Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Аким ахай Эргүнэ Хунд зорчсон тэмдэглэлУншсан10,645

Өнгөрсөн үеэ сонирхдоггүй ард түмэнд хэтдээ гарамгай улс болохын хувь байдаггүй

АВРАЛЫН ОРОН ЭРГҮНЭ ГУН ҮЛГЭР ХЭЛЭВ ҮҮ,

ШАШДИР ХҮҮРНЭВ ҮҮ?

Өнгөрсөн үеэ сонирхдоггүй ард түмэнд хэтдээ гарамгай улс болохын хувь байдаггүй.

Грумм Гржимайло

Угаа мартhан хүниие

Ухан дээрэhээ гал идэхэ. Сэцэн үгэ

Эл гарчгийг тавьснаас яг сар хагасын өмнө бөлгөө. Молхи миний бие хадны бичээс судлах ажлаар манай нэрт археологич доктор Д.Эрдэнэбаатартай хамт аяллаа эхлээд ганцхан хонож байв. Бид Чингис хааныхаа Найманы Таян ханыг сөхрүүлсэн Наху гүн хайрхны өвөр бэлээр руни хэмээгдэх бичээсийн зураг дарж, хуулга авч явсаар Дашинчлан сумын төв рүү машины хамар дөнгөж шургуултал дор төмөр тасхийвэй.

Эрхүү голын хөндий Гэрэл зургийг Го.Аким

Үзвэл машины бие ялихгүй “чилээрхэн” ажгуу. Иймд бас шалихгүй “засал хийлгэх”-ээр болж байтал утас дуугарав. Авбаас Дэлхийн Монгол туургатны өв соёлыг хамтран хамгаалах “Их голомт” сангийн тэргүүн, Монгол улсын гавъяат жүжигчин Явгаан найз маань ярьж байна. “Хөөе, чи утсаа авахгүй, хаана тэнэж явна аа?” гэж байна.

“Муу нөхөр нь, судалгааны хэмээх том нэртэй ажлаар хөдөө хөхөрч, гадаа гандахаар явна” гэлээ. “Сайхан юм аа” гэж байна. “Муу нөхөр нь ингэж бядан явахдаа дуртай юм даа” гэлээ. “Тэгвэл чамд бас нэг бядах ажил гарах нь, хөө. Чиний нөгөө үглээд байдаг Эргүнэ гунд чинь очих боломж гарч байна, Буриад явъя” гэх нь тэр.

“Одоо яана аа. Найз нь сараас нааш очиж чадахгүй шүү дээ” гэвэл “ “За яах вэ, чи наад ажлаа гүйцээгээд ир, тэгээд хэдүүл явъя” гэж байна. Хажуугийн нөхөддөө мэдэгдээгүйгээс биш би дороо бараг дэвхцсэн дээ.

 

Алдарт Наху гун хайрханы дэргэд домогт Эргүнэ гунд зорчих энэ чимээ алтан амтай найзын минь алтан амнаас гараад муу хоёр дэлдгэр рүү минь алт мэт урсаад орж явчихлаа ! Дэндүү бэлгэ дэмбэрэлтэй байв шүү!

* * *

...Бид өгсөж явнам. Бид гэдэг маань Дэлхийн Монгол туургатны өв соёлыг хамтран хамгаалах “Их голомт” сангийн тэргүүн Г.Явгаан, цанид хамба Доржийн Агвааны тулгын чулууг нь тулсан Түнхэний дацангийн хамба Шоглохойн Даш ламтан бид гурав. Тийм ээ, бид гурвуул алдарт Нүхэн даваа өөд мацаж явна.

Зүйрлэж ярих дуртай Явгаан маань “Чандмани гурвын баг” гэж өөрсдийгөө дөвийлгөнө. Үүнийгээ үнэн зүрхнээсээ хэлнэ. Морин жим тахирлана. Бид гурав алхана. Урдхан талд Бүрэн хаан уул мөнгөрнө. Уржигдарын унасан цас хөвчин биеийг нь мөнгөөр өвч бүрсэн нь тэр.

Цагаан цасан малгайтай

Ногоон модон хүрэмтэй

Хөх усан хормойтой

Баян хангай уул минь гэж Хатагины их яруу найрагч Ц. Дамдинсүрэн абугайн шүлэглэсэн нь Бүрэн хаанд дэндүү таарч байна даа гэж цээжнээ зурсхийж байх аж. Тэгж явтал Нүхэн даваа нэг домог над шивнэвэй. Өгүүлсү.

Эрт урьдын цагт юм гэнэ билээ. Газар дэлхий дээр гайхалтай жигтэй амьтад оршиж, хүн зон агуй ангалд сууж байсан цаг юмсанжээ. Нэгэн залуу анчин шархдуулсан араатныхаа мөрийг хөөсөөр нэгэн гайхамшигтай газар хүрч иржээ. Анчны өгссөн уулын оройд том хад байжээ.

Тэр хаданд том нүх байлаа. Шархдсан араатны цустай мөр тэр нүхрүү орсон байвай. Залуу эр үүнийг өөрийнхөө бэлгээр ойлгожээ. Амьд үлдэхийн төлөөх агуу тэмцэлд аль алдаж онохыг хэлж барах вэ. Энэ нь аятай сайхны бэлгэ биш биз. Тэр араатныг мөнх тэнгэр түүнрүү явуулсан юм биш биз? Сумыг зайлуулаад, араатныг шархдуулуулсан, тэгээд түүний мөрөөр түүнийг явуулсан юм биш биз? Залуу анчин хадны нүхээр зоригтой орж явчихав. Тэр гайхалтай ертөнцөд оржээ. Тэрвээр модгүй халзан даваан дээр гарваас өмнө их уулсын хормой эмжсэн моддын дунд дуниартсан шар тал цэлийж байжээ.

Тэр талын зүүн захыг эмжин нэгэн их мөрөн хад урсган алдан алсласнаа уулын хөндийгөөр мурилзан зүүн хойш далд оржээ. Эргээр нь үргэхийг мэдэхгүй номхон сарлагийн сүрэг бэлчиж байв гэнэ. Сарлагийн саваг нь энэ дагшин газрыг ариусган арчих мэт газар шүргэж байв гэнэ. Залуу анчин сэтгэлээ барьж чадахгүй “тогоо нэрж” орхив.

Одоо овог аймгийнхан нь дайнч догшин хөршөөсөө бэргэхгүй, гэдэс хонхолзон өлсөж зовохоос айхгүй болох нь. Залуу эр нутагтаа буцаж ирээд, энэ бүх үзснээ овгийнхондоо ярьж, бүгд тэндээс нүүн мөнөөхөн нууцлаг даваанд хүрч, хадны нүхээр орон, уужим сайхан хөндийд очиж, цаа буга, сарлагыг гаршуулан, амар жаргалтай аж төрөн сууж гэнэ ээ.

Энэ соёд домог байх аа.

Энэ бол Нүхэн даваагаар Сэнсийн талд хүн анх очсон тухай домог юм. Гэхдээ тэр хүмүүс хэн байв? Ниндерталууд уу (Neanderthals)? Хомо сапиенсууд уу ? (Homo sapiens) Эсвэл бүр наашлуулбал Нукуз, Хиян нар уу? Тэд хөндийдөө багтахгүй өсч олшроод, хэнээс ч айхааргүй хүчирхэгжин дэвжээд энэ Нүхэн даваагаар хэрхэн гарав? Сэнсийн тал нь анчны овог аймгаа авч очсон тал мөн гэж домогт өгүүлсэн байнам.

Харин Монгол хоёр өрхийн /хоёрхон өрх байж таарахгүй, хоёр өрх гэдэг нь албат иргэдээ дагуулж явсан язгууртан өрх байх. Г. А./ амийг аварсан тэр уйтан хөндий мөн үү? Нүхэн давааны нүх гэдэг Монголчуудын хайлуулсан хясаа мөн үү? Гэвч энэ тухайтад ялихгүй хожим өгүүлсү.

...Бид “тэр анчны гаргасан хөвдөт тоом”-оор өгссөөр. Өмнө талд Бүрэн хаан сүмбэрлэнэ. Би тал зүрхтэй таваргаж яваа. Явгаан маань бэртэнгэ хөлтэй бүдчиж яваа. Далыг дарсан, далыг шүүрсэн хоёр өвгөн халх Нүхэн даваа өөд даан ч зүрхтэй мацаж явна. Бид Нүхэн давааны оргил хүрч чадах уу? Хүрсэн ч буцаж чадах уу? Хөлгүй хавцгайн ирмэг даган морин жим тахирлан мухирлан дээш одно.

Өчигдөр Ахад байхад биднийг дайлж цайлсан айлын өвгөн урьд нь Нүхэн даваагаар морьтой давж байж. “Аав маань над доош харж болдоггүй юм шүү” гэж захиж байсан гэж ярьсан. Нээрээ доош харвал толгой эргэн хийсмээр. Ганц хальт гишгэвэл хөлгүй ангалруу, доор хүрхрэн урхиран байх Эрхүү цагаан голруу нисэхээ ядахгүй. Гэвч бид зорьсондоо хүрэх ёстой.

“Нүхэн давааг хараад үхчих юмсан” гэсэн хачин бодол төрнө. Гэвч амны бэлгээс ашдын бэлгэ гэж Монголчууд цэцэлдэг. Муу бодлыг хөөх гэж оролдолтгүй, шар ногооны солбицол, цэнхэр цагааны тунарал, хүрэн борын хослол гээд байгалийн өнгө гэрлийн гилбэлгээнийг харахдаа муухай бодол аяндаа сарниж, сэтгэл уужраад, хийморь сэргэх мэт.

Тийм ээ, Монголын ууланд Монгол хүнийхээ хийморийг сэргээх агуу увьдас оршдог юм аа. Даш ламтан “сартваахи”-ийн үүрэг гүйцэтгэнэ. Даш маань урьд энд ирж байсан. Замыг таван хуруу шигээ мэднэ. Өмнө түүчээлнэ. Биднийг хүлээнэ...

Соёд гэснээс Соёны уул гэдэг нь соёдын нэрээс үүссэн гэнэ. Явгаан үүнийг байн байн ярина. Юманд учир, суманд гичир. Үүнийгээ учирлахдаа Явгаан нэгэн сонин домог хүүрнэсэн.

Нэгэн хөгшин том заан Эрхүү голыг өгсөөд явж байжээ. Тэгтэл Хар Эрхүү, Цагаан Эрхүү хоёрын бэлчир дээр ирээд хоёр соёогоо булгачихаж. Тэгээд дээшихнээ яваад том уул болоод хувирчихаж. Тэгээд хоёр соёогоо унагасандаа харамсан хаяа хаяа нүднээсээ нулимс дуслуулдаг гэнэ. Хоёр соёо нь Цагаан Эрхүүгийн цутгалан дээр бас бас хос цагаан чулуу болон хувирчээ.

Ер Монголчуудын уран сэтгэмжид хязгаар гэж үгүй хэмээн би мөн ч олон уулга алджээ. Явгааны цааш ярих нь, соёд гэдэг нь энэ соёо гэдэг үгээс үүссэн юм. Соёд хүн соёотой байдаг гэнэ. Явгаан бараг л нэгэн соёд бүсгүйн уруулыг нь татан, шүдийг гаргаж байгаад заан өгүүлсэн.

Энэ хууч яриаг Самайн Данзан багшаасаа сонссон гэнэ. Үнэндээ тэр уулыг харахад үнэхээр баруун тийшээ хараад хүглийн хэвтэж байгаа зааны байдалтай. “Алтан дэлхийн өлзийт газар үзэх судар”-т заан шинжтэй уулыг “Их заан дээшид хэвтэхэд адил тэр газар эрхэм хан хүнийг барих газар буй” гэжээ.

Тэгвэл “Газрын шинжийн Монгол сударт” “Их заан ба өлзий адил бол хүний долоон үе хүртэл сайн” гэжээ. Хан хүнийг төрүүлэх шинжит энэ газар үнэхээрийн өлзийт газар мөн, Монголчууддаа долоогоор тогтохгүй түмэн үедээ ч сайн юм билүү, хэн мэдлээ.

Ахиулан харваас зааны нүднээс нь нээрээ нулимс бөмбөрч байна гээч! Эл заан, хөөрхий, соёогоо алдсандаа харамсаад уйлж байна уу, эсвэл өнгөрсөн зууны гучаад онд энд болсон эмэгнэлт явдлыг “санахдаа” уйлж байна уу? Нүд гэдэг нь том агуй юм. Хүн хүрэхийн аргагүй гэмээр өндөрт буй учир нүд шиг л үзэгдэх аж. Гэвч хүн түүнд хүрсэн гэнэ.

Өнгөрсөн зууны гучаад оны аюумшигийн үед нэгэн лам шижир алтан бурхнаа тэр агуйд улааныхнаас нуухаар олсоор тийш буужээ. Тэгээд нөхөддөө агуй дотроос олсоо татаж авахыг хүсээд өөрөө бурхантайгаа тэндээ үлдэхээ хэлсэн гэнэ. Энэ нь үнэн үү, домог уу би мэдэхгүй. Даш маань ярьсан. Ер заан уулын ард их өндөрт долоон агуй байгаа нь харагдаж байсан.

Тэнд улаан оросуудын хядлагаас лам нар нуугдаж байсан гэнэ. Тэр эгц өндөр өөд яаж гарч чадав аа гэж гайхмаар. Нохой хамартаа хүрэхээр усч гэдэг. Хүн аминдаа тулахаар хаана ч хүрэхийг хэн байг гэлээ. Бид ч гэсэн өндөр өөд өгсөж явнам биш үү?

...Бид мацсаар. Өмнө талд Бүрэн хаан зүмбэрлэнэ. Морины баас хааяа таарах аж. Үүгээр морьтой хүмүүс явж. Яаж морьтой явж чаддаг байна аа! Явган бид ясаа тавьчих гээд байхад! Уулын хүмүүс, уулын морьд болохоор тэр байх даа.

Морь ганц бүдрэх юм уу, хөл алдахад хийснэ! Гэвч тийм юм хэзээ ч дуулдаагүй ажээ. Тэгэхлээр бид хүрнэ. Хүний алхаа гэж хорон юм. Дээш ахихын хэрээр Бүрэн хааны орой намсана. Оройд нь өнчин хурган үүл өлгөгджээ. “Хоёр цаг өгсөнө” гэж Даш бидэнд хэлсэн.

Цаг өгсөж байна. Тийм ээ, бид Явгаан, Даш хоёрынхоо цогцлоосон суварганы дэргэдээс нааш хөдөлсөн. Явгаан маань үнэхээрийн үндэсний үзэлтэй нэгэн. Үндэсний үзэлтэй гэдэг маань эх оронч гэсэн үг. Үндэснийхээ түүх, соёл, урлагт амиа тавина. Тэр л үзлээр буриад зондоо мартасныг нь сануулж, санаж буйг нь лавшруулах гэж өчнөөн жил зүтгэж явна.

Тэр л үзлээр Петрбург дэх Доржийн Агвааны сүмд багш Самай, Даш ламхай хоёртойгоо бурхан бүтээж, чухамхүү мөнөөхөн “зааны соёон”-ы хажууханд “Номун хүрдэн” суварга цогцлоосон. Энэ суваргаа Наймдугаар Богд Жавзандамба хутагт, Буриадын шарын шашныг үндэслэгч Заяа хамба, Цанид хамба Доржийн Агваан, Хайвзун Самайн Данзан нарын гэгээн дурсгалд зориулжээ.

Цагаан Эрхүү баруун урьдаас, Бүрэн хааны зүгээс хөөс сахруулан урхирсаар бууж, Хар Эрхүү баруун хойноос, Ахын нуурын наанаас хуй мэт хүрхрэн ирж нийлээд Эрхүү мөрөн болж, хангал эмнэг шиг цовчхсоор одох бэлчир дээр “Номун хүрдэн”-г босгосон аж.

Тэр хоёр газрыг үнэхээр олжээ. Ёстой нүдийг нь олно гэж энэ байх. Нүхэн давааныхаа бэлд л суврагаа босгосон байна шүү дээ. Гэвч Явгаан маань Нүхэн даваагаа энд гэж мэдээгүй, Даш маань Нүхэн давааг Монголын түүхийн нэгэн эхтэй холбоотойг санаагүй гэнэ. Гэвч зөн совингийн бэлгэ гэж айхтар юм буй.

Цаанаас нь Эцэг Мөнх тэнгэр, Эх Этүгэн дэлхий, Эргүнэ гунгийн даваа нь суврагаа энд цогцлоо гэж онч дохио өгөөд байсныг хэн байг гэлээ гэж бодогдож явав. Суврагыг босгож байхад нэгэн сонин явдал болжээ. Сувраганы бумбыг тавих гээд өргөгч цамхагаар өргөж байлаа. Түүнийг хоёр тонн том чулуугаар бүтээжээ.

Сувраган дээр яг тавих гэж байтал ган аргамжаа тас бууж, тасран алдав. Чанх дор нь Даш ламтан зогсож байжээ. Бүгдийнх нь зүрх зогсчих шиг болов. Гэвч бумба унасангүй, дэнжигнэсхийгээд тогтжээ. Чингээд бумбыг байрлуултал шивэрч байсан бороо зогсов. Чимээ алдарсан байсан хөхөө шувуу донгодов.

Үнэхээр бэлгэ зохирчээ. Монгол-Оросын мөнхийн найрамдлыг бэлгэдсэн энэ суврагыг хуучин Монгол, Оросын хил байсан газарт босгосноо Явгаан маань над бахархалтайгаар хэлсэн юм. Монголын хил энэ хавиар гарч байсныг би мэднэ.

Гэвч яг үүгээр үү? Юмыг баталгаажуулах гэж “муу санаалж” явдаг нь миний гэм биш зан. Иймд хорин зургаан онд Шар Дамдинсүрэн /Симуков/, Жамсрангийн Цэвээн нарын хийсэн Монголын газрын зураг үзэв. Улсын маань хил Хар Эрхүү, Цагаан Эрхүү хоёрын нийлэх уулзвараар гарч байжээ.

Өөрөөр хэлбэл Цагаан Эрхүү Монголын хил дотор байсан байна. Нүхэн даваа ч Монголын хил дээр байсан байна. Аяа, миний нөхөр Явгаан!...Аяа, Монголынхоо газрыг харьд өгөхгүй гэж тэмцсээр амиа өгсөн агуу эх оронч Аварзэд минь... Дайнд бус, тайван цагт газар шорооныхоо төлөө алтан амиа өгсөн ховорхон хүний нэг Та мөн! Танд минь хөшөө босгодоггүй юм байх даа.

Улаанбаатарын зүрхэнд Марко Поло гэж Халх Монголд ирээгүй хаа холын хар элгийн харь италын алцгар хөшөөрөхүү юм шовойлгож байхаар Аварзэд гэдэг агуу их эх орончийнхоо гайхалтай хөшөөг л сүндэрлүүлэхсэн. Бүр хориннэгдүгээр зууны уран барималын гайхамшиг гэж түмэн үедээ магтагдахаар! Гэвч бид гайхамшигт эх орончдоо мартаад л байна уу даа!

Үргэлжлэл бий.

Хатагин Го.АКИМ

Сэтгэгдэл 11ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 10 сар 10. 22:07
Зочин

manjiin 300 jild bid uusaj ih oor bolson yum bishuu ygaad gevel tsogt taij kio n deeres bugd bish yumaa gelee hbtsas hereglel 19 zuunii hureeniihaas shal oor gardag shuudee tuuhiin lgiigoor zaaval kazak kirgiz shig gej oilgoj bolohgui ted nart togtson suurin soeliin tov gej hot balgad bigaagui harin bidend bol HARHORUM geed asar tom soeliin tov baisan shuudee bichvel ch ih yum bn

2016, 10 сар 20. 20:44
Зочин

Marko Polo neeree Mongol ulsiig undeslesen baatar shig haragddag shuu yadaj bhad yag tuvd shuu, ochood unshih gants tailbar baihgui

2016, 10 сар 19. 9:19
ах

Зөвлөлт Монголын эрдэмтдийн хамтарч Манай түүхийг үзэл сурталд тааруулан бичүүлэх тухай нууц тогтоол гарч монгол талаас томилогдсон нөхөд биелүүлээгүй тухай баримт бий, 1930аад онд

2016, 10 сар 17. 10:50
Зочин

Псевдонау́ка (от греч. ψευδής — «ложный» + наука; синоним — лженау́ка) — деятельность или учение, представляемые сторонниками как научные, но по сути таковыми не являющиеся[1][2].

Другое распространённое определение псевдонауки — «мнимая или ложная наука; совокупность убеждений о мире, ошибочно рассматриваемая как основанная на научном методе или как имеющая статус современных научных истин»[3].

2016, 10 сар 15. 14:34
ганаа

Гадаад явдалын яамны сайд Аварзэд бол цогт эх оронч хүн байсан да.би энэ ажилыг хийж байгаа амьд яваа үедээ эх орныхоо газар шорооноос сөөм ч газар өгөхгүй ээ. Гэж хэлээд ажил албанаасаа авхуулж дараа нь учир битүүлгээр нас барсан гэдэг.Аварзэд сайдыг ажилаас нь халж цөлж байгаад араар нь монгол улсын газар нутагаас ихээхэн газар нутагийг орост өгсөн түүхтэй

2016, 10 сар 14. 16:56
Akimd

АКИМ ***** ЧИ ХҮНИЙ ХИЙСЭН НЭЭЛТ, СУДАЛГААГ ӨӨРӨӨ ХИЙСЭН БОЛГОЖ ЯВАХАА ИЧЭЭСЭЙ, НААДХЫГ ЧИНЬ ӨӨР ХҮН СУДЛААД ГАРГАЛГААГ НЬ ГАРГАЧИХСАН БАЙХАД ХАЖУУГААРН Ь ДАЙРЧ ОЧИЖ БИ ЭНЭ ГАЗРЫГ НЭЭЛЭЭ Ч ГЭХ ШИГ, БОЛЬ ЗА

2016, 10 сар 18. 14:01
Зочин

чадаж байгаа нэгэндээ бүү атаарх үхэр монгол миньСэтгэгдэл бичих...

2016, 10 сар 18. 13:27
Зочин

bitgii ataarh chadal chin hurvel uuruu yv hoshuugaa biluudej suusnaas deer

2016, 10 сар 3. 21:32
зочин

Манай ард түмний түүхийг оросууд өөрчлөн бичиж бидэнд хэзэн үеэр заасан учраас бйдний түүх худлаа болж оросын хүчээр л байгаа гэсэн ойлгоц өгсөн юм. Өөрөөр сэтгэж үнэнийг хэлсэн эх оронядыг Цэдэнбал 3 үеэр нь хавчин хохироож байснаас одоо зүрхээ авахуулсан долигнуурын үр сад үлдээд б. Монгол хүнээ гадаадын хүнээс дор тавьж хавчиж байсан тул монголын төлөө зүтгэсэн хүн бүрийг үр удмаар нь хохироосон урвагч Балын гайгаар одоо эх оронч хүн улам цөөрч б. Үнэн түүхээ худал болгож урвагчийг магтаад байхад улс орон яаж дээшлэх вэ дээ

2016, 10 сар 3. 12:20
Иргэн

Сонирходоггүй биш ээ, Хүнд харагдаж, гарт баригдахаар түүх соёлын баримт материал байдаггүй болоод мэдэхгүй байна. Байгаа хэдэн түүхийн баримт нь хэдэн удаа ч гуйваж, Хятад Оросын нөлөө орж өөрчлөгдсөн юм бүү мэд, бас олдсон баримт сэлт гэж түүхийн архивын чийгтэй агуулахдаа байдаг байх, түүхэн үзмэр тайлбартай газар байна уу. Зарим нэг түүхэн зохиол нь түүхэн юм уу уран зөгнөлт юм уу бүү мэд зохиолчийн хэт өөрийн үзэл бодлоо шингээсэн, хэт өөрсдийгөө дөвийлгөсөн, хэт хөөрүү зохиолууд байдаг.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]