Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Гауляйтерыг "агнасан нь"Уншсан52,379

1943 оны 9 дүгээр сарын 21-ний өглөө 06:30 цагт Е.Мазаник тогтсон ёсоор В.Кубегийн гэрт ирж ажилдаа оров. Түүнийг үүдний харуул ёс төдий шалгасан болоод оруулжээ.

 БХЭШХ-гийн Цэргийн түүх судлалын секторын дарга, доктор Т.Сүхбаатар бичиж байна.

Герман улс ЗХУ руу дайрсны дараагаар Зөвлөлтийн нутаг дээр өвөрмөц байдлаар хяналтаа тогтоож иржээ. Тэр нь дорны зэрлэг бүдүүлэг оросуудыг боолчлон эзэрхийлэх ажиллагаа байсан юм. Тэдгээрийг хэрэгжүүлэгчдийн нэг нь Беларусь дахь фашистын Германы Ерөнхий комиссар “гауляйтер” Вильгельм Рихард Пауль Кубе байжээ. Гауляйтерийг Фюрер шууд томилдог байсан бөгөөд Кубе фюрерийн итгэлийг бүрэн хүлээсэн хүн байжээ.

Вильгельм Рихард Пауль Кубе 1887 онд Силезид төржээ. Берлиний Их сургууль дүүргэж 1911 онд Германы социал намд элсэн орсон. 1912 онд сэтгүүлчээр ажиллаж байсан. Үндэсний Социалист Ажилчны нам буюу Нацист намын нарийн бичгийн даргаас Беларусийн Ерөнхий комиссар болтлоо дэвсэн. Няцашгүй фашист үзэлтэн байжээ.

1941 оны 7-р сарын 17-нд эх орны дайн эхэлсний дараа Кубе Беларусийн Минск хотод байрлан Беларусийн Ерөнхий комиссараар томилогдсон байна. Ингээд тэнд тэрээр өөрийн бие даасан вант улсыг байгуулж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Украиныг бодвол Оросын эсрэг үндсэрхэг үзэл багатай Беларусийн ард иргэдийг Зөвлөлтийн эсрэг хандуулахаар шийдэж байсан юм.

Нацистуудын удирдлага дор 8 сая орчим энгийн иргэн, 900 мянга орчим Зөвлөлтийн цэргийн хоригдлууд байжээ. Үхлийн штабууд тэр дороо еврейчүүд, коммунистууд, Зөвлөлтийн идэвхтнүүдийг болон эзэлсэн газрын онцгой дэглэмтэй санал нийлэхгүй байгаа бүхнийг нэн даруй устгах ажлыг эхлүүлжээ. Беларусийн нутаг дэвсгэр дээр 260 үхлийн лагерь, 200 гаруй еврей гетто бий болов. Үүнээс гадна залуу беларусь эрчүүдийг Германд албадан ажиллуулахаар их хэмжээгээр экспортолж эхэлсэн.

В.Кубе нь еврейчүүдийг алж устгахын оронд ажиллах хүч болгох нь зүйтэй гэж үздэг байсан бол түүний дээд удирдлага болох эзэнт гүрний Дорны асуудлыг хариуцсан яам рейхсляйтер Альфред Розенберг нар еврейчүүдийг устгах хүсэлтэй байжээ. Үүнээс болж багагүй зөрчил гарах болсны нэг жишээ бол алдарт "Ost" ажиллагаа бөгөөд үүнд Беларусийн хүн амын тоог тодорхой хэмжээгээр бууруулж, үлдсэнийг нь боолчлолд хамруулахаар төлөвлөж байжээ.

Зүүнээс: Вильгельм Кубе, Герман Геринг, Ганс Фридрихс

Тэрбээр өөрийгөө бүрэн эрх мэдэлтэй гэж үзэн СС-ийн цэргүүд болон бусад цэргийн удирдлагатай зөрчилдөж, бие даасан үйл ажиллагаа явуулж байв. Шинжээчдийн үзэж байгаагаар 1942 оны 5-7 дугаар саруудад Ерөнхий комиссарын идэвхтэй оролцоотойгоор 55 мянган еврей алагджээ. Үүнийгээ В.Кубе Берлинд бахархалтайгаар Минскийн бүс нутгийн еврейчүүдийг хөдөлмөрийн хүчээр хохиролгүйгээр бүрэн устгасан гэж мэдээлж байлаа. Түүнийг эрх барьж байх хугацаанд цаазаар авах ял, шийтгэх ажиллагаа, өлсгөлөн, өвчний улмаас олон мянган нутгийн оршин суугчид амиа алджээ. Тиймээс Зөвлөлтийн удирдлага аллага үйлдэж үндэсний үзлийг сэргээх гэж оролдож буй Кубег тагнуулын болон партизануудын хүчээр устгах ёстой нацистуудын жагсаалтад оруулсан байна.

Ингээд түүний араас ангуучлах ажиллагаа 1944 оны 9 дүгээр сараас эхэлжээ. Кубег устгахын тулд оросууд сайтар бэлтгэгдсэн 12 тусгай бүлгийг байгуулж, амь насанд нь халдахаар оролдсон ч хэн ч үүргээ биелүүлж чадаагүй байдаг.

Кубег хороох гэсэн оролдлогуудыг дурдъя. 1943 оны 07 дугаар сарын 22-нд Минск хотын театрт дэлбэрэлт болж 70 хүн амь үрэгдэж, 110 цэрэг офицер шархадсан байна. Гэвч дэлбэрэлт болохоос хэдхэн минутын өмнө Кубе гарч явсан байжээ. Мөн хотын захад байдаг гэртээ харих замд нь отолт хийсэн боловч бас л үр дүнд хүрсэнгүй. Бүр 15 шилдэг нисгэгчидтэй баг түүний өргөөг бөмбөгдсөн боловч тэрээр дахиад л амьд үлдэж Минск хотын төвд нүүн иржээ. Минскт 1943 оны 9 дүгээр сарын 6-нд Гитлерийг засгийн эрхэнд гарсны 10 жилийн ойд зориулсан баярын хүлээн авалтын үед бөмбөг дэлбэрч Германы дээд тушаалын 36 офицер амь үрэгджээ. Өнөөх гайхал Кубе яагаад  ч юм үдэшлэгт ирээгүй байна.

Удаа дараагийн олон арга бүтэлгүй болж арга барах үед түүнд ойртон очиж устгах арга бий эсэхийг судалж эхэлсэн байна. Маш өндөр хамгаалалтад байдаг В.Кубед ойртон очих арга замыг судалж байх үед санамсаргүй нэгэн боломж гарч иржээ. Энэ нь В.Кубегийн гэрт беларусь бүсгүйчүүд ажилладаг гэсэн мэдээ байжээ. Тэдний дотроос хуучин НКВД-д ажиллаж байсан Елена Мазаник партизануудын анхаарлыг татсан байна. Ингээд түүнтэй холбогдох бүхий л сувгийг хайж эхэлжээ.

Елена Мазаник

Елена Мазаник дайны өмнө Беларусийн Дотоод Хэргийн Ардын Комиссариат буюу НКВД-д нөхрийн хамт ажиллаж байсан (нөхөр нь жолооч, өөрөө зөөгч үйлчлэгч байсан гэдэг) бөгөөд дайны үед даалгавар аван Минскт үлдсэн олон тагнуулчдын нэг юм. Минск эзлэгдэх үед Германы цэргийн байгууллагуудын нэгэнд цэвэрлэгчээр орсон бөгөөд дараа нь гал тогоо, үйлдвэр, офицеруудын казинод зөөгчөөр ажиллажээ. 1943 оны зун Елена Мазаник олон шалгуур даван Ерөнхий комиссар В.Кубегийн гэрийн үйлчлэгч болжээ. Гэхдээ тэрээр анхнаасаа В.Кубегийн амь насыг хороох даалгавар аваагүй байсан бөгөөд НКВД-с нэг хэсэгтээ холбоо тасарсан байжээ.

Е.Мазаник нь герман хэл сайн мэддэг байсан агаад Кубегийн гэр бүлийн итгэлийг хэдийнэ олсон, түүнийг том Галина гэж дууддаг байжээ. Мазаникийг Кубегийн гэрийн гуравдугаар давхарт ажиллахыг зөвшөөрсөн бөгөөд тэнд эхнэр Анитагийн өрөө, Гауляйтерийн ажлын өрөө, зочны өрөө, хоёр туслах өрөө, хоёр зочны өрөө байв. Мазаник унтлагын өрөө байрладаг хоёрдугаар давхарт нэвтрэх боломжгүй байв. Үйлчлэгч нарын үйл хөдлөлийг гэр дотор 12 хамгаалагч хянадаг байв.

В.Кубегийн хуучин гэрийн үйлчлэгч нарын нэг байсан Татьяна Калита нь Елена Мазаникийг партизаны отрядын идэвхтэн Надежда Троянтай эгчээр нь дамжуулан танилцуулсан байна. Удаа дараагийн нууц уулзалтын үр дүнд Мазаник хэд хэдэн болзолтойгоор В.Кубег устгахыг зөвшөөрсөн байна. Тэрээр дараах болзлуудыг тавьжээ. Үүнд, өөрийн эгч Валентина Шуцкой болон түүний гэр бүлийг Минскээс аюулгүй гаргах, мөн түүнийг бөмбөгөө тавиад Минскээс гарч явсны дараа бөмбөг дэлбэрэх ёстой байжээ. Тэрээр баригдаж, аймшигтайгаар тамлуулахаас болгоомжилсон юм.

Е.Мазаник партизаны отрядын удирдлагуудтай уулзах хүсэлтэй байсан ч энэ нь боломжгүй байсан юм. Гэвч тэрээр 9 дүгээр сарын 16-нд В.Кубег устгах боломжгүй гэсэн гэнэтийн хариу өгчээ. Партизаны бас нэг төлөөлөгч Николай Хохлов Мазаниктай холбоо тогтоох гэж оролдсон ч бүтэлгүйтсэн байдаг. Е.Мазаник түүнд яагаад ч юм итгээгүй байна. Ажиллагаа бүтэлгүйтэх тийшээ хандаж эхэллээ. Бүр Е.Мазаникийг НКВД-д ажилладаг гэдгийг нь илчилнэ ч гэж сүрдүүлж үзэж байжээ. Бүх зүйл бүтэмжтэй болно гэж Москвад илтгэж байсан партизаны удирдлагууд хэтэрхий яарснаа ойлгов. Мөн Е.Мазаник ажиллагаа бүтэлгүйтэж, баригдвал ямар аймшигтай эрүү шүүлт хүлээж байгаа, нөгөө талаар дараа нь байлдааны тушаал биелүүлээгүй хэргээр НКВД-ийн бүр аймшигтай ялыг бодож эргэлзэж эхэлсэн байна. Ашгүй партизаны “Колокол” хэмээх отрядын удирдагч хошууч Николай Фёдоров өөрийн биеэр нууцаар Минскт очин Мазаниктай биечлэн уулзаж ятгаж чаджээ.

Зөвлөлтийн тал эхлээд Кубегийн хоолонд хор хийх бодолтой байсан ч бусад үйлчлэгч гэх мэтийн улсууд хордох магадлалтай, мөн хоолыг урьдчилан шалгаж болзошгүй байсан тул энэ санаагаа орхисон байна.

Уг ажиллагаанд Е.Мазаникаас гадна эгч Мария Осипова, Надежда Троян нар хамтарчээ. Мария Осипова нь Минск германчуудад эзлэгдэхэд өөрийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг үүсгэсэн байдаг. Партизаны отрядад хүнс, зэвсэг, эм тариа зөөхөд тусалж байжээ. Надежда Троян нь партизаны “Буря”, “Авга ах Коли” гэх мэт отрядад байхдаа гүүр дэлбэлэх, дайсны тээврийн хэрэгсэлд халдах ажиллагаанд оролцож, тулалдаанд нэг бус удаа оролцож байв. 1943 оны 9-р сарын 20-ны өдөр М.Осипова тэсрэх бөмбөг бүхий сагсыг партизаны отрядаас аван олон шалгалт дамжин Минскт очин Е.Мазаникт дамжуулсан бөгөөд ингэхдээ ажиллагаа бүтэлгүйтвэл шууд хэрэглэх хорны хамт өгчээ.

1943 оны 9 дүгээр сарын 21-ний өглөө 06:30 цагт Е.Мазаник тогтсон ёсоор В.Кубегийн гэрт ирж ажилдаа оров. Түүнийг үүдний харуул ёс төдий шалгасан болоод оруулжээ. Алчууранд боолттой тэсрэх бөмбөгийг үүдний харуул харсан ч Кубегийн эхнэрт өгөх ёстой зүйл гэхэд нь шалгалгүй оруулжээ. Сэтгэл татам ялдам инээмсэглэлтэй Мазаникт талтай Герман офицер том алдаа гарган түүнийг шалгасангүй. Тохиромжтой цагийг хүлээн хормой дотроо тэсрэх бөмбөгөө зүүн гэрийг нь цэвэрлэж эхэлжээ. Мина нь жижиг савангийн хэмжээтэй байсан юм. Сэтгэл зовнисон Мазаник Ерөнхий комиссар Кубетэй шатан дээр дайралдан сандарч эхлэх үед хашир комиссар яагаад царай чинь цонхийв гэх зэргээр шалгаахад шүд өвдсөн тул өнөөдөр эрт харих хэрэгтэй байна хэмээн зөвшөөрөл авч чаджээ.

10:00 цагийн үед В.Кубе ажилдаа явж, том хүү нь сургуульдаа, эхнэр Анита нь охинтойгоо гадуур гарчээ. Гэрт Мазаникаас гадна нэг үйлчлэгч үлджээ. Байшинг цэвэрлэх явцдаа Е.Мазаник орой 11 цагийн үед л арай гэж Кубегийн унтлагын өрөөнд орж яг түүний унтдаг хэсэгт орны пүрш, гудас хоёрын хооронд тэсрэх бөмбөгөө байрлуулан тавьж сайтар шалгасан байна. Ингээд Мазаник эмчид шүдээ үзүүлнэ гэсэн шалтгаанаар ажлаасаа эрт гаран өөрийн эгч, бусад хүмүүсийн хамт Минск хотыг орхин партизаны отрядын зүг хөдөлжээ. Бүсгүйчүүд шөнөжин унтсангүй, тэд Минскээс мэдээ хүлээж байв.

1943 оны 9-р сарын 22-ны 00.40 цагт тэсрэх бөмбөг ажиллагаанд орж дэлбэрэв. Тэсрэх бөмбөг ганц хүнд зориулсан бөгөөд Кубег алах хангалттай хүчтэй байжээ. Кубе амь үрэгдэж ойр хавьд нь байсан жирэмсэн эхнэр нь ямарч гэмтэлгүй үлдсэн юм. “Мина дэлбэрэхээс өмнө би нөхрийнхөө орон дээр суугаад живх оёж, шүүгээнд хийв. Би мина дээр удаан хугацаагаар суусан" гэж Гауляйтерийн бэлэвсэн эхнэр 1993 онд Констанс дахь асрамжийн газарт байхдаа дурсаж байжээ. В.Кубе “Спокойной ночи, моя милая и сладкая Аниточка” гэж сүүлчийн үгээ эхнэртээ хэлээд 10 минут болсны дараа бөмбөг тэсэрчээ. В.Кубегийн биеийн зүүн тал, зүүн гар нь тэр чигээрээ тэсэрэлтэд өртсөн байна.

Кубег үхсэний маргааш нь шууд л 2000 гаруй хүнийг буудан хороосон байдаг. Гэхдээ энэ тоо их маргаантай байдаг. 300, 2000, 5000, 10000 хүнийг буудан хороосон ч гэж ярьдаг. Зөвлөлтийн суртал ухуулга энэ тоог өсгөсөн ч байж магадгүй. Бүсгүйчүүдийг хайсан ч тэд ор сураггүй алга болжээ. В.Кубегийн шарилыг Германд авчирч хүндэтгэлтэй оршуулжээ. Мөрдлөгийн явцад Англид үйлдвэрлэгдсэн соронзон тэсрэх бөмбөг ашигласан гэж тогтоосон бөгөөд гэрийн үйлчлэгч нарыг сэжиглэсэн ч тэд сураггүй болсон байжээ.

1943 оны 10-р сарын 12-нд тэднийг онгоцоор Москвад авав. Энэ ажиллагааны талаар бүх нарийн ширийн зүйлийг тогтоохоор хэргийн онцгой ач холбогдлыг харгалзан байцаалтад Улсын Аюулгүй байдлын хорооны комиссар В.Меркулов, түүний орлогч Б.Кобулов, Улаан армийн жанжин штабын тагнуулын газрын дарга Ф.Кузнецов нар оролцов. 1943 оны 10-р сарын 29-нд байцааж тодруулсны дараа ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн тогтоолоор Осипова Мария Борисовна, Мазаник Елена Григорьевна болон үйл ажиллагааны өөр нэг идэвхтэй оролцогч Троя Надежда Викторовнаг Зөвлөлт Холбоот Улсын Баатар цолоор шагнасан байна.

Осипова Мария Борисовна, Троя Надежда Викторовна, Мазаник Елена Григорьевна

Гэвч Кубег үхсэний дараа бөөн оньсого таавар дэгдсэн юм. Кубе Гитлерийн эсрэг хуйвалдаанд шууд бусаар оролцсон гэх нотолгоо байхгүй ч дэмжиж байсан учраас германчууд өөрсдөө цааш нь харуулсан гэх хувилбар гарч ирсэн. Мөн В.Кубегийн байшинд засвар хийж байсан Минскийн геттогийн хоригдол Лев Либерман тэсрэх бөмбөг тавьсан гэдэг ч түүний унтлагын өрөөнд орох эрхтэй байсан нь эргэлзээтэй юм.

Мөн үүний зэрэгцээ, перестройкийн жилүүдэд болон ЗХУ задран унасны дараа Елена Мазаникийн эсрэг мэдээллийн кампанит ажил явагдаж, түүний нас барсны дараа ч үргэлжилсэн юм. Еленаг Гестапогийн тушаалаар Кубег устгахыг зөвшөөрсөн гэсэн хувилбар ч гарсан. Түүнчлэн Кубег алсан нь олон гэм зэмгүй иргэдийг устгуулахад хүргэсэн гэж олон нийт үзэж байсан байна. Мазаник, Осипова нарын дайны дараах тааламжгүй хувийн харьцаа ч үүнд нэмэр болсныг хэлэх хэрэгтэй.

Мөн түүний халдлагаас болж хороогдсон гэм зэмгүй беларусьчуудын ар гэр, В.Кубегийн үр удмаас тэр машид айж эмээж байжээ. В.Кубе гурван хүүтэй байсан бөгөөд эхнэр Анита нь 95 насалж, нөхрийнхөө тухай ном бичиж байжээ. Анита 1992 онд Мазаникт захидал хүртэл бичиж байсан нь саяхан.

Е.Мазаник дайны дараа 1952-1960 онд Беларусийн Шинжлэх ухааны академийн номын сангийн орлогч захирлаар ажиллаж байв. Елена Григорьевна Мазаник 1996 оны 4-р сарын 7-нд нас барж, Минскийн оршуулгын газарт оршуулжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]