Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Отто Скорцени "Моссад"-ын гарт орсон ньУншсан19,797

Тэдгээр залуус Оттод хамтран ажиллах санал тавьсан ба үүгээр бол Отто Египетийн талд ажиллаж байгаа Германы эрдэмтэд, инженерүүдийн нэр усыг олох, тэдний зарим нэгийг цааш харуулах ажилд туслах байв.

Дэлхийн 2-р дайны үеийн хамгийн айхтар хорлон сүйтгэгч, гүйцэтгэх ажиллагааны мастер гэвэл Отто Скорценийн нэр олон хүний санаанд буух болов уу. Муссолинийг хулгайлж чадсан, Сталин Черчиль, Рузвельт нарын уулзалтыг таслах, болбол энэ гурван удирдагчийг барих санаатай оролдоод бүтээгүй энэ нөхөр амьдралынхаа сүүлийн хэсгийг өөрийн дайсан болсон Израилийн тусгай алба Моссадад зориулсан хачин гэмээр түүхтэй хүн.

Гитлер засгийн эрхэнд гарч, энд тэндгүй еврейчүүдийг сүйтгэсэн янз бүрийн ажиллагаа явуулж байх тэр үед залуухан Отто ийм хөдөлгөөний идэвхтэй зүтгэгч болж үүнийхээ ачаар ихээхэн хөрөнгөжиж авчээ. Нэг бус еврейн эзэмшилд байсан жижиг үйлдвэр, цайз, нуга, хөндий зэрэг зүйлс энэ хүний мэдэлд очсон бөгөөд хуучин эзэд гэж байгаагүй юм шиг л бүх юм чимээ багатай шийдэгдсэн гэдэг. Ингэж нисгэгч болох гээд бүтэхгүй болохоор нь СС-д орсон австри хүү том хөрөнгөтөн болж хувирлаа.

Дэлхийн 2-р дайн эхлэх үед энэ эр 31 нас хүрээд байсан ба дайнд явж алдар нэрээ дуудуулах санаатай оролдсон ч ямар нэг алдар хүнд олох байтугай юм болох нь гэдгийг Дорнод фронт дээр очоод мэдэрсэн байна. Зөвлөлтийн цэргүүдтэй тулалдахаас илүү хээрийн эмнэлэгт өвчинтэй тэмцэлдэж, эсвэл болсон болоогүй шархаа эмчлүүлэх гэж хэвтсээр 1941-1942 оны айхтар өвлийг энх мэнд давж чадсан ба фронтын нөхцөлд хэн ч биш болохыгоо ойлгосон учир янз бүрээр хөөцөлдсөний үр дүнд СС-ийн тусгай ангид буюу хорлон сүйтгэх бүлгийн гишүүн боллоо. Чухам энд л энэ нөхрийн өвөрмөц сэтгэлгээ, шийдэмгий, буурь суурьтай чанар товойн илэрсэн юм. Тэрээр цаашдаа цөөнгүй шуугиан тарьсан томоохон ажиллагааг удирдан явуулсны нэг нь огцорч хоригдоод байсан Муссолинийг хулгайлж авсан явдал. Дэлхийн түүхэнд үлдсэн гэхэд буруудмааргүй энэ ажиллагааны тухай уншигч олон сайн мэдэх биз ээ гээд зөвхөн дурдаад өнгөрье.

1943 онд Отто Тегеранд уулзах Рузвельт, Сталин, Черчилл нарыг олзолж авах маш нарийн ажиллагаа зохион байгуулсан ба тэрээр Америкийн томоохон удирдагч нарын холбоо харилцааны сүлжээнд нэвтэрч чадсан учир хаана, хэзээ юу болохыг сайн мэдэж байжээ. Гэсэн хэдий ч Зөвлөлтийн сөрөг тагнуулын алба үүнд саад болж, сөрөг ажиллагаа явуулсны үр дүнд Иранд ирэх ёстой Германы хорлон сүйтгэгч нар ирж чадаагүй, Иран дахь Германы тагнуулын сүлжээ бүрэн илэрсэн гэх мэт үр дүнтэйгээр энэ ажиллагаа дууссан юм. Харин Отто Скорцени энэ тухай ярих дургүй, энэ бол Зөвлөлтийн суртал нэвтрүүлгийн нэг хуурамч мэдээ төдий гэж өөрийнхөө дурдатгалд бичсэн байдаг.

Дайны төсгөл үед энэ хүн Гитлерийг оргуулах ажиллагааг зохион байгуулж “Альпийн цайз"-д бэлэн байдалтай Гитлерийг хүлээж байсан ч өнөөх нь зугталгүй, Берлинд дуусахаар шийдсэн байна. Ингээд удирдагч үгүй болсон эр бушуу түргэн Холбоотнуудын гарт өөрөө орлоо.

Нюрнбергийн шүүхийн явцад энэ айхтар амьтан гэм зэмгүй мултарч чадсан нь Америкийн тусгай албадад бүх л чадлаараа туслалцаа үзүүлэхээр амласантай холбоотой юм. Өөрийн мэдэх бүх зүйлийг гаргаж өгснөөс гадна Америкийн тусгай ажиллагаанд бэлтгэж байгаа хүмүүсийг сургах, зааварчлах ажлыг хэдэн жилийн турш хийж байсан гэдэг.

Хэдэн жилийн дараа америкчуудад өрөө төлсөн Отто Европт буцан ирэхдээ Израилийн Моссадын урт гараас хамгийн их айж байж. Тухайн үед янз бүрийн аргаар амьд үлдсэн Гитлерийн Германы томоохон албан хаагчдыг Моссад ээлж дараалан “цэвэрлэж” байсан учир айхаас ч өөр аргагүй.

 Цагтаа СС-ийн оберштурмбаннфюрер цолтой бужигнуулж явсан Отто өөр нэрээр нуугдаж амьдарсаар 1960-аад онтой золголоо. Отто Испани дахь өөрийн нэгэн тансаг байранд (өмнө нь хэний байр байсан бол?) байх үед нь саяхан танилцсан хоёр залуухан хос гэнэт ирж зочилж гэнэ. Энэ залуучуудын байр байдал, эхнэртэй нь ярьж байгаа зэргийг ажиглан суусан Отто өөрийнхөө төгсгөл ирснийг ойлголоо. Скорцени ч аюултай шууд тулгарч үзсэн хүн болохоор шууд л босож ирэн нөгөө хоёр залууд хандан “Та нарын хэн болохыг ойлголоо, миний амьд явах хоногийн тоо дууссаныг ч мэдлээ. Та хоёр Моссадын хүмүүс байна” гэж хэлж. Өөдөөс нь залуус инээмсэглэн байж “Таны хэлсэн үнэн, гэхдээ тал нь л. Бид Моссадаас ирсэн нь үнэн, харин таныг нөгөө ертөнцөд илгээх байсан бол аль эрт, бүр хэдэн долоо хоногийн өмнө амжуулчих байсан” гэжээ.

Тэдгээр залуус Оттод хамтран ажиллах санал тавьсан ба үүгээр бол Отто Египетийн талд ажиллаж байгаа Германы эрдэмтэд, инженерүүдийн нэр усыг олох, тэдний зарим нэгийг бурханд илгээх ажилд туслах байв. Энэ үед Египет төрөл бүрийн пуужин бүтээх ажилд ихээхэн хөрөнгө зарж, хуучин Германы туршлагатай эрдэмтэд инженерүүдийг олноор нь нууцаар хөлслөн ажиллуулж байсан тэр цаг үе байлаа.

Залуусын саналыг сонссон Отто хариуд нь “Надад мөнгө төгрөг сонин биш, хангалттай бий. Ганцхан миний нэрийг Визенталийн жагсаалтаас хас” гэсэн болзол тавьсныг Моссад зөвшөөрчээ. (Симон Визенталь нь нацистуудын ангууч. Түүний жагсаалтад Отто Скорцений нэр байсан нь тодорхой)

Ингээд Отто Египетийн талд ажиллаж буй Герман эрдэмтдийн нэр ус, хаягийг олох, Египетэд зэвсэг техник, технологи нийлүүлж байгаа компаниудыг тодруулах, ямар замаар тэр техник Египетэд очиж байгаа зургийг гаргах олон ажил хийж өгчээ. Үүний үр дүнд пуужингийн мэргэжилтэн эрдэмтэн Хайнц Круг хөнөөгдсөн ба өөр олон бусад эрдэмтэд, инженерүүд Египетийн Засгийн газартай хамтран ажиллахаас татгалзаж эхэлсэн байна. Чухам Оттогийн санаачлалаар тэдгээр эрдэмтдэд бага хэмжээний тэсрэх бодистой захиа явуулж, захидлыг задлах үед өнөөх нь тэсэрч гэмтээх, айлгаж цочоох аргыг өргөн хэрэглэж байсан ба дагах, утсаар сүрдүүлэх гэх мэтийн сэтгэл санааны дайралт голчилсон ажиллагаа явуулснаар эрдэмтэд, инженерүүд ч ээлж дараалан зугтаж,  Египетийн пуужингийн програм бүтэлгүйтсэн юм.

1977 онд Отто 67 насандаа бие барахад оршуулга дээр нь СС-д хамт ажиллаж байсан найз нөхөд, Моссадын ажилтнууд гээд цугтаа байх боломжгүй олон нөхөд байсан гэдэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]