Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Болохгүй гэдэг зүйлийг болгосон ньУншсан11,228

АНУ-ын Портленд хотын энгийн нэгэн айлын хүү болох Жорж Бернард Данциг нь бусад хүүхдүүдийн адил гадуур тоглож, хэрэг тарьж, үймүүлж бужигнуулж өссөн боловч үеийнхнээсээ нэг л зүйлээр ялгарч байсан нь геометрийн бодлого бодох чадвар байлаа.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

АНУ-ын Портленд хотын энгийн нэгэн айлын хүү болох Жорж Бернард Данциг нь бусад хүүхдүүдийн адил гадуур тоглож, хэрэг тарьж, үймүүлж бужигнуулж өссөн боловч үеийнхнээсээ нэг л зүйлээр ялгарч байсан нь геометрийн бодлого бодох чадвар байлаа. Математикч аавтай энэ хүү нь өдөр болгон аавынхаа бэлдэж өгсөн бодлогыг бодсоор байгаад, дунд сургуулийн хэмжээний бодлого зэрэгт огт торохгүй болж яваандаа дээд сургуулийн бодлого ч амархан болж эхэлсэн байна. Гэхдээ хар багаасаа ийм байдлаар өссөн Жорж хүү гэрийн даалгавар хийх, аавынхаа өгөх бодлогыг бодох үнэнхүү дургүй нөхөр болж өссөн байна. Яаж ийж байгаад л гэр гэдэг тамаас зайлахын дон тусаж байсан эр дунд сургуулиа төгсөөд математикийн чиглэлийн дээд сургуулийг сонгон авч элссэн ба математик сонгосон шалтгаан нь тэрээр энэ төрлийн хичээлд сайндаа гэхээсээ илүү бушуухан аав ээжээсээ холхон байж “жинхэнэ амьдралаар амьдрах” гэсэн хүсэлтэй нь холбоотой байжээ.

Оюутан болсон Жорж ёстой “жинхэнэ хүний амьдралаар” амьдарч эхэлсэн ба найз нөхдүүдтэйгээ нийлж хаяа дарвих, ууж идэх, ганц нэг хичээл таслах зэрэг хэвийн үзэгдэл болж. Удалгүй хамт амьдрах охид бүсгүйчүүдтэй ч болж... тухайн үеийн мянга мянган оюутнуудын амьдардаг тэр л зарчмаар амьдарч, сурч байлаа. Харин тэрээр өөрийн математик, геометрийн чадвараар энд гайхуулсангүй буюу гайхуулах боломж ч гарсангүй.  “Жинхэнэ амьдралаар амьдарч” байгаа хүнд ийм зав ер байсангүй. Хичээл ном тасалсан болон хоцорсон нөхдүүдийг шийтгэж зарим нэг бодлого өгдөг багшийн шийтгэл нь Жоржын хувьд алга урвуулахын адил амархан зүйл байдаг болохоор мань эр таслах хоцрохоос нэг их айдаггүй байжээ.

1939 он. Жорж мөн л хичээлдээ хоцорч ирлээ. Одоо 25 нас хүрсэн  энэ эр маань бараг л өлмий дээрээ мөлхсөөр ангидаа нууцаар орох үед багш нь уурлан загнаад самбар луу нэг заачхаад лекцээ үргэлжлүүлж эхэлжээ. Жорж ч хоцорсны шийтгэл болох 2 бодлогыг хуулж аваад багшийнхаа үгийг “маш анхааралтай” сонсон сууж байлаа. Маш анхааралтай буюу өөрийнх нь хэлснээр бол хичээл тараад хаашаа явах, хэнтэй яаж бужигнуулах тухай бодох хэмжээнд л анхаарч байв.

Гэртээ хариад Жорж нөгөө бодлогыг нь хурдхан бодчих санаатай суутал ихээхэн хүнд бодлого бололтой. Энэ бодлогыг бодох үндсэн арга зарчмыг хичээлийн эхэнд заасан байж таарах нь гэж ойлгосон эр өөрөө учрыг нь олохоор нухаж эхэллээ. Нухсаар байж ямар ч байсан давж гарах шиг болсон бөгөөд тэрээр бараг 2 өдрийн турш уг бодлоготой “ноцолдсон” байжээ.

Урьд өмнө ийм хэцүү бодлого бодож үзээгүй ч ялан дийлсэндээ баяртай оюутан маань бодлогоо багшдаа өгөхөөр өрөөнд нь орлоо. Багш нь ч ажил ихтэй бололтой мань эрийг юу гэж явааг асуугаад, даалгаврын бодлого өгөх гэж ирлээ гэдгийг сонсоод ширээ рүүгээ нэг дохиод эргээд ажиллаж эхлэхэд нь Жоржийн хувьд их л дургүй нь хүрсэн байна. Хоёр өдөр ноцолдож байж цаана нь гарсан бодлогыг  энэ багш харах ч үгүй юм байна гэж тэрээр бодсон ба ширээн дээр нь өч төчнөөн “хичээл таслагч нарын шийтгэлүүд” овоорч байсан гэдэг.

6 долоо хоногийн дараа Жоржын байрлаж байсан байрны хаалгыг нэг хүн чанга балбан сэрээлээ. Хар үүрээр ямар хүн ингэж хаалга балбадаг хэрэг вэ гэж эхнэртэйгээ гайхан ярьсаар Жорж хаалгаа тайлтал өмнө нь өөрийнх багш зогсож байлаа.

-“Би дөнгөж сая чиний нэг баталгааны чинь талаарх өмнөх үгийг бичиж дууслаа. Одоо уншаад болж байна гэвэл би яг одоо нийтлүүлэхээр явуулаа...” гэж амьсгаадсан багш нь үгээ давхцуулан ярихад Жорж юу ч ойлгосонгүй. Тэвдэж амьсгаадсан багшийгаа “биш болж” гэж бодсон Жорж ус авчирч өгөхдөө нүүрнийх нь өмнө саваад байгаа тэр цаасыг хартал өнөө бодлого нь байлаа. Хамгийн гол нь хичээл хоцорсны шийтгэл гэж бодсон тэрхүү хоёр бодлого нь бодох, батлах боломжгүй гэж нэрд гарсан статистикийн бодлогууд байжээ. Багш нь оюутнуудад сонирхуулах журмаар тэр хоёр бодлогыг самбар дээр бичиж танилцуулсан төдий бөгөөд харин тэрхүү домог болсон бодлогыг нь хичээл тасалж, хоцордог Жорж бодчихсон байв.

Дараа нь Жорж энэ тухай ярихдаа “хэрвээ энэ бодлогыг бодох боломжгүй гэж үздэг тухай би урьд нь сонссон бол бодох гэж оролдохгүй л байх байсан. Ер нь хүн өөрөө өөртөө л хил хязгаар тавьж, өөрөө өөрийнхөө хүч чадлыг тодорхой төвшинг давуулахгүй байхаар барьж байдаг санагддаг шүү” хэмээн хэлж байжээ.

Хүний хүч чадлын хязгаарын тухай энэ яриа нь зарим нэг лам нарт маш их таалагдаж, мөргөлийн үедээ (бүтэн сайнд сүсэгтэн нараа цуглуулаад элдэв номлол айлдаад байдаг тэр ажиллагаа) энэ тухай номлох зөвшөөрөл хүссэнийг нь Жорж зөвшөөрчээ. Дараа нь Жорж ийм нэг номлолд орж суухад өөрийнх нь хийсэн юмыг ямар нэг ид шид шиг, ер бусын юм мэтээр тайлбарлаж байсан гэдэг бөгөөд мань хүн бүр өөрөө ичээд гарсан гэдэг.

Ийм байдлаар Америкт алдаршсан энэ түүх кино урлагт ч өөрийн ул мөрөө үлдээсэн бөгөөд 1997 онд олон нийтэд танилцуулсан Good Will Hunting кинонд энэ явдал тэр чигээрээ бий. Мэтт Дэймон, Бен Аффлек, Робин Уильямс зэрг алдартай одуудын тоглосон энэ киног нэг үзэх хэрэгтэй болов уу. Тэр тусмаа Монголд маань физик математикийн чиглэлээр их дээд сургуульд сурах хүсэлтэй хүүхэд байхгүй болчихсон гэж шуугиад байгаа энэ цагт ядаж ганц ч гэсэн хүүхэд энэ киног үзээд энэ агуу  шинжлэх ухаанд дурлах ч юм бил үү... хэмээн горьдож энэ түүхийг сонирхууллаа.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]