Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1989 оноос хойш төрийн наадамд түрүүлсэн 15 бөхУншсан5,167

Энэхүү 31 удаагийн төрийн наадамд 15 бөх түрүүлсэн байх бөгөөд тэднийг мэдээж домогт дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ амжилтаараа тэргүүлэх нь ойлгомжтой.

Монгол төрийн наадам эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Дэнж хотойлгосон дэлгэр Монгол наадмын түрүү бөх хэний хэн байх вэ гэдэг асуулт, хариулт энэ өдрүүдэд Монголчуудын амнаас ам дамжин яригдаж буй сэдэв. 

1989 оноос хойш Үндэсний бөхөөр хамгийн өндөр амжилт үзүүлж, төрийн наадамд түрүүлсэн 15 бөхийг Толгойлогч.мн сайт онцлон та бүхэндээ хүргэж байна. Дурдсан хугацаанаас өнөөдрийг хүртэл 31 наадмын (1990 онд Нууц товчооны 750 жилийн ойг төрийн наадмын зиндаанд үзэж тооцдог) түрүү, үзүүр, шөвгийн бөхчүүд наадамчин олны тааврыг эвдэн өндөр амжилт үзүүлсэн. Энэхүү 31 удаагийн төрийн наадамд 15 бөх түрүүлсэн байх бөгөөд тэднийг мэдээж домогт дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ амжилтаараа тэргүүлэх нь ойлгомжтой. Харин бусад 14 бөх нь хэний хэн байх бол, та сонирхон уншаарай. Дашрамд дурдахад доорхи жагсаалтыг авсан цол чимгээр нь бус, түрүүлж, үзүүрлэсэн тоо, өндөр давааны тоогоор дүгнэж гаргасан ба төрийнхөө наадамд 5 удаа үзүүрлэсэн домогт бөх Д.Мөнх-Эрдэнэ арслан энэ жагсаалтад багтсангүй нь харамсалтай.

 

Улсын арслан Цэдэвийн Содномдорж - 1 түрүү

Монгол улсын арслан Цэдэвийн Содномдорж нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Тэрээр 2017 оны наадамд 9 даван түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртжээ.

1 түрүү

4 удаа Зургаа давсан

1 удаа Зургаа давсан

 

Улсын арслан Энхтөгсийн Оюунболд - 1 түрүү

Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Э.Оюунболд нь 2015 оны наадамд П.Бүрэнтөгсөөр ес даван түрүүлж улсын арслан цолны болзол хангасан.

1 түрүү

1 удаа Долоо давсан

1 удаа Зургаа давсан

1 удаа Тав давсан

 

Улсын аварга Сүхбаатарын Мөнхбат - 1 түрүү

Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул, улсын аварга Сүхбаатарын Мөнхбат нь 2011 онд 1024 бөх барилдсан тэгш ойгоор 27 настайдаа арав давж түрүүлэн улсын аварга цолтон болсон бөгөөд 2013, 2016, 2018 онуудад долоо давсан, 2010, 2017 онуудад тус бүр зургаа давсан, 2009, 2014 онуудад тав давсан амжилт үзүүлжээ.

1 түрүү

3 удаа Долоо давсан

2 удаа Зургаа давсан

2 удаа Тав давсан

 

Улсын арслан Батжаргалын Ганбат - 1 түрүү

Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул, улсын арслан Батжаргалын Ганбат нь нэгэн үеийг эзэгнэн төрсөн зургаан залуу зааны нэг бөгөөд 2010 оны төрийн наадамд 34 настайдаа ес даван түрүүлсэн юм. Тэрээр 1999, 2006, 2008 онуудад тус бүр долоо давсан, 2000, 2002, 2011 онуудад зургаа давсан, 1998, 2001, 2005, 2009 онуудад тус бүр тав давсан амжилт үзүүлжээ.

1 түрүү

3 удаа Долоо давсан

3 удаа Зургаа давсан

4 удаа Тав давсан

 

Улсын арслан Хадбаатарын Мөнхбаатар - 1 түрүү

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул Хадбаатарын Мөнхбаатар 2007 он 26 настайдаа төрийнхөө баяр наадамд ес даван түрүүлж улсын арслан цолтны эгнээнд орсон юм. Х.Мөнхбаатар нь 2005, 2009, 2010 онуудад тус бүр долоо давсан, 2006, 2011, 2013, 2014 онуудад тус бүр зургаа давсан, 2001, 2008 онуудад тав давсан амжилт гаргажээ.

1 түрүү

3 удаа Долоо давсан

4 удаа Зургаа давсан

2 удаа Тав давсан

 

Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс - 1 түрүү, 1 үзүүр

Увс аймгийн Давст сумын уугуул П.Бүрэнтөгс нь энэ сумаас анх 1981 онд Мядагийн Мөнгөн арслан цол хүртсэнээс хойш 21 жилийн дараа төрсөн арслан цолтон юм. Тэрээр 2012 онд 24 настайдаа Д.Рагчаа гарьдыг үзүүр түрүүний барилдаанд орхисноор ес даван түрүүлсэн ба гурван жилийн дараа 2015 оны төрийн наадамд Э.Оюунболд арсланд өвдөг шороодсон буюу найм даван үзүүрлэсэн амжилт гаргаад байна.

1 түрүү

1 үзүүр

 

Улсын арслан Доржпаламын Ганхуяг - 1 түрүү, 1 үзүүр

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, үндэсний бөхийн улсын арслан цолтой бөх Доржпаламын Ганхуяг нь 1976 онд төрсөн бөгөөд 2008 онд 32 настайдаа ес даван түрүүлжээ. Д.Ганхуяг нь 2008 онд Нямдоржийн Ганбаатараар ес даван түрүүлж, хойтон жилийнх нь наадамд найм даван үзүүрлэсэн бөгөөд үзүүр, түрүүний барилдаанд Г.Өсөхбаяр аваргад өвдөг шороодсон түүхтэй. Тэрээр 2000, 2002, 2005, 2006, 2010, 2011 онуудад тус бүр тав даван шөвгөрч байв.

1 түрүү

1 үзүүр

6 удаа Тав давсан

 

Улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба - 1 түрүү, 1 үзүүр

Чимэдрэгзэнгийн Санжаадамба нь Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, үндэсний бөхийн улсын аварга цолтой бөх юм. Монгол Улсын 22 дахь аварга.

Ч.Санжаадамба нь цэргийн хурц арслан цолноос шууд улсын заан гэх эрхэм цолны эзэн болж байсан, 2010 оны Бар жилийн цагаан сарын барилдаанд аймаг, цэргийн цолтой бөхчүүдээс анх удаа түрүүлсэн, мөн Гиннесийн номд зориулсан 6002 хүчит бөхийн барилдаанд түрүүлж Гиннесийн номд нэрээ мөнхөлсөн тэрээр Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын 1024 хүчит бөхийн барилдаанд 10 даван түрүүлж Монгол Улсын аварга цол авсан гэх түүхэн амжилтуудын эзэн юм.

Тэрээр 10 даван түрүүлэхдээ нутгийн бөх улсын арслан Р.Пүрэвдагвыг орхисон ба 2018 он буюу өнгөрсөн жилийн төрийн наадамд найм даван үзүүрлэхдээ улсын арслан Н.Батсуурьт өвдөг шороодсон байдаг. Ч.Санжаадамба нь 2011, 2014, 2015 онуудад тус бүр долоо давсан, 2013 онд тав давсан амжилт үзүүлжээ.

1 түрүү

1 үзүүр

3 удаа Долоо давсан

1 удаа Тав давсан

 

Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр -  1 түрүү, 1 үзүүр

Гунаажавын Эрхэмбаяр нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, үндэсний бөхийн улсын аварга юм. Сэлэнгэ аймгаас анх 1933 онд Дамдинсүрэнгийн Данзан арслан цол хүртсэнээс хойш ная гаруй жилийн дараа "арслан" цол хүртэж түүхэн шинэ амжилтын эзэн болсон төдийгүй 2013 оны улсын наадамд түрүүлж улсын аварга цол хүртжээ. Тэрээр 2011 онд 1024 бөх барилдсан тэгш ойн наадамд С.Мөнхбатад өвдөг шороодсон ч ес давж үзүүрлэсэн тул улсын арслан хүртсэн байсан. Улмаар 2013 оны наадамд Б.Гончигдамбыг орхиж, ес даван төрийн наадамдаа түрүүлснээр улсын аварга цолны эзэн болсон юм. 2012 онд долоо, 2016 онд 1024 бөх барилдсан төрийн наадамд найм давж шөвгийн дөрөвт үлдсэн ба 2017 онд зургаа, 2003, 2006 онуудад тус бүр тав давж байжээ.

1 түрүү

1 үзүүр

1 удаа Найм давсан

 1 удаа Долоо давсан

1 удаа Зургаа давсан

2 удаа Тав давсан

 

Улсын аварга Одвоогийн Балжинням - 1 түрүү, 2 үзүүр

Монгол Улсын гавьяат тамирчин, үндэсний бөхийн улсын аварга Одвоогийн Балжинням нь 1960 онд Увс аймгийн Наранбулаг суманд төржээ. Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор 1991 онд түрүүлж, 1994 оны наадмаар үзүүрлэсэн амжилтаараа 1995 онд улсын аварга цолыг хүртсэн байна. Тэрээр улсын наадамд 17 удаа шөвгөрчээ.

Тэрээр 1991 онд Монгол Улсын гарьд П.Сүхбат агсныг үзүүр түрүү булаалдах барилдаанд орхиж түрүүлсэн бол 1989, 1994 онуудад тус бүр найм даван үзүүрлэхдээ хоёуланд нь цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэд өвдөг шороодсон түүхтэй. О.Балжинням аварга төрийн наадамдаа нийт 17 удаа шөвгөрсөн бахдам амжилтыг үзүүлжээ.

1 түрүү

2 үзүүр

 

Улсын аварга Долгорсүрэнгийн Сумьяабазар - 1 түрүү, 4 үзүүр

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул үндэсний бөхийн улсын аварга Долгорсүрэнгийн Сумьяабазар нь нэгэн цаг үеийг эзэгнэсэн зургаан залуу зааны нэг.  Тэрээр улсын наадамд 14 удаа шөвгөрснөөс 2006 онд Д.Азжаргал арсланг үзүүр түрүүний барилдаанд өвдөг шороодууж арав даван түрүүлсэн түүхтэй. Мөн 1998, 1999, 2003, 2005 онуудад тус бүр найм даван үзүүрлэсэн амжилттай. Төрийн наадамдаа дөрвөн удаа үзүүрлэхдээ хоёрт нь Б.Бат-Эрдэнэ аваргад, хоёрт нь Г.Өсөхбаяр аваргад өвдөг шороодож байлаа. Мөн 1996, 2004 онуудад долоо давсан, 2000, 2001, 2002, 2007, 2008 онуудад тус бүр зургаа, 1994, 1995 онуудад тус бүр тав давсан амжилт үзүүлжээ.

1 түрүү

4 үзүүр

2 удаа Долоо давсан

5 удаа Зургаа давсан

2 удаа Тав давсан

 

Улсын аварга Намсрайжавын Батсуурь - 2 түрүү

Намсрайжавын Батсуурь 1987 онд Увс аймагт төрсөн. Увс аймгийн Ховд сумын уугуул. Жүдо бөхийн ОУХМ, үндэсний бөхийн улсын аварга цолтон. Тэрээр 2014 оны төрийн наадамд Ш.Жаргалсайханаар ес давж түрүүлж улсын арслан цолны болзол хангасан бол хамгийн отгон наадам буюу 2018 оны наадамд Ч.Санжаадамба аваргаар ес даван түрүүлж Монгол Улсын аварга цолтны эгнээнд зүй ёсоор дэвшин орсон билээ.

2 түрүү

1 удаа Найм давсан

1 удаа Зургаа давсан

1 удаа Тав давсан

 

Улсын дархан аварга Агваансамдангийн Сүхбат - 3 түрүү

Монгол бөхийн түүхэнд зургаан залуу зааны нэг, "жижиг Сүхбат" хэмээх нэрээрээ тодрон үлдсэн бөх бол А.Сүхбат юм. Тэрээр Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат бөгөөд 2000 онд 29 насандаа Б.Гантогтохоор ес даван түрүүлсэн ба хойтон жил нь 1024 бөх барилдсан тэгш ойн барилдаанд шөвгийн дөрөвт Г.Өсөхбаяр, Б.Бат-Эрдэнэ нарыг орхин, арав давж түрүүлсэн юм. Улмаар 2004 онд гурав дахь удаагаа төрийн наадамдаа түрүүлэхдээ мөн л Б.Гантогтохыг наймын даваанд өвдөг шороодуулж байлаа. 2006 онд зургаа давж шөвгөрснийхөө дараа зодог тайлсан ба 2007 онд Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын зарлигаар Даян аварга цол, 2014 онд Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар дархан аварга цол хүртээсэн байна. А.Сүхбат аварга төрийн наадамд нийт 11 удаа шөвгөрчээ.

 3 түрүү

3 удаа Долоо давсан

4 удаа Зургаа давсан

1 удаа Тав давсан

 

Улсын дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр - 4 түрүү, 1 үзүүр

Монгол бөхийн түүхэнд тодрон үлдсэн зургаан залуу зааны нэг бол дархан аварга Г.Өсөхбаяр юм. Гэлэгжамцын Өсөхбаяр (1973 оны 1 дүгээр сарын 13-нд төрсөн) нь Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, түүний өвөө нь үндэсний бөхийн даян аварга Нацагийн Жамъян юм.

 Г.Өсөхбаяр 2002, 2003, 2005, 2009 онуудад тус бүр ес даван түрүүлэхдээ 2002 онд Б.Гантогтох, 2003, 2005 онуудад Д.Сумьяабазар, 2009 онд Д.Ганхуягийг тус бүр үзүүр түрүүний барилдаанд өвдөг шороодуулж байжээ. 2010 онд найм давж үзүүрлэхдээ Б.Ганбатад өвдөг шороодож байлаа. Г.Өсөхбаярт Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан 2014 онд дархан аварга цол хүртээсэн юм. Дархан аварга төрийн наадамдаа нийт 14 удаа шөвгөрчээ.

 4 түрүү

1 үзүүр

1 удаа Найм давсан

4 удаа Долоо давсан

1 удаа Зургаа давсан

2 удаа Тав давсан

 

Улсын дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ - 12 түрүү, 1 үзүүр

Энэхүү жагсаалт нь 1989 оноос хойшхи 2019 оныг хүртэл 30 жилийн түүхэнд хамгийн өндөр амжилт гаргасан бөхчүүдийг харуулж байгаа хэдий ч цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэ нь 1921 оноос хойш төрийн наадмын түүхэнд ч нэгдүгээрт бичигдэх хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн бөх билээ. Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Б.Бат-Эрдэнэ аварга нь Монголын Нууц товчооны 750 жилийн ойд зориулсан барилдааныг оруулж тооцоод төрийн наадамд 12 удаа түрүүлсэнд тооцогддог ба 1 удаа үзүүрлэхдээ 2001 онд А.Сүхбатад өвдөг шороодож байжээ.

    1985 онд 5 давж улсын начин

    1986 онд 7 давж улсын заан

    1987 онд 7 давсан

    1988 онд 9 давж түрүүлэн улсын арслан

    1989 онд 9 давж түрүүлэн улсын аварга

    1990 онд 9 давж түрүүлэн даян аварга болсон.

    Мөн онд Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт 10 давж түрүүлэн дархан аварга болсон

    1991 онд 7 давсан

    1992 онд 9 давж түрүүлсэн

    1993 онд 9 давж түрүүлсэн

    1994 онд 10 давж түрүүлсэн

    1995 онд 9 давж түрүүлсэн

    1996 онд 9 давж түрүүлсэн

    1997 онд 9 давж түрүүлсэн

    1998 онд 9 давж түрүүлсэн

    1999 онд 9 давж түрүүлсэн

    2000 онд 7 давж дөрөвт үлдсэн

    2001 онд 9 давж үзүүрлэсэн

    2002 онд 7 давсан

    2003 онд 7 давсан

    2004 онд 6 давсан

    2005 онд 6 давж шөвгөрчээ

    2006 онд 8 давж дөрөвт үлдсэн

    Ингээд нийтдээ улсын баяр наадамд 186 давсан ба 12 удаа (11 жилд) түрүүлсэн.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]