөдөр арслан цолтой байж байхгүй юу.

Ид барилдаж байсан үедээ буюу 1995 оны наадмыг алгасаж 1996 оны Ардын хувьсгалын 75 жилийн ойгоор улсын начин Л.Өлзийбаяраар зургаа давж “Саруул сайжрах” чимэг аваад долоогийн даваанд Д.Сумьяабазартай тунаж барилдаад өвдөг шороодож байв.

1997 онд залуу бөх Ж.Оргилболд (улсын начин)-оор зургаа, шинээр өсөх идэр начин цолны болзол хангасан Г.Элбэг (улсын харцага)-ээр долоо давж “Бат нягт” чимэг хүртээд наймын даваанд Б.Бат-Эрдэнэ аваргад амлуулж өвдөг шороодож байлаа.

1998 онд Гарьд тав, зургаагийн даваанд М.Жамъянпүрэв, Д.Пүрэвсүрэн нарын Өврийн хангайн начингуудыг бярдаж хаячихаад сэгсэрч босгон тахимаа авч байлаа. Мөөеө аварга шиг аатай бөх байсан бол Пунцагааг аархаж амлаад нэгийг үзмээр харагдаж байсан даа. Мөөеө аварга 1962 оны наадмын гурвын даваанд ам бөхөө унагачихаад сэгсэрч босгон тахимаа авч буй Архангайн Равдан-Очирыг "Надаас илүү бяртай бөх байдаг юм байна аа" хэмээн аваад унаж байсан түүхтэй. Гэвч Пунцагаа гарьдыг амлах бөх байгаагүй. Долоогийн даваанд "жижиг" Сүхбаттайгаа тунасан. А.Сүхбатыг мөн л цацаж хаяад нүүрээр нь харуулдуулан улаан халзан болгочихоод тахимаа авч байлаа.

Мань эрийг тухайн жил ч найдвартай юм байна. Бат-Эрдэнэ бол одоо тогтоохгүй ээ, өнгөрөгч жил нь хүчээр буулгуулсан байх шүү гэх ухааны юм бодоод байж байтал наймын даваанд Сумъяадаа унадаг юм аа. Сумъяабазартайгаа барилдаан таардаггүй байсан уу, яасан ихэвчлэн тахимаа өгсөн байдаг. 96 онд долоогийн даваанд тунаад, 98 онд наймын даваанд тунаад, 99 онд долоогийн даваанд тунаад, 2003 онд мөн долоогийн даваанд унаж байсан. Ид гайхагдаж байсан он жилүүддээ тийнхүү Сумъяад л шороодсон байдаг юм.

1999 онд улсын начин Д.Сэржбүдээгээр зургаа давж “Хурдан шаламгай” чимэг нэмээд долоогийн даваанд мөн л Сумьяатайгаа тунаж үлдээд өвдөг шороодож байлаа.

2000 оны Ардын хувьсгалын 79 жилийн ойгоор Ц.Цэрэнпунцаг гарьдыг түрүүлнэ хэмээн ихээхэн итгэл хүлээлгэж байсан юм. Бат-Эрдэнэ аварга, Мөнх-Эрдэнийг амлаад зургаан залуу зааныг хооронд нь халз тунагаж байсан наадам. Цолныхоо эрэмбээр Цэрэнпунцаг өнөө таваасаа ам сонсохдоо Гантогтохыг аваад буруудаж байлаа. Тогтож барилдалгүй их ээ холоос давхар тохоод тэр мэхэндээ өөрөө унаж байсан түүх бий.  

Уг наадмын наймын даваанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ улсын заан Б.Гантогтохыг амлан барилдалгүй тахимаа өгөн түүнийг тунаанаас гаргаж өгсөн бөгөөд хоёр залуу заан Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар тунан барилдсан. Тэргүүн байрын төлөө заан Б.Гантогтох, А.Сүхбат нар хүч үзэн барилдсан бөгөөд А.Сүхбат 9 даван түрүүлж Монгол Улсын арслан цолыг хүртсэн түүхтэй.

Цэрэнтогтох аваргын нэгэнтээ хэлж байсанчлан “Цэрэнпунцаг их тэвчээр муутай барилдах юм. Уг нь илүү хүлээж барилддаг бол ч…” гэх бодлыг энэ барилдаан олон хүнд төрүүлсэн биз ээ. Ер нь Пунцагаа гарьд их түргэн барилдах дуртай нэгэн. Түргэн гэхдээ ёстой гал гарам мэх хийж, өрсөлдөгчдөө халиртал нь хаядаг нэгэн. А.Сүхбат аваргыг наадмын дэвжээнд нүүрийг нь улаан халз болтол хавирч байсан ч удаа бий.

Бөх сонирхогчид, бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд тухайн цагт ид барилдаж байсан шилдэг зургаан заанаас Ц.Цэрэнпунцаг зааныг түрүүлж арслан цолонд хүрнэ гэж үнэлж байсан юм. Монгол бөхийн дэвжээнээ харгүй, үнэнч шударга, бяр хүчийг үзсэн уран сайхан барилдаанаараа үзэгч олноо баясгаж явсан үнэн хүчит бөх билээ.

2001 оны Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор хүч үзэн барилдсан 1024 бөхөөс шинээр заан цолны болзол хангасан улсын начин Ч.Батзоригоор найм даван шөвгөрч "бууршгүй хүчит" чимэг нэмж есийн даваанд Бат-Эрдэнэ аваргад өвдөг шороодсон, 2003 онд шинээр начин цолны болзол хангасан Б.Баянмөнх өөр зургаа давж "үнэн итгэлт" чимэг нэмээд Д.Сумьяабазарт, 2004 онд дархан аварга Б.Бат-Эрдэнээр долоо давж “Өлзий бадрах” чимэг нэмээд А.Сүхбатад хэт шатаж барилдаад өвдөг шороодож байв.

Тэр жилдээ улсын заан Цэдэндамбын Цэрэнпунцагт Монгол Улсын ерөнхйилөгч Н.Багабандийн зарлигаар “Монгол улсын Гарьд” цол олгосон билээ.

Тэрээр ид сайн барилдаж байсан 1995 (АНУ-д сурч байсан), 2002 онуудад барилдаагүй юм.

2005 оны Ардын хувьсгалын 84 жилийн ойгоор барилдан гурвын даваанд залуу бөх Элбэгбаярт өвдөг шорооджээ. Уг барилдаан нь хүндэт харуулын цэрэгт тулан гарьд өвдөг шороодсон бөгөөд засуул, хөлийн цэцдийн шийдвэрээр хоёр бөхийг дахин барилдуулах шийдвэрийг гаргасан. Гэвч гарьд маань гудиг ч үгүй элэг бүсээ тайлан тахимаа өгсөн. Гарьдын энэ шийдвэрийг хөлийн цэцүүд цэцийн шийдвэр үл хүндэтгэсэн гэж зэмлэж, олон бөх сонирхогч, түүнийг дэмжигчид харамсан үлдсэн наадам болсон аж.

Ийнхүү Ардын хувьсгалын ойн жилүүд, Монгол түмний үндэсний их баяр наадамд 2 удаа найм, 3 удаа долоо, 4 удаа зургаа, 1 удаа тав давж, нийтдээ 10 удаа шөвгөрсөн бөх бол Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт клубын тамирчин, Монгол улсын уран барилдаант, хүчит гарьд Цэдэндамбын Цэрэнпунцаг.

Улсын аварга Д.Сумьяабазар Пунцагаа гарьдын тухай ийн өгүүлсэн байдаг.

"Бөх хүн цаанаасаа төрдөг гэж Монголчууд ярьдаг. Пунцаг ах бол яалт ч байхгүй төрмөл бөх. Дөрвөн мөчиндөө энэ тэнцүү бяртай хүн. Зургаан залуу заан гэж байхад бид нар хэд хэдэн удаа хоорондоо таарч барилдсан. Хамгийн барилдаан таардаггүй хүнд учраа нь Ц.Цэрэнпунцаг ах байсан юм уу даа. Сонгодог, жүдо хэв маягтай бөх шүү дээ. Босоо өрөөтэй тэгээд хоёр шууны бяраар бол бөхчүүд дотроос урд нь гарах хүн байхгүй л болов уу. Ялангуяа гар барилдаан, давхар шуудган дээрээс таталцаж байгаа дээр бол ер нь хэлнэ дээ манай үеийнхэн. Манай хүний нэг сул тал нь уйдамхай, удаан барилдах дургүй байсан гэх үү дээ. Золгоон дээр жаахан л удаан барилдвал яараад л хаа хамаагүй юм хийж байгаад уначихдаг тийм л сул талтай хүн. Тэрнээс биш бөхийнхөө хувьд, чадварынхаа хувьд хөмөрнө, давхар шуудган дээрээс тохно гээд эх л сонин сонин хувилбар гаргаж ирнэ. Улсын гарьд Б.Гантогтохыг давхар шуудган дээрээс тохсон хүн шүү дээ. Давхар шуудган дээрээс хүн хаяна гэдэг бол хир баргийн хүний хийдэг зүйл биш. Би байсан бол хаях биш өөрөө л унах байсандаа. Жудагтай, зангарагатай жинхэнэ бөх дөө..." хэмээн өгүүлжээ.

Д.Сумьяабазар аваргын хэлсэнчлэн үнэхээр шуундаа эгэл бяртай бөх хэмээн Ц.Цэрэнпунцаг гарьдыг бөхчүүд, бөх сонирхогчид сайн мэддэг. Энэ чанараараа ч гарьд гар барилдаанд дийлдэшгүй нэгэн аж. Түүний тухай нэгэн ийм яриа интернэтэд их тархсан байдаг. Тэрээр Америкт сурч байхдаа талийгаач “Парик” Жагаатай хамтдаа бааранд оржээ. Гэтэл том биетэй америк эрчүүд бие биендээ гарын бүлээ гайхуулж байна гэнэ. Манай хоёр жаахан мөнгө муутай явсан уу эсвэл Пунцагаагийн сэтгэлд багтаад байсан уу тэдэнтэй гар барилджээ. Өөрийг нь бараг өндрөөрөө нугалчихмаар америк залуустай ширээний ард суугаад хүчээ үзсэн Пунцагаа хэд хэдийг нь дарахад нөгөөх америкчууд мэл гайхаж, цэл хөхөрчээ. Харин “Парик” Жагаа ертөнцийн хамгийн хүчтэй хүнтэй хамт яваа юм шиг ихэд моодойн, мөрийний долларуудыг халаасалсан гэдэг. Монголд бас иймэрхүү барилдаан болж, телевизээр нэвтрүүлэхэд Пунцагаа ахтайгаа аваргын төлөө өрсөлдөж ялж байсныг санаж буй хүн олсон биз ээ.

Эр хүний ам

Баруунтурууны Ганбат гэж улаан хацартай залуу Увсаас дөнгөж орж ирсэн даруйдаа өнөөх босоо аваргыг хүртэл өвдөг шороодуулаад амжлаа. Уг нь Ганбатын аав Завханы хүн аж. Тэгээд Ганбат Завханы наадамд очиж зодогложээ. Энэ үед Завханы наадамд түрүүлэх хүн гэвэл Цэрэнпунцаг л байж. Гэвч Ганбат Пунцагийг нутагт нь хаячихсан гэдэг. Мөн наадмаас өмнө хоёр ч удаа өвдөг шороодуулжээ. Тэгээд наадмын өглөө Ганбат ах заан Цэрэнпунцагтай мэндлэлгүй өнгөрсөн юм биз дээ. Гэхдээ энэ бол яг үнэн батлагдаагүй цуу төдий зүйл гэдгийг уншигч та анхаараарай. Ойрд хоёр унасан, тэгээд эрэмбээ мэдэхгүй том зантай хүүд Пунцагаа заан юм ойлгуулахаар шийдэж. Гэхдээ тэр үг хаяж элдэв юм болсонгүй. Зүгээр л монгол бөхийн эрэмбэ цолны эрхээ эдэлж, анхны ам авах даваанд өнөөх аранга гэгдэж байсан Ганбатыг амлалаа. Цэнгэлдэхэд цугласан олон гайхширч, зурагт харж, радио сонсож суусан түмэн буруу харж, зөрүү сонсож гэж бодлоо. Гэвч үнэхээр тийм юм болжээ. Цэрэнпунцаг заан Увс аймгийн Баруунтурууны уугуул аймгийн арслан Батжаргалын Ганбатыг авч. Ганбат доошоо газар шагайн зааны араас алхална. Заан элэг бүсээ чангалан алхангаа эргээд өрлөө. Заан сэжээд тэр чигээрээ ард нь гарах маягтай болоод давчихлаа. Заан цолонд хүрнэ, түрүүлж ч магад гэгдэж, ид ирэн дээрээ явсан залууд бөхийн сургамж гэж юу байдгийг омголон Пунцаг заан ийнхүү ойлгуулжээ. Энэ ам монгол бөхийн түүхэнд хэзээ ч мартагдахааргүй явдал болсон доо.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 1. 11:49
БАБАБАБА

ГАНБАТ АРСЛАНГИЙН ААВ БАТЖАРГАЛ ГУАЙ ХӨВСГӨЛ НУТГИЙН ГАРАЛТАЙ ХҮН ШҮҮ. БИТГИЙ ХУДЛАА ЮМ БИЧЭЭД БАЙГААРАЙ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]