Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Х.Чойбалсан Эрхүүгийн сургуульд суралцсан ньУншсан3,402

Чойбалсангийн сургуульд орж оюунаа нээж эцэстээ хувьсгалч болох нөхцлийг бүрдүүлэхэд буриад багш Данчиновын элбэрэл тусламж ихэд холбогдсон байна

Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан ЦЭНДИЙН ДАМДИНСҮРЭН “БҮРЭН ЗОХИОЛ” дэд боть 1998 онд хэвлэгдсэн ба энэхүү номд орсон “Маршал Х.Чойбалсангийн бага нас” хэмээх бүлгийг уншигчдадаа хүргэж байна. Маршал Х.Чойбалсангийн бага насны тухай дурдатгалыг Ц.Дамдинсүрэн гуай дөчөөд онд бичсэн бололтой.


ДОЛОО

Консулын дэнж дэх сургуулийн сурагч тэр арваад хүүхдэд орос Монгол хэл бичиг ба тоог зааж байна. Чойбалсан, тус сургуульд хожимдож ирсэн тул гагцхүү орос хэл бичгийг эхэлж заавал Чойбалсан ойлгох тогтоохдоо онц сайн тул удалгүй, орос цагаан толгойг бүрэн мэдэх болж, бас хэлийг төсөөлөх болсон үүнд одоо бусад хүүхдийн адил тооны хичээлийг нэмж заав. Чойбалсан, тооны дөрвөн аргыг даруй сурч бусад хүүхдээс дутахгүй болсон тул багш Данчинов түүнийг сэргэлэн хүү гэж магтаж дотночлон үзэх болов. Үүнд Чойбалсан урам орж аливаа хичээлийг их л идэвхтэйгээр сурч бусад хүүхдүүдээс онцгой сайн сурах болов. Гэтэл өнөөх Жамбаа тойн дахин явууллага хийж сургуулиас халж нутагт буцаахыг оролдоход Чойбалсан сонсож маш гашуудан багш Данчиновт ирж: “Би яавч сургуулиас гарахгүй” гэж удаа дараа учрыг гарган хэлж гуйхад Данчинов Гадаад яаманд зүйчлэн хэлж арай гэж нутагт буцаахыг зогсоов.

Үүнд Чойбалсангийн сэтгэл наран гарах мэт баярлаж, багш Данчиновт үнэн зүрхнээс талархана. Сургуульд сурч оюунаа нээгдүүлэх гэдэг хүн болсны эрхэм завшаан мөн гэдгийг залуу Чойбалсан анхааран мэдэж, тийнхүү сургууль ба сурлагаас амь мэт салахгүйг хичээнэ. Түүнээс Чойбалсан нэгэн жил сургуулийн хичээлд чармайн суралцаж орос хэл бичигт нэлээд сайн болж, гагцхүү тоо бодлогын хичээлийг хараахан төгсөж чадаагүй байтал 1914 оны хавар болж ирэв. Сонсвол урьд жил Монголын нэлээд хүүхдийг Оросын Эрхүү хо-тод явуулан сургууль хийлгэж байгаа гэдгийг олж мэдээд багш Данчиновтой уулзаж Эрхүүгийн сургуульд шилжиж явахыг дахин давтан гуйвал Данчинов зөвшөөрч Гадаад яам ба Монгол захирал Санжмятавтай зөвлөөд Чойбалсанг Эрхүүгийн сургуульд явуулахаар болов.

Чойбалсан, Орос нутагт сургуульд явахаас өмнө эхтэйгээ уулзаж ирэхийг шийдээд сургуулийн захиргаагаар уламжлан улаа хэрэглэх зар бичиг авч Монголын анхны сургуулийн сурагч Чойбалсан албаны морь унаж зүүн зүг мордов. Хоёр жилийн урьд сар шахам явган явж ирсэн замаар одоо морь унан довтолж хэдхэн хоногийн дотор Хэрлэн мөрний хөвөөний өргөн тал нутагтаа хүрч ирэв. Гэртээ очвол хайрт эх нь хүүтэйгээ учрах гэж Их хүрээний зүг нэгэнт аялан явчихсан байжээ. Эх хүү хоёр харилцан уулзах гэж хоёул зүтгэсэн боловч харин урт замд санамсаргүй зөрсөн байжээ. Чойбалсан нутагтаа Ялгуусны шанзав Осорт мэдэгдэхгүйгээр сэргийлэн байж хоёр гурав хоноод эхтэйгээ уулзахыг яарч нийслэл хүрээг зорьж буцан мордов. Нийслэл хүрээнд ирж Бүдүүн хүүхний зэргийн таних айлуудаар орвол эх нь хүү Чойбалсангийн нутагт буцсаныг сонсож хүрээнд ирсэн даруй гэдрэг буцаж явсан гэдгийг сонсож их л гашуудав. Одоо дахин харьж ирье гэтэл нэгд, улаа олоход төвөгтэй ба хоёрт, сур-гуульд явах хугацаа тулгамдсан тул дараа жил эхтэйгээ очиж уулзахаар шийдэж 1914 оны хавар Эрхүү хотод хүрч очвол урьд очсон Монгол сурагчдыг сайн танихгүйн дээр сургуулийн завсарлалт нэгэнт болсон тул сур-гуулийн газар очсонгүй. Багш Данчиновыг дагаж Эрхүү хотоос хойш зүүн гар Бөхөд гэдэг газар байгаа түүний ар гэрт очиж газар үзэж, юм сонирхож, тэдний хадланг хадалцах зэргээр ажилд туслалцаж байгаад намар болмогц Эрхүү хотод ирж зорьсон сургуульдаа оров.

Энэ сургууль болбол Эрхүү хотын дундуур гарсан их гудамжны зүүн үзүүрт Эрхүүд голын өмнө эрэг дээр оршино. Эрхүүд гол тус хотын дэргэд Ангар мөрөнд нийлнэ. Ийм хурдан урсгалтай их мөрний хөвөөн дээр байгуулсан гоёмсог сайхан хотыг үзэж Чойбалсан ихэд сонирхон явна. Эрхүүгийн нэгэн дунд сургуульд Монголын тэр арваад хүүхэд суралцана. Эндхийн сургуулийн байдал, нийслэл хүрээний консулын дэнж дэх сургуулийн байдлаас гойд цэвэр үзэмжтэй ажээ. Хүүхдийн суух ширээ сандал дүрсийн талаар адилавтар боловч үлэмж урлаг цэвэр байна.

Хичээл заах багш нь хоёр эрэгтэй, нэг эмэгтэй, гурван орос багш байна. Өдөр бүр тав зургаан цаг орос хэл бичиг, тоо, дэлхийн байдал оросын түүх, бас өөр мэргэжлийн хичээлүүдийг энд хамтатгаж ээлж дараагаар заана. Чойбалсан шинэ очсон хүн тул анхандаа сандарсан боловч билэг ба оролдлого төгс тул түргэнээр бусад нөхдөө гүйцэж чадав.

Багш нар нь ногдсон хичээлээ заах бөгөөд шинэ сурагч Чойбалсанг сайн сургаж хүмүүжүүлэхийг оролдоно. Эрдмийн хичээл нь үзэх тутам сонирхолтой болно. Хичээлээс өөр юмыг бодох завдал төдий л үгүй болж өдөр шөнө түргэнээр ээлжлэн өнгөрнө. Гэвч хайрт эхээ мартахгүй үргэлж дурсана. Эхээ санах бүр эрт өдрийн өгсөн тавтын цаасыг өнөө хүртэл хадгалан явж хааяа задлан үзэж сэтгэлиийг тайтгаруулна. Тийнхүү нэг өвлийн турш хичээл заалгаад орос хэл бичгийг онц сурч, тоо бодлого, дэлхийн байдал, Оросын түүх зэрэг хичээлийг сайн суралцаж байтал 1916 оны хавар болж сургуулийн завсарлах цаг ирэв.

Чойбалсан Нийслэл хүрээнээ буцаж ирээд сургуулийн завсарлалтаар ирсэн хүүхдийг нутагт нь түр буцаах болмогц Гадаад яамнаас өртөө улаа хэрэглэх бичиг авч мөн л эхтэйгээ уулзах гэж зүүн зүг хоёрдугаар удаа мордов. Өртөөгөөр довтлон давхиж гэрийн нутаглаж байгаа газар ойрхон очоод нэг хоньчин хүнтэй уулзаж өөрийн гэрийн чухам хаа байгааг ба эх Хорлоогийн мэндийг лавлан асуувал тэр хүн баахан түгдэрч байгаад “Танай гэр энэ харагдаж байна” гэж зааж өгөв. Гэртээ хүрч ирвэл ураг төрлүүд нь угтан золгоно. Гагцхүү эх нь байхгүй тул учрыг асуувал ах, эгч нар зовнилтой царай гаргаж хэлэв: “Эх Хорлоо чамайг ирэхээс арваад хоногийн өмнө бие барсан” гэжээ. “Ямар өвчнөөс бие барав?” гэвэл: “Тохиолдсон өвчин төдий л үгүй зүгээр шахам байгаад нэг өдөр хонь сааж байтал дотор муухай болов гэхэд төрсөн хүүхэн Наран толгойг түшвэл удалгүй нэгэнт амьсгал тасарсан байсан” гэцгээнэ. Чойбалсангийн итгэж хүсэж ирсэн баяртай санаа зовлонд дарагдаж гашуудан уйлав. “Янаг хайртай эх минь тэнэж явчихсан надтай хоёр удаа уулзахаар очоод тохиолдсонгүй нь гаслантай. Хүү болсон би эхийн ачийг санахгүй, ирж уулзахыг хойш тавьж явсаар ийм гашуудалд хүрэв” гэж гаслахад ах, эгч нар нь элдвийн ятгах үг хэлж тайтгаруулахыг оролдоно. Чойбалсан ийнхүү баахан гашуудаж байгаад эхийн ор дэр дээр хэд унтаж удалгүй Нийслэл хүрээнээ буцаж ирэв.

Тэндээс Эрхүүгийн сургуульд очиж уг хичээлээ үргэлжлүүлэн заалгаж, нэлээд боловсрол сурлагатайд тооцогдож байв. Хоёр жил тус сургуульд байхад нөгөө Монгол сурагчидтай их л ижилдэж инээлдэн наадах ба уйтгарыг сэргээхийн тул элдвийг эрхгүй ярьдаг болжээ.

Энэ үед Монголын зүүн өмнө хязгаарт байлдаан болж Монголчууд хоорондоо цусаа урсгалцаж байна гэдэг чимээ сонсдов. Чойбалсан зэргийн Монгол сурагчид, яагаад ийнхүү Монголчуудын хооронд байлдаан болдог юм гэж гайхаж байтал энэ байлдааны тухай Монгол сонин бичигт хэвлэгдсэнийг олж үзсэн ба бусад хүнтэй энгийн ярьж учрыг сонсвол, анх халх Монгол, хятадаас салж бүх Монголчуудыг нэгтгэн тусгай улс байгуулахаар зарлал гаргасан даруй Өвөр Монголын олон хошуу, цахар зэрэг газраас Монголын төрд багтахаа батлан мэдүүлсний дээр, Өвөр Монголын Бавуужав гэгч өөрийн нутгаас хоёр зуу гаруй цэргийг дагуулж ирээд Монголын тусгаар тогтнох хэрэгт зүтгэж удаа дараа өмнө хязгаарт байлдаж дайсныг дарж гавъяа байгуулсан тул Монгол улсын засгийн газраас гүн зэргээр шагнажээ. Өвөр Монголоос дагаар ирсэн цэргийг цөм Бавуужавт захируулж байсан тул сүүлдээ 2 мянга гаруй цэрэгтэй болж Монголын хамгийн итгэмжтэй нэгэн тулгуур мэт байтал 1914 оны үед байгуулсан Орос, Хятад, Монгол гурван этгээдийн гэрээгээр халх дөрвөд хэдхэн газрыг автономит гэдэг өөртөө эрхтэй газар болгож, бусад нэгдэх гэсэн Монголчуудыг хэрэгсэхгүй болгосон үүнд Монгол засгийн газраас мөнөөхөн дагаар ирж зүтгэн яваа Бавуужав зэргийн Дотоод Монголын түшмэл цэргүүдийг түлхэн буцаах гэвэл тэд нэгэнт Хятадтай дайсан бололцсон тул буцаж очих газаргүй, Монголд дагаар оръё гэвэл Монголын эрх баригчид хүлээсэнгүй. Зарим явахгүй гэсэн этгээдэд зуун цөлкөв цаас өгч аргадах айлгах зэргээр Монгол нутгаас шаардаж гаргахыг оролдсонд Бавуужав ба түүний цэргүүд ихэд гомдон хорсож бүлэглэсэн дээрэмчин болоод ард олныг сүрдүүлэн Тамсагийн сүмийг дээрэмдэх зэрэг будлиан үүсгэхэд Монгол засгийн газраас дайсан болгон үзэж тусгай цэргийг явуулан байлдуулсан гэдгийг сонсож мэдээд нэгэнт дагаар ирж гавъяа байгуулсан Монголчуудыг гэдрэг хөөж гомдоох нь ямар жигшиилтэй хэрэг вэ гэж ярилцдаг байжээ. Гэтэл 1917 онд Бавуужавын цэргийг бүрмөсөн дарж сөнөөв гэдэг мэдээ сонсож Эрхүү дэх Монгол сурагчид Бавуужав нарыг хөөрхийлж Монгол засгийн эрх баригчдыг буруушаан хэлэлцэх ба харгис лам, ноёдын хийж байгаа бузар хэрэг энэ гэж нөхөр Чойбалсан дотроо бухимдан уурсах болов.

Бас тэр 1917 оны эхээр Орос оронд хувьсгал болж, хаангүй засаг тогтоосон гэдэг чимээ гарч байсан ба мөн жилийн эцэст Оросын их хувьсгалч Ленин багш, ажилчин тариачныг удирдаж пролетарийн их хувьсгалыг гаргаж Зөвлөлт засгийг тогтоосон тухай баярт чимээ нийтэд дуурсахад Эрхүүгийн Монгол сурагчид сонирхон сонсож байсан ба ялангуяа нөхөр Чойбалсан, хүн бүр тэгш эрхтэй хүн бүр сайхан амьдралтай бөгөөд зовсон зүдэрсэн хүнгүй ийм ёсыг тогтоох Лениний сурталыг анх сонсож ихэд баярлан найдвартайгаар чагнаж байх болов. Эрхүү хот тэр хэрд цагааны гарт байсан боловч хувьсгалын нөлөө эрхгүй тусаж ил далдаар хувьсгалын утгатай зарлал гудамжинд наах болсон ба улс төрийн хүнд хэрэгтнийг суллах зэргийн өөрчлөлт гарч байв. Энэ хувьсгалын нөлөө, эрх чөлөөний сацрал эрх биш Монгол газар хүрэлцэн очих болов уу гэж тэдний сурагчид найдаж байтал 1918 онд Эрхүүгийн Монгол сурагчдыг татахаар Монгол засгийн газраас тушаал иржээ. Учир нь орос газар байгаа сурагчдад улаантны нөлөө халдах магадгүй гэж Монголын харгис лам ноёд болгоомжилсон ажээ. Монгол сурагчид нэлээд боловсролыг олж төгсөж шалгагдах хугацаа нэг жилээс хэтрэхгүй болж байтал ийнхүү гэнэт татах болсонд бүгдээр гуниглан гомдоцгоож байх ба ялангуяа нөхөр Чойбалсан, Монголын эрхийг барьсан харгис лам, ноёдын хийж байгаа хэрэг гэж хорсож занах болов. Чойбалсан нар тэндээс аргагүй нутагт буцаж Нийслэл хүрээнд татагдан ирж үзвэл Монголын автономит засаг доройтож, шар хар феодалууд дотоод хэргээ явуулан чадахгүй гагцхүү эрх ашгийн төлөө тэмцэлдэн, аймаг шавь гэж мөргөлдөн эвдэрч, ард түмнийг зовоон мөлжих явдал хэтэрхий нэмэгджээ. Үүнийг Чойбалсан үзэж санаанд тун ч тохирохгүй тул жигших болов.

Чойбалсан хүрээнд ирмэгц амьдралын зөв замыг зааж өгсөн ачит багш Данчиновтой уулзаж үзсэн хичээл зэргээ ярьж сэтгэлээ сэргээснээс гадна, Данчиновын гэрт үргэлж ирж очиж явна. Чойбалсан эхийн гараас гараад Нийслэл хүрээнд ирж байтал багш Данчинов элэгсэгээр элбэрч түүнийг сургуульд оруулж зөв замаар удирдсан байна. Хэрэв консулын дэнжийн сургуульд Данчинов тусалж оруулаагүй бол Монгол захирал ногоон Санжмятав хэрхэвч оруулахгүйгээр үл барам харин мөнөө гайхал Жамбаа тойн, Ялгуусны шанзав Осор нартай сүлбэлдэн буцааж шар харгисын гэрт түлхэн оруулах нь магад билээ.Чойбалсанг тэрхүү сургуульд суралцаж байтал Жамбаа тойноос хүчилж сургуулиас халуулж нутагт буцаах гэхэд хэрэв Данчинов арга хэрэглэж Чойбалсангийн саналыг дагуулан үлдээсэнгүй бол Санжмятав, Жамбаа тойн нарын явууллага биелж Чойбалсангийн ариун замыг алдуулан, бас шар харгисын гарт оруулахад хүрэх байсан билээ. Эрхүүгийн сургуульд мөн Данчинов хүчлэн тусалж явуулжээ. Эрхүүгийн сургуульд Гадаад яаманд алба хааж байсан буюу ийм тийм зайсан түшмэд ба баялаг этгээдийн хүүхэд явдаг байсан тул хэрэв Данчинов туслаагүй бол ядуугаар амьдарч яваа Чойбалсан яахин тэр сургуульд явж чадна. Иймийн тул Чойбалсангийн сургуульд орж оюунаа нээж эцэстээ хувьсгалч болох нөхцлийг бүрдүүлэхэд буриад багш Данчиновын элбэрэл тусламж ихэд холбогдсон байна. Гэтэл Чойбалсан нэг өдөр сонсвол багш Данчинов оросын цагаантны консулын яаманд алба хааж байсан буриад Абдеевын эхнэртэй гудамжинд энгийн үг ярьж байтал буриад Абдеев харж эхнэрээ хардсан нэрээр шалтгаан хийж Данчиновыг буудан алжээ. Данчиновыг алсан хэрэг Абдеевт ямар ч холбогдолгүйгээр өнгөрсөн билээ. Үүний учрыг хожим сонсвол хувьсгалч үзэлтэй Данчиновыг цагааны буриад Абдеевт зориуд даалгаж алуулсан хэрэг байжээ. Хайрт багш Данчиновыг алагдсанд Чойбалсан ихэд гашуудаж, түүнийг хорлосон Абдеев ба Абдеевыг өмгөөлж байгаа цагааны этгээдийг жигшин үзэх болов. Одоо залуу хүү Чойбалсан, урьдын адил гудамжны олон хүн ба эрээн эдийг сонирхож явдаг гэнэн хүү биш, харин олны аж амьдрал ба засгийн явууллагыг шүүмжлэн бодож, сайн замыг эрэгч идэр эр болов. Монгол газар харах бүр зүйгүй хэрэг үзэгдэж, явах бүр харгис байдал тохиолдоно. Энэ бүхнийг арилгах аргыг бодож нэгэнтээгүүр алс баруун хойд зүгээс сайн чимээг сурвалжлан чагнана. Нөгөөтэйгүүр сэтгэлийн үгийг ярих сайн нөхдийг Монгол газраас олохыг оролдоно.

Үүнийг бичихэд зохиолч Навааннамжил, Цэдэнжав нарын материалыг ашиглав. Ц.Дамдинсүрэн

1942 он. 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]