Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Лха.Дарьсүрэн: Танихгүй танилуудын золголт - 3Уншсан3,761

...Хүрээний нууц хүн Озакурагийн удирдамжаар яваа бол юуны өмнө Яндагийг сураглах ёстой. Яндагийг олох ганц арга бол Цэрэн гүнгийн охин Жаргал юм. Тиймээс Жаргалыг олж түүний амь бие, амьдралыг хамгаалах хэрэгтэй!

Зохиолч Лха.Дарьсүрэнгийн "Онцгой эрх" роман нь Монголын тагнуулчдын эр зориг, авхаалж самбаа, ур чадвар алдар гавьяаг тод томруунаар харуулсан онц сонирхолтой ном билээ. Өнгөрсөн зууны сүүл, 70, 80, 90-ээд оны үед зохиолч Лха.Дарьсүрэнгийн ганц "Онцгой эрх" ч биш адал явдалт, онц сонирхолтой зохиол  бүтээлүүд уншигчдыг байлдан дагуулж байсан юм. Түүний бүтээлүүдээс "Танихгүй танилуудын золголт" хэмээх туужийг цувралаар хүргэж байна.


Өмнөх нь: Лха.Дарьсүрэн: Танихгүй танилуудын золголт - 1

Лха.Дарьсүрэн: Танихгүй танилуудын золголт - 2

 
Гуравдугаар хэсэг.

 

Очир, хурандаатай улаан нүүрээр уулзаад хятад дин буудалд хоёр хоног дугжрахдаа алжаасан биеийн чилээг гаргаж, хөх царайгаа цайлгаж гэгээ оруулахыг мэрийлээ. Тэгээд үсээ ургуулах эм тун тунгаар уугаад, хүн орхойдойтой тос нүүрэндээ нялаад нойрны эм хэд хэдийг гударлаа. Буудлын эзэнд өндөр үнэ төлж, ацаг хөлсөөр ам хэлийг нь сайн багласан Очир, гэгээ муутай шавар нүхэнд нойр аваад өндийтөл сэтгэл сэрхийлгэсэн бодол гэнэт төржээ.

 

...Арван хоёр жилийн өмнө өртөө зангиас огцруулсан Магсаржавт эчнээ өшөөрхөж, шүд зуусан Жудаг сэтгэлдээ “Зангиас дээгүүр, ядаж сул тайж байсан бол халх жасааны түшмэлтэн намайг гоочлох, санаа өвөрлөхгүй байсан! Магсаржавыг амаар нь шороо үмхүүлчих аз дайрдаг болов уу?” гэдэг орь хүслэнд захирагдсан тэр үед “амбаны сангаас хишиг хүртэх” тавилан заяасан. Чингээд мөр үлдээлгүй оргож явах хугацаандаа Ташкентын ойролцоо нутагладаг цахаруудын нэгэн баянтай танилцаад охинд нь хоргодож, сээтэн хаях болов. Тэрээр энэ завшааныг тунгааж, хэдэнтээ эргэцүүлээд “Үжнээтэй суувал ямар ашиг гарах вэ? Цахарууд малаар л баярхана! Зудтайхан жилийн дорвитойхон шуурганд мал нь хиарчихвал эд модоо барина! Тийм гарз дайрахгүй бол яах вэ? Алт... алт! Алтны эзэн бол хүний сэтгэл санааг байтугай хорвоог хөрвүүлж хөлдөө сөгтгөдөг жамтай! Тэгэхээр цахаруудыг ямар ч үед гартаа оруулж захирч болох нь. Ингээд зогсохгүй Ижил мөрний Халимгуудын ноёдыг өөртөө татвал уу! Санасандаа хүрэх зам аяндаа нээгдэнэ” гэж бодсоны эцэст гэрлэх аяа бодсон. Харин Үжнээг сэтгэлдээ мөрөөдөж явдаг нэгэн залуу эл учрыг гадарлаад далдуур сэм бэлдэж,  замыг нь отдог болсныг Жудаг гадарлаагүй. Тэрээр нэгэн удаа үүр шөнөөр алтаа дарсан агуйг зүглэхдээ хойноосоо дагасан хэсэг хүмүүсийг анзаарсангүй. Чингээд түүний бодол талаар өнгөрч, цахар залууст бөөрөлхүүлж, нүдүүлээд зогссонгүй дарсан алт, эрдэнэсээ алджээ. Жудаг муу санаагаар эрдэнэсээ хоёр хувааж дарсан учраас ихэнх хэсгээ цахар залууст алдаад өчүүхэн хувьтай үлдэж, улаан голтой хоцорсондоо баярладаг билээ. Жудаг, цахаруудаас өшөө барахын тул нутгийнхантай хуйвалдаж дээрэм хийж түйвээсэн атал хүний нутагт хүчин мөхөсдөж баригдаад нарсанд түгжүүлжээ. Гэсэн ч тэрээр Дундат Азийн халуун элс, Алтайн сүрлэг уулсын тэсгэм жавар, Сибирийн намагт байгуулсан Хаант Оросын шоронгийн хүйтэн чийгэнд хэдэн жилийг авахдаа гутарч гуних, айж эмээх зэрэг сэтгэлийн шаналгааг тоолгүй, эр зоригондоо эрдэж явсан. Гэтэл  Хүрээнд хөл тавьснаас хойш цээж давчдан, айх сэтгэл төрж, он жил санаанд буугаагүй бодлууд оюун ухаанд харваж, сэтгэл  түгшээсэн төдийгүй далдын лай даллах шиг санагдана.

Найман жилийн өмнө авхаалж самбаа, ов мэхээрээ Сибирийн шоронгоос эсэн мэнд мултарч “нохой азаар” Токиогийн бараа харснаас хойш амьдын жаргалын зам мөр зурайж, их хотын нүргээнтэй ижилдэхдээ шуналын дөлөнд сэтгэлээ төөнүүлж, алтны өнгөөр мөрөөдлөө нийгүүлсэн Жудаг, хулгай дээрмээс ондоо, өөр нэгэн өвөрмөц аргаар “алт олж, улсын эзэн шиг” баярхан, амьтан хүнийг өөртөө сөхрүүлэх ид шид боджээ. Өчүүхэн хэргэмээ алдсандаа гол гонсойж мөчөөрхсөн Жудаг, Халх жасааны түшмэлтэй шөргөөлцөж, өшөө авахыг мэрийж сэдсэн анхны санаагаа аймаг хушуу захирсан хэргэм зэргээр солихыг хичээж эрийн жолоо сориод эс бүтжээ. Жудаг, ховдог хомхой сэтгэлдээ захирагдахын эрхээр алтны үнэ, өнгөөр хорвоон амьдрал ахуйг гартаа атгадаг өвөрмөц ертөнцийн жам ёсыг сэтгэл зүрхээрээ ухаараад өөрийгөө тушаасан. Хүний ул шагайх, өө сэв эрэх, ов мэхээр ашиглаж залилахын ухаанд мэргэжээд Манжуур Өвөр монголоор хэрэн тэнэж, цэрэг улс төрийн хорлон сүйтгэх, хутган үймүүлэх ажиллагааг дэвэргэхдээ япон, цагаантан хоёроос багагүй шан хүртсэн. Тэр шан хөлс Токиогийн нэгэн банканд хадгалаатай байдгийг хэн ч мэдэхгүй ажээ. Тэрээр өнгөрсөн хавар зүүн умард хятадаас Токиод дуудагдаад шинэ үүрэг гүйцэтгэхээр Харбинд ирж, монголын талаар мэргэжсэн Озакурагийн мэдэлд шилжсэн. Чингээд Харбинаас Хүрээний бараа харахаар хөдлөхийн өмнө “нууц эзэн” Окакураас хэрэггүй үг сонсоод айж гайхахын тээрмэнд сэтгэлээ эмтлүүлэх болжээ.

Очир, янжуурын утаа манантсан давчуу өрөөний адар ширтэн хэвтэхдээ ажил төрлөө янзлах арга ухаан бодох атал сэтгэл зүссэн хэрэг явдал санаанд бууж нүдний үзүүрт сүүтэгнээд сарних аюултай. Тэрээр янжуураа гүйцэд татаж чадалгүй барьсаар “Үжнээ! Сайхан хүүхэн. Цахаруудын сор. Үжнээг ямар чөтгөр хөтлөөд Хүрээнд авчирсан бол! Хүрээний давчуу гудамжны хаана нүүр учирч толгой цусдах бол! Совин татаад аз уу, эз үү? Үжнээгээс өөр намайг хөөдөх нохой ч Хүрээнд байхгүй. Озакура ноёнтон хувилсан дүрэндээ орохыг итгэлтэй гэсэн. Тэгэхээр Улиастайн Говорилов уу? Заяын панз Бадрал уу? Царай цайж амжсан бол сэгсгэр үс, хиймэл сахал Үжнээгээс аварна” гэж бодоод орноос босож толинд царайгаа харвал нэлээн шингэрсэн байлаа.

-Овоо шүү! Дорвитойхон гялайсан байна. Сэгсгэр халимаг, хиймэл сахал, нүдний шил зүүчихээр хэн сэжиглэх вэ? гэж өөртөө хэлээд толины өмнөх янжуураа авч асаалаа. Очир, буудалд тав хонохдоо оногдсон үүргээ бүтээгээд Хүрээнээс зайлахын хүсэлд захирагдахын эрхээр яаравчилмаар санагдавч алхаа, гишгээ бүхэн хатуу хуваарилсан өдөр, судар, дэг горимтой учраас түүнийг гажих толгой байхгүй ажээ. Очирт даалгагдсан хэд хэдэн үүргийн нэг гол зорилт бол “Гогцоо” хэмээх нууц төлөвлөгөөг Шильниковын товлолтоос хоёр хоногийн өмнө эхлүүлэх, Богдтой уулзаж “гогцоод” туслалцаа үзүүлэх талаар тохирох, эмсгий Яндагийг олж туршаад найдвар алдаагүй байвал нам, төрийн зарим удирдагчдыг хорлуулах, гүн Цэрэнгийн охиныг хуйвалдаанд оролцуулж, тулгамдсан үед түүнийг золионд гаргаж хэргийн ул мөрийг будилаантуулах ёстой. Чингээд Дашчойпил дацангийн Дорлигтой улаан нүүрээр уулзаад хувилсан дүрэндээ орох ёстой учраас үд өнгөрөөд буудлаас гарлаа.

Очир, Дашчойпил дацангийн дунд мөрөнд дээгүүр жавдантай Дорлигт бараагаа харуулах янзтай баганын дэргэд зогсож байгаад хурал гадаалахаас өмнө дацангаас гарч Жанрайсэгийг чиглэв. Гэтэл Очирын ард өвгөжөөр хүний дуу сонсогдож, чих тавин чагнавал,

-Хүүе хүүхээ. Цаад хөх дээлтэй залууг дуудаадхаач гэж хашгиртал Очирын дэргэдүүр өнгөрч явсан нэг залуу зогсоод,

-Хүн гуай! Таныг тэр өвгөн дуудаад байна гэлээ. Очир зогсосхийж өвгөн өөд эргэн харахдаа “Хүн андуурсан юм болов уу?” гэж бодоод,

-Өвгөн гуай! Та намайг дуудаа юу? гэж Очир сорьж асуулаа.

-Тэгэлгүй яах вэ? Хүү минь ахыгаа таньж байна уу гэж асууснаа Дорлигийн барааг харсан өвгөн: -Унзад гуай морилж явна гэж шивнээд хөөрөгнийхөө уутыг тэмтэрлээ. Чухам энэ агшинд Очир самбаачлан, өвгөнийг сайн ажвал сэтгэлд буух сэжиг гарсангүй. Өвгөн унзадыг танимхайран,

-Жа ламба гуайн лагшин амгаланг айлдъя гээд мэхийн мэндлэв.

-Амгалан. Та амгалан тавтай юу гээд хөөргөө өвгөнд өгөөд,

-Очир хүү ая тухтай юу гэлээ. Унзадын энэ үгийг сонсоод гайхсан өвгөн,

-Аа лам базарваань... Ах нь хүн андуурчээ. Аа нүглээ хөөд чамайг гэж өөрийгөө зүхээд эргэсэн учрыг Очир хэрхэн мэдэх билээ. Өвгөн, хүн андуураагүй бөгөөд чухамхүү Жудаг нэрээ Очир гэж сольсныг мэдээд түүнийг лавлаж ажигласнаа мэдэгдэхгүйг хичээж худлаа уулгалаад Ганданг чиглэсэн аж.

Өвгөнтэй ганц үгний бүтэн зөрөө гаргаж чадаагүй Очир, Дорлигтой ярилцаж ажил төрлөө янзлахыг чухалчилж байсан болохоор үнэндээ өвгөнийг төдий анзаарсангүй аж.

-Унзад гуай! Намайг ирснийг Богдод айлтга. Би хятад дин буудалд олон хономооргүй байна гэхэд Дорлиг үүргээ мэдсэн “зүтгэлтэн” шиг,

-Сэтгэл зоволтгүй. Байр сууц бэлэн гэлээ.

Богд, Ардын засгийг унагах ая тал хайхдаа гадаадаас тусламж авахыг мэрийж урьдын танил Озакурад нууц захиа илгээхээр итгэлтэй хүн олохыг дэргэдийн шадар хүн захиснаар Дорлигийг сонгожээ. Озакура, Нармай Монголыг байгуулах төлөвлөгөөний дагуу монголыг төвхнүүлэх нөхцөлийг хангах боломжтой бүхнийг хийхээр Монголд ирсэн хүн билээ. Гамингийн жил Богдыг нарснаас гаргаж ухаан сийлсний зэрэгцээ Баронд хүрээ хотын талаар байнга мэдээлж байлаа. Харин Ардын засаг мандсаныг мэдээд цагийн байдлыг үл андах Озакура, Богдтой сэм уулзаж хойтын зам мөрөө засаад, журамт цэргийг Алтанбулагаас хөдөлж Хүрээг чиглэмэгц Харбины зүг жолоо залсан. Дорлиг хоёр сар гаруйн өмнө Баргын сүмийнхний дэмээр Харбинд очиж Богдын “нугалбарыг” Озакурад барьжээ. Японы тагнуул, Богдын захиаг Дорлигоос хүлээн аваад тэр дор нь Токио руу яаралтай дамжуулаад Японоос ирэх хариу шийдийг бие хүнээр явуулна гэж амлаад Дорлигийг Хүрээ чиглэхийн урьдхан Очиртой уулзуулжээ.

Семеновын түлхээсээр Манжуурт ирсэн хоёр генерал Хүрээний агентуудтай холбоо барьж, ажил байдлыг мэдээлжээ. Семенов, урьдын төлөвлөсөн “Гогцоо”, “Гурван баян” гэдэг томьёололтой шаталсан төлөвлөгөөг хянасан Японы Цэргийн Яамны зөвлөмжийн дагуу бэлтгэж, Очирыг Озакурагийн мэдэлд шилжүүлсэн билээ. Чингээд Очир Хүрээ чиглэх болсон учир тэрээ.

Дорлиг Хүрээнд ирээд удаж шалиагүй байтал Очир ирж, Богдтой уулзах болсонд лам баярлаж, гэгээний таалал хишигт ивээгдэхийг хичээсэн түүнд далим гарсан сэтгэлдээ олзуурхаж байлаа. Харин Очирын сэтгэл тав тухгүй. Муу санаа хашир хөдөлгөөнөөрөө гайхагдсан Очир хүн андуурсан өвгөнийг тоогоогүй атал зүрх алдах, эмээх сэтгэл төрсөн элдвээр хянан тунгаавч онолын үндэслэлтэй дүгнэлт хийж чадсангүй. Очир өөрийнхөө алдаа сэвийг олохыг хичээгээд “Хүний үйл гэнэт илэрдэг юм байлгүй. Үжнээ... Гайны энэ хүүхэн дээр санамсаргүй нэг өвгөн нэмэгдэх нь үү! Арай тэгж харламааргүйсэн. Ер нь хувилгаан дүрэндээ оръё” гэж бодоод өөрийгөө тайвшруулжээ. Очир юм бүхнийг эргэцүүлбэл олон жилийн өмнө хүн амьтнаас зугтаж “Олзныхоо алтыг алдчихгүйг” хичээж явахдаа зүрхээ хагалчих шахаж, хий шаналсан. Одоо яг тийм хоосон, хий шаналгаанаас айн зэвүүрхэх нь Үжнээтэй дайралдахгүйг бодож, хэт хичээсний балаг болохыг мэдэв. Тэгээд японд тагнуулын сургуульд байхдаа “Тагнуулчин хүний сэтгэхүйн онцлог, зориг тэвчээрийн үндэслэл” заадаг нэгэн профессорын үгийг санав. Тэрээр яриа болгондоо “Хүний сэтгэхүйг гэнэт цочоосон хүчтэй цочролын голомт тархинд удаан хадгалагддаг. Тагнуулч хүн, дайсныхаа сэтгэлд хоногшоод мэдэгдэхээргүй нууцлагдсан тэр эмзэг согогийг илрүүлж чаддаг байх хэрэгтэй. Энэ бол тагнуулчдын уран чадвар, жинхэнэ авьяас мөн. Хүний сэтгэл санааны дотоод доголдлыг илрүүлж, итгэлтэйгээр ашиглаж болох этгээдийг олж гарцаагүй баримтаар урхидаж чадвал ямар ч зүйлийг хийлгэж болно. Он жил нууцлагдсан сэтгэхүйн эмзэгт захирагдсан хүн хямралд амархан ордог. Өөрөөр хэлбэл сүнсээ зайлтал айсан цочролыг хоёр дахь удаагаа мэдэрсэн хүн, эзнийхээ гарын аяыг дагаж, өөрийн эрхгүй захирагдаад дуулгавартай адгуус шиг номхордог. Тиймээс гартаа орсон хүний цочролыг тайвшруулалгүй, цаг ямагт түгшээж байвал, хэрэгтэй бүхнээ  хийлгэж чадна” гэж хэлснийг харгалзвал Очир, Үжнээгийн аманд орчихсон зөөлөн чихэр шиг хүлхүүлж, хөөрхийлөлтэйгээр үрэгдэх нүгэлтэй ажээ. Очир, ламынд гурав хоносны дараа нэг өдөр “хүн андуурсан өвгөнийг” Дорлигоос асууж лавлахаар шийдээд,

-Эртээрийн өвгөнийг сайн таньдаг уу? гэлээ.

-Танина. Хүрээнд олон жил болсон хүн. Уг нь Сэцэн хан аймгийн  хөвчөөс цагаачилж ирсэн гэлцдэг гэхэд Очир, “Ямар ч хамаагүй хүнээс ингэж болгоомжлох гэж дээ” хэмээн үглээд сэтгэлээ тайвшруулав. Чингээд төлөвлөсөн ёсоор маргааш нь сахалтын тэргэнд сууж “Билгийг арвижуулагч сүм-ногоон ордыг” зүглэжээ. Богд Харбинаас ирсэн айлчинг чамбайхан угтахаар шийдэж, дорвитой бэлтгээд донир, сойвон нараа хөлийн өрөөнд үлдээжээ. Очир, Богдын амгаланг хуучин ёсоор эрж, хадаг дэлгэн тавин лангийн енбүү барьж, сэнтийд ойртон уянгалуулсан хоолойгоор,

-Амьтныг жаргуулагч, наран гэрэлт, түмэн наст, ачит тунгалаг, шашныг бадруулагч, гэгээн таны өршөөлд багтсан өчүүхэн шавь, үгээгүй харц би, төр, шашин барилдахын хувь зохиолоор өвдөг сөгдөн амгаланг айлтгаж, насан хутаг өлзий оршихын ерөөлийг дэвшүүлье гэж Дорлигийн зааж өгснөөр хэлээд мутрын адис хүртэв. Дорлиг үүнийг хараад “Богдоос мутрын адис авна гэдэг бурхан болохын ерөөл” гэж сэм бодоод атаархжээ. Богд, сэнтийн баруун талд зассан олбог түшлэгийн зүг дохиход Очир, түүнд заларч хормой тэгшлэв.

-Жаа... хэргийн учир, хүслийн үзүүргүй жолоо хэрхсэнийг айлтгаж, сэтгэлийн чилээг гаргах сайныг шингээсэн, есөн хүсэл, арван буяны ачийг соёрхсон, өлзий ерөөлийг айлтгана уу гэж тасалдсан дуугаар асуув.

-Жа... гэгээн таны тааллаар өнгөрсөн хавар ламтан /Дорлиг/ хүргэсэн нугалбарыг Наран улсын эзэн, цагаан хааны Се /Семенов/ ноёнд таниулан хэлэлцээд Зүүн хязгаараар их цэрэг нэвтрүүлэхээр тогтсон билээ. Очирын хэлснийг тунгаан бодож толгой дохиж суусан Богд,

-Шашин, төр тэргүүлэн, өчүүхэн шавь дордсын буян заяаг ивээсэн өлзий энэрэлийг хичээн, гар сунгасан Наран улсын хайр хишиг, нигүүслэнгүйг гийгүүлж бидний чихнээ сонсгосныг хичээвээс баярын совин хязгааргүй буй гэж талархан өгүүлэв.

-Их цэрэг нэвтрэхийн өмнө Хүрээний Ко ноён, Ардын намын дарга нарын хөлийг хорьж, Сү /Сүхбаатар/ тэргүүтэй хэдэн хүнийг Богд таны таалалд сөгдүүлэхийн учир ажил хэргийн шулууныг бодож, шавь олноо хүрээ хийдээс, зэвсэглэн хөдөлгөхийг хүлээнэм гэж Очир давс хужирыг тааруулан гиншиж айлтгатал Богд зөвшив.

-Их хүрээний хэрэг явдлын үйлсийг санан, донир сойвонгоор хэл залгуулна. Буяны мөрийг тодруулсан хурын үүлнээ, бурхны таалалд нийлүүлж хэрэглэх зэр зэвсэг дутваас чихнээ дэлсгэх буюу гэж Богдыг хэлэхэд Очир, Дорлиг хоёр голын Цагаан сүм, хайстай, Шар орд зэрэгт нэлээн зэр зэвсэг байгааг гадарлажээ. Богд яриа дууссаны дохио болгож хоолой засаж, чимээ өгтөл гаднаас донир, сойвонгууд орж ирээд Богдыг сэнтийнээс түшин буулгаж, таван амттан зассан ширээний дээд суудалд заллаа. Богд урт гараараа ширээний зүг дохин

-Ариун буян тогтохын өлзий шингэсэн, шавдан бататгахын ерөөл бүрдсэн идээний дээжийг өргөн барина уу гээд баруун гараа ширээн зүг явуулж, тэмтчихийг харсан донир, ногоон хаш аягыг гарт нь бариулав. Богдын паливгар царайны хөнхөр ухархайнд шигдэж ширгэсэн, ертөнцийн гэрэл гэгээг мэдрэхээ больж яваа анивчсан мэлмийн, нулимс цийлэгнэсэн зовхийг ажсан Очир “Урьдах мөрөө үл харах энэ хөгшин түвд, шашин, төрийг хослон барьдаг ч голионы жогорхой догоо. Ийм эзэнтэй улс орон руу бачтай амьтад шуналгүй яах вэ? Харин Ардын засаг үе сүүл гударчихаагүйд баярладаг болов уу” гэж бодоод инээд хүрчээ.

*   *   *

 

Рагчаа, өөрийнхөө ажилтнуудыг энэ өдөр өглөө эрт цуглуулах гэсэн боловч Доржтой уулзаж, Паарал вангийн тухай сонсоод хойшлуулжээ. Дорж, хувцсаа солиод үдийн үед Богдын ордны, танил манзчин ламтай уулзаж, Гунгаадэжидлингийн тахилчийг сураглахаар очжээ. Богдын ордны гадуур мөргөлчид ихтэй, андамин хаалганы зүүн чийганаас /тахилын өндөр мод/ холгүй хэдэн морин тэрэгчин зогсож, мөргөлчдийг ажиглан, хүрээ чиглэх хүн” хүлээнэ. Дорж, ордны хойгуур үргэлжилсэн хашаанаас гарч ирсэн нэгэн өвгөнөөс, манзчинг сураглавал,

-Цаад гэрт чинь байна гэв. Дорж хашааны голд шахам барьсан гэрт орвол хэдэн лам нар бууз чимхэн, том зуухан дээр жигнүүр тавьж, хонины ууц, жимс чихэр дэлгэсэн харагдав. Богдын сангийн их нярав бололтой бүдүүн эр,

-За чи юун хүн бэ? Хамаагүй тэнэж хэсэж явдаг чинь юу билээ гэж омогдов.

-Жаа... Би манзчин гэлэн гуайтай уулзах гэсэн юм гэж Доржийг сүсэглэн хэлэхэд нөгөө нярав,

-За заа зайл. Энд ажилтай байна. Гэлэн гуай чинь хашаанд байгаа байх гэв.

Дорж гэрээс гарч хашаанд хэсэгхэн зогсвол гэрийн хойно түлээ хагалах чимээ гарлаа. Чингээд гэрийн зүүн хаяаг тойртол манзчин гэлэн түлээ хагалж байв.

-Жаа гэлэн гуай, лагшин тунгалаг уу гэж Доржийг лавлахад,

-Дорж хүүгээр юутай вэ? гэлээ.

-Зүгээр шахам явна. Гэхдээ Цагаан ордны тахилч ламба гуайг олж уулзах санаатай.

-Дорж минь. Өнөөдөр түүнийг олохгүй, оллоо ч чамтай уулзах завгүй. Ер нь энэ хавиар эргээд яах вэ? Богдод хүн бараалхаж байгаа. Эндээсээ Цагаан орд руу ч явж магадгүй. Тэгэхээр чи, тахилчтай уулзаж чадахгүй. Их даамал гарч ирвэл муу юм болно гэж манзчин лам Доржийг хөөх шахам хэлэв.

-За тэгвэл ярихаас даа. Тэр гийчин  ирээд удаж байна уу?

-Одоо залрах /явах/ дөхөж байгаа гэж манжчин хэлээд хэсэгхэн түлээ гар дээрээ овоолоод гэр рүү чиглэв.

Дорж, Ногоон ордны баруунтайгуур холуур тойрч, Шаравпилжээлингийн ойр хавийг ажиглах зуур “Пааралван гуайн ярьдаг өнөө дүвчин /хараал зүхэл хийдэг/ лам ирсэн хэрэг байх нь ээ. Чингэвэл өнөө цорж лам бараадаж яваа хэрэг” гэж бодоод Билгийг хөгжүүлэгч сүмийг алгуур тойрч мөргөж байгаа сүсэгтнийг даган алгаа хавсарч маань уншсан царайлж ордыг тойрон гэлдрэв. Дорж ордонг дөрвөн удаа тойрч эргэх зуур ордны зүүнтээ байсан хэдэн тэрэгчнээс бавгар сахалтай нэгэн орос тэрэгчин үлдсэнийг ажив. Тэр тэрэгчний дэргэд хэд хэдэн хүн очсон атал суулгүй буцахыг эргэцүүлбэл ордноос гарч ирэх хүн хүлээсэн шинжтэй. Чухам энэхэн үед Богдын ногоон ордны Баруун даамангаас хэд хэдэн хүмүүс гарч ирснийг ажвал Богдын сойвон донирууд аж. Тэд нэгэн өндөрдүү янхигар биетэй, шар хамбан дээлтэй лам, хүрэн торгон тэрлэгтэй, нарийн бүрх тухлуулан тавьсан дунд зэргийн  нуруутай цагаан царайтай туранхайвтар хүнийг гарган өгч байлаа. Чухам тэрхэн зуур өнөө орос тэрэгчин тэдний зүг эргэв.

Мөргөлчид ордноос гарч ирсэн хүмүүсийг сонирхон зогсох тэрхэн чөлөөнд Дорж самбаачлан гэлдэрсээр тэдэнд ойртов. Хүрэн торгон дээлтэй дөч эргэм насны хар хүнийг /лам биш хүн/ ажвал тэргэнд суухаар жуузны гишгүүр өөд гарахдаа үл мэдэг догонцох шиг, эвгүй байдалтай хөдлөх ажээ.

Дорж, жууз тэрэг, тэрэгчний байр байдал, ламын царай төрхийг сайтар ажиглаад Консулын дэнж орох янзтай шогшуулж, Цагаан хуаранг чиглэсэн тэрэгний хойноос гөлөрсөөр зогсов. Дорж тэр тэрэгний араас ажиглан мөшгөх ямар ч бололцоо байсангүй. Чингээд ордны зүг эргэтэл Доржоос төдий холгүй, манзчин хөгшин хэдэн лам нартай зогсож байв. Тэд гийчнийг сонирхсонгүй. Харин цорж хэргэм хүлээсэн Гандан хийдийн лам Дорлигийг сонжин ажихаар гэрээс гарч ирсэн ажээ. Дорж, манзчин ламын дэргэд хүрч очтол тэрээр нэгэн ламтай яриад төдий л тоосонгүй.

-Дорлиг, цорж болоод гавьсангүй шив дээ. Уг муут угаавч хар гэгчээр цорж хувцас ер зохицсонгүй. Өнөө л бөгтийж, бээцийсэн хэвээрээ, хийморьгүй харагдаад нэг л өнгөгүй байна гэж хажуудах лам нь хэлэв.

-Тиймээ. Хажууд дахь хар хүн нь өнөө Боргын армийн сүрхий цуутай дүвчин биш шив дээ гэж манзчнийг хэлэхэд нөгөөх нь

-Цаг төр цөвтэй байхад хатуу догшин сахиус залахаар нууцаар ирж байгаа хүн, мухар захтай хувцас лай болох байлгүй. Зүүн хүрээ, Гандан хийдийн лам нарыг сонжооч, хүний илүү дутууг гоочлох дуртайг мэдээд тэдний нүдний хорхойг хариулж, хар хувцас өмсөө байлгүй гэтэл манзчин Доржийг ажиглах төдий хараад

-Доржоо! Хүүхээ... Цагаан ордны тахилч лам тэр явж байна гээд манз, цавны хашааны хаалгаар орж яваа нэгэн залуухан ламыг заав.

Дорж, энэ өдөр Богдын ордны хоёр хаалгачтай уулзаад сонирхсон зүйлээ тодруулах сэжим олж аваад оройхон хирд буцаж, Рагчаад болсон байдлыг илтгэв.

-Чи тэр хар хүнийг сайн ажигласан уу?

-Сайн ажсан. Нуруугаар дунд зэргийн, тун шаламгай, хөнгөн шингэн хүн байсан. Гэхдээ баруун хөлөө гишгүүр дээр тавьснаа хоромхон зуур сольж зүүн хөлөөрөө гишгүүр өөд шалмагхан гарч байна билээ.

-Дорлиг Баргын сүмд очсоноо лам нараас зориуд нуухын тулд Хамбын хийд орсон гэдэг цуу тараасныг юу гэж бодож байна даа. 

-Дорлиг Богдын нууц даалгаврыг нэр төртэй биелүүлсэн учраас цорж хэргэм хүртсэн. Энэ эгзгийг далдлахын тул эрдэм чадлаараа мяндагт хүрсэн гэдэг ойлголт төрүүлэх гэж үнэнийг нуусан хэрэг. Нөгөө талаар Дорлиг, Богдтой гурав уулзсан байх ёстой. Харин Баргаас ирээд ажил хэргийн явцыг танилцуулсан тэр уулзалтыг мэдэх хүн алга. Нөгөө талаар Дорлиг ямар хэргээр явсан бэ? гэдэг тодорхойгүй байна. Богдын ордныхны илүү дутууг мэддэг хүмүүсийн ам сургаар бол Автономитыг дахин байгуулах тухай жиг жуг гэлцдэг гэнэ. Пааралван гуайг Жаарай гүн хэлмэрч болгохоор гуйсныг үзвэл Дорлиг, Барга явсан хэрэг бол цагаантны төлөөлөгчөөр дамжуулж японоос тусламж гуйсан хэрэг гэж бодоход хүрч байна.

Рагчаа, Доржийн илтгэлийг сонсоод Цагаан ордны тахилч залуу ламтай уулзаж, ажиглалт хийх боломж байгааг эргэцүүлэн бодож суутал гаднаас Нацаг орж ирлээ.

-Доржоо! Маргааш өглөө цуглана шүү. Нөгөө талаар Дорлигийн гэр хашааг хаана байдгийг мэдэх, хотын тэрэгчингүүдээс орос тэрэгчингийн хашаа байшинг хаана байдгийг өнөөдөр тогтоох хэрэгтэй гэхэд Дорж даргын даалгаврыг гүйцэтгэхээр явлаа. Рагчаа, Доржийн санамсаргүй тохиолдол, Пааралвангийн сэтгэгдлийг Нацагт ярьж өгтөл,

-Хүрээний нууц хүн эхлээд Далайн гийчин болж, Дорлигтой уулзах өдрөө хүлээж, хоёр хоног унтсан нь царайгаа хувилгаж зүс буруулах гэсэн хэрэг. Тэгээд Дорлиг цоржтой уулзаж амжсан төдийгүй Богдод бараалхах өдрөө хүлээхдээ хань хамсаатнаа зүгээр суулгаагүй, Хүрээнд ухуулах хуудас наалгах ажилд томилсон байна. Ер нь бүх баримтуудыг тунгаавал ухуулах хуудасны эздүүд Консулын дэнжийн эмийн санд бүгсэн төдийгүй, Гакамокугийн уулзах хурандаа ч тэнд байх талтай. Эцэст нь хэлэхэд эд нэг хүн! Бүр тодорхой хэлбэл “хүрээний нууц хүн” байна гэлээ.

-Би тэгэж бодож байна. Бидэнд тодорхой болсон баримтаар бол хүрээний нууц хүн, Японы тагнуулын газраас бэлтгэсэн мэргэжлийн тагнуулч болох нь илэрхий төдийгүй тэдний хамсаатнуудын зарим нь тодорхой болсон боловч эдний зорилго нь нууц хэвээрээ байна. Тиймээс эдний цэрэг, улс төрийн зорилтыг яг тодорхойлох нь чухал. Нөгөөтэйгүүр чи, Яндагийн хэргийг унш. Гакамоку гэдэг нэрийн учир утга гарч болох талтай. Тиймээс Зундуйтай сайн ярилц. Зундуйтай хамаагүй уулзаж болохгүй. Өнөө шөнө ирнэ, тэр үед ярилц. Түүнээс өмнө Яндагийн хэргийг уншиж танилц гэлээ.

*    *    *

 

Нацаг, Яндагийн хэргийг Рагчаагаас аваад өрөөндөө орж ирснээс хойш толгой өндийлгөсөнгүй,

...Яндаг, гүн Цэрэн гэдэг хүний  түлхээсээр Японы тагнуул Озакурагийн гарт нэлээн лавхан орсон байлаа. Озакура, Хүрээнээс явахдаа хэзээ нэг цагт ирэх холбоочин, өөрийнхөө төлөөний хүмүүстэй уулзах нууц дохио, түлхүүр, харилцах арга замын тухай заавар өгчээ. Харин Яндаг, ерийн хулгайч нартай ороолдож тэдний гарт үрэгдэхийн өмнө өөрийн тухай төрсөн дүүдээ нарийн ярьж хэлж өгчээ. Нацаг, Яндагийн хэргийг уншиж танилцахдаа Озакурагийн төлөөний хүн зураач, сар бүрийн хоёр дахь, дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригт дурдсаны гуанзны тэмдэгтэй нэгэн ширээнд суудаг Яндагийг олж уулзах ёстой байсныг ихэд анхаарав.

-Сар бүрийн хоёр дахь, дөрөв дэх долоо хоногийн пүрэв гариг... зураач... гэж бодож суухдаа уржигдар даргаасаа сонссон мэдээ санаанд нь орлоо. Нацаг даргынхаа хэлсэн бүхнийг дэс дараалан бодсоор “Цагаантны хурандаатай, Гакамоку хэмээх нууц нэртэй төлөөний түшмэл” гэснээ нууцынхаа авдраас хятад, япон хэлний тайлбар толь авч үзэв. Тэгээд дөрөв хоног бодоод олоогүй “Гакамоку” гэдгийг уулзах хүмүүсийн болзоот дохио болохыг мэдсэн Нацаг мухардмал, ацан шалааны зангилааг олсондоо баярлан, даргадаа илтгэхээр утсаа авч залгагчтай ярив. Чингэтэл удаж төдөлгүй Рагчаагийн намуун, тогтуухан дуу утасны чагнуурт сонсогдов.

-Би Нацаг байна аа. Гакамоку гэдэг үгний учрыг оллоо. Японоор зураач гэхийг Гака. Долоо хоногийн пүрэв гаригийг Моку ёо би гэдэг юм гэж Нацагийг хэлтэл Рагчаа,

-Наадах чинь Яндагийн хүлээсэн хүн байх нь ээ гэж асуув.

-Мөнөөр барах уу? Тэгэхдээ холбоочин биш. Харин Озакурагийн төлөөний хүн байх нь ээ.

-Ухай. Тэгвэл “Арван хоёр дахь шүрэн толгой” байх нь ээ! Нацагаа! Цагийн дараа хуралтай. Нөгөө талаар Дотоодыг хамгаалах газрыг байгуулах тухай Намын Төв Хороонд оруулах айлтгалыг шаардаж байна. Тэгэхээр ирэхдээ дүрэм, айлтгал хоёрыг авчраарай.

-Хуулаагүй. Эхээрээ байгаа гэж Нацагийг сулхан хэлтэл Рагчаа,

-Би бичээч дуудуулчихсан. Хурлын хоорондуур амжаад хуулчих байх гэхэд Нацаг

-Тэгье. Би ч бэлэн болгочихсон гээд харилцуураа тавив.

Нацаг, даргынхаа тогтоосон цагаас нэлээн өмнө Рагчаагийн өрөөнд орлоо. Рагчаа, Нацагийн засан боловсруулсан дүрэм, айлтгалын гар эхийг уншиж, зарим өгүүлбэрийн найруулгыг засаад, дахин уншсанаа,

-Одоо ингээд хуулуулчихвал болно. Тэгээд жанжинд танилцуулъя гээд ширээн дээр тавьснаа яриагаа үргэлжлүүлэв.

-Ардын нам, Ардын засаг төрийг унагахыг эрмэлзсэн хорлон сүйтгэх ажиллагааг удирдаж байгаа гурван төвийн нэг бол Харбин дахь “Оросыг төвхнүүлэх нийгэмлэг” юм. Японы шууд тусламжтайгаар Семеновын энэ байгууллагын дэргэд байдаг тагнуулын газрыг япон зөвлөх Озакура удирддаг байна. Оказура монголд олон жил суурьшсан бөгөөд Богдтой маш дотно холбоотой байжээ. Ардын журамт цэргийн хүрээнд ирэхээс долоо хоногийн өмнө Озакура, Харбиныг бараадсан ажээ. Нөгөө нэг төв нь Хайлаарт байгаа “Барга-Монголын хэргийг эрхлэх яам” билээ. Энэ яаманд Чжан-золингийнхны удирдамжаар байгуулсан “Цэрэг, улс төрийн хяналтын товчоо” гэдэг тагнуулын байгууллага байдаг. Энд ажилладаг мэргэжилтнүүдийн дунд Чжан-золингаас өрсөж, Зүүн умард хятадыг захирч өөрөө эзэмшихийг мэрийсэн Упэй-фугийн нууц хүмүүс цөөнгүй байгаа. Сүүлийн төв нь Чуулалт хаалганд суудаг Америкийн консулын дэргэд байгуулагдсан хэсэг юм. Энэ хэсэг нь Манжуурын төмөр замыг нийтэчлэх гэсэн НОКС-ын төлөвлөгөө, Жанчхүүд байсан Стрейтын боловсруулсан “Алс дорнодод Америкийн эдийн засгийн хяналт тавих төлөвлөгөөнд” үндэслэсэн “Хүрээ Жанчхүүгийн чийчаан тэрэгний асуудал” эрхэлсэн ноён Сокобины удирдлагаар ажиллаж байгаа юм. Энэ байгууллагын төлөөлөгч хоёр хоногийн өмнө Хүрээнд ирсэн байна. Энэ төлөөлөгчийн үйл ажиллагааг хянах хэрэгтэй. Харин хэнд энэ үүргийг өгвөл дээр вэ? гэж асуулаа.

-Харин аа! Авир одоохондоо... гэтэл Рагчаа

-Авирт сүрхий ажил оногдож байгаа. Цагаан ордны тахилчийн дэргэд ажиллуулж, Доржийг Дорлиг, гүнгийн хашаа байшинд тавих хяналтанд оролцуулна гэхэд Нацаг уул үүрэг өөрт нь давхар оногдож байгааг гадарлав. Энэ үед гаднаас Рагчаагийн дуудсан Дорж, Авир, Бат нар орж ирлээ. Рагчаа, хүмүүсээ ажилд хуваарилж, цаашдын ажиллагааг хэрхэн гүйцэтгэх төлөвлөгөөгөө өөрийн ажилнуудтай ярилцахын өмнө Чуулалт хаалганы төвийнхөнд холбогдох зарим баримтуудыг Нацагт өгөөд яриагаа эхлэв. Рагчаа, ярианы хоорондуур манай орны эсрэг чиглэсэн хуйвалдааны төвийн талаар ярилаа.

-Хүрээний хүн, Чуулалт хаалганд байгаа Америкийн консулын толгойлж буй хуйвалдаантай холбоогүй юм. Учир нь энэ төвийн төлөөлөгч Джек Гарриман гэдэг хүн “Интернейшнэл корпорейшин-олон улсын хоршоолол” хэмээх санхүүгийн томоохон байгууллагын төлөөлөгч гэдэг нэрийдлээр Хүрээнд ирээд одоо германы худалдаачдын “ВОСТОВАГ” пүүс, “Америкийн Джозеф Ульманы хувь нийлүүлсэн нийгэмлэг”, “Британ-америкийн тамхины хоршсон пүүсийнхэнтэй өр зээлийн талаар ярилцаж байгаа нэртэй байна. Гэтэл Гарриман үнэн хэрэг дээрээ “Хүрээ-Жанчхүүгийн хооронд байгуулах чийчаан тэрэгний хоршоонд” хувь нийлүүлэх хэрэгт тэдгээр пүүсийг татан оруулах ажлыг зохион байгуулах ёстой юм. Ноён Гарриманы ажиллагаатай холбогдох арга хэмжээг боловсруулж байгаа. Та нарт маргааш нөгөөдрөөс тодорхой болно. Одоо хамгийн чухал зорилт бол “хүрээний нууц хүн” энэ хэний даалгавраар ирсэн нь тодорхой. Ямар зорилготой вэ? гэдэг хараахан тодорхой бус байна. Нууц хүн өөрийн ажиллагаатай уялдсан бэлтгэл ажлаа амжуулж дөнгөсөн нь илэрхий. Тиймээс Консулын дэнж, Дорлиг цорж, Цэрэн гүнгийн хашаанд тавих хяналтыг эрчимжүүлэхтэй...

Хүрээний нууц хүний үйл ажиллагааг хянах “Танихгүй танил” гэж товлосон билээ. Үнэндээ Хүрээнд ажиллаж байгаа гадаадын тагнуулын байгууллагын төлөөлөгчид, Нацагт нилээн тодорхой боловч ёстой нүүр учраагүй танилууд байлаа. Нацаг, цэмбэн бүтээлэгтэй ширээн дээр тавьсан мэдээг харж Америкийн консулын ажиллагааг эрэгцүүлэн бодно. Тэр нь олон жилийн сурвалжтай ажээ.

...”Америкчууд бүр 1910 онд манайх руу хараа сунгасан. Тэд өөрийнхөө тагнуулын баримтанд түшиглэж монголын түүхий эдийг европын зах зээл дээр гаргахын тулд эхлээд Хаант орос, хятад хоёрыг урдаа барьсан түүхтэй! Америкчууд хятадад ноёрхлоо тогтоохоос өмнө хятадуудаар манай орны гүн рүү төмөр зам тавиулахыг мэрийхдээ нэрт тагнуулч, дипломатч Рокхилын төлөвлөгөөг баримталж байсан. Харин одоо америкчууд тэр уламжлалт төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх шинэ хувилбар хийхдээ “Хүрээ-Жанчхүүгийн чийчаан тэрэгний замаар” сольж, хоршоолол байгуулах нүх сүв гаргахыг хичээх болжээ. Тиймээс Чуулалт хаалган дахь Америкийн консул Сокобин, Гарриманыг хүрээнд илгээсэн юм...

Чжан-золингийнхонд зүүн хязгаарын хэдэн толгой феодалууд захиа илгээж тусламж гуйсныг “Барга-монголын яам” дамжуулсан боловч нэг жилдээ тусламж өгч чадахгүй болсныг...” сэтгэлдээ тунгаах зуур даргынхаа ярианаас анхаарлаа сарниулсангүй.

-Хүрээний нууц хүн Озакурагийн удирдамжаар яваа бол юуны өмнө Яндагийг сураглах ёстой. Яндагийг олох ганц арга бол Цэрэн гүнгийн охин Жаргал юм. Тиймээс Жаргалыг олж түүний амь бие, амьдралыг хамгаалах хэрэгтэй! Жаргал бол амьдралд итгэхээ больсон сүсэгтэй залуу эмэгтэй. Тийм залуу хүнийг үзэл суртал, ёс суртахууны хоцрогдлоос ангижруулж шинэ хүн болгон хүмүүжүүлэх нь бидний бас нэг эрхэм зорилт. Тиймээс түүнд амьд явахын учир утга, хүн болж төрсөн гавьяа зүтгэл нь эх орон, ард түмэнтэй салшгүй холбоотой гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Нөгөө талаар дайснуудад сэжиг авахуулж болохгүй! Тагнуулын хорлон сүйтгэх ажиллагаатай тэмцэнэ гэдэг бол нэг өвөрмөц байлдаан юм. Энэ байлдаанд хохирол үзэж ялах уу? Ямар ч гарзгүйгээр ялах уу? гэдэг бол та нарын ажиллагаа, сонор соргогоос шалтгаална. Япон, цагаантны түлхээсээр яваа нууц хүн Богдын ордноос холбоо таслахгүй. Хувьсгалын эсрэг хандсан ямар ч явуулга Богдын оролцоогүйгээр өнгөрөхгүйг гоц анхаарах хэрэгтэй! Тиймээс энэ хэргийн нэг үзүүр Богдын ордноос амархан олдсон. Одоо сэжмийг нарийвчлан тогтоохыг Авирт даалгая гэж бодож байна гэхэд дөнгөж арван долоон настай намхан нуруутай, туранхайвтар гонзгой царайтай Авирын нүүр улайв.

 Үргэлжлэлтэй.

Үргэлжлэл нь: Лха.Дарьсүрэн: Танихгүй танилуудын золголт - 4

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]