Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Д.Өлзийбаатар: Манай археолгичид, эртний судлалынхан “Яг монгол язгууртнууд олдохгүй байна” гэж ярьдаг юмУншсан11,244

Манай археолгичид, эртний судлалынхан “Яг монгол язгууртнууд олдохгүй байна” гэж ярьдаг юм. Дагалдах боол, албатуудынх нь хойлог болгоод явуулчихсан зүйл олддог.


Д.Өлзийбаатар: Төрийн шагнал авсныг маань
манайхан зурагт үзэж мэдсэн байна лээ

 

Д.Өлзийбаатар 1960 онд Улаанбаатар хотноо төрсөн. 1968-1978 онд нийслэлийн 10 жилийн 24дүгээр дунд сургууль, 1978-1982 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн түүхийн ангийг түүхч-түүхийн багш мэргэжлээр, 1980-1982 онд МУИС-ийн англи хэлний оройн ангийг тус тус төгссөн. 1982-1983 онд Баянхонгор аймгийн Жаргалант суманд түүхийн багш, 1983-1984 онд Улсын түүхийн төв архивт архивч, 1984-1988 онд НАХЯ-ны ЦДС-д түүх, нийгмийн ухааны багш, 1988-1990 онд НАХЯ-ны тусгай архивт судлаач, 1990-1991 онд Улаанбаатар хотын Цагдаагийн газарт төлөөлөгч, 1991-1993 онд Улсын түүхийн төв архивт мэргэжилтэн, дарга, 1993-1995 онд Цагаатгах ажил эрхлэх улсын комиссын дэргэдэх Хэлмэгдэгсдийн судалгааны төвд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1995-2000 онд “М-Арбат” компанийн захирал, 2000-2013 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын дарга, 2013-2014 онд Архивын ерөнхий газрын дэд дарга бөгөөд Үндэсний төв архивын захирал, 2014-2017 онд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх  ажилтнаар  ажилласан байна.

ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн дэргэдэх Эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлд “Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтэд гадаад хүчин зүйлсийн нөлөө” сэдвээр түүхийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.  Тэрээр “Алтан гадас”, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, ШУА-ийн дээд шагнал Хубилай хааны шагнал болон салбарын шагналуудаар шагнагдаж байсан. Хууль зүйн салбарын тэргүүний ажилтан, онц хилчин. “Монголчууд”, “Тусгаар тогтнол” сонсдог ном бүтээлээрээ олон түмний санал асуулгын дүнгээр шагнагддаг Жак Вотерфордын сангийн 2014 оны онцлох бүтээлийн шагнал хүртсэн. Эхнэр, хоёр хүүхэдтэй. Эцэг Дэмбэрэл Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат, МҮЭ-ийн байгууллагад алба хашиж байсан. Эх Ичинхорлоо Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат, нэгдсэн III эмнэлэг зэрэг байгууллагад эмчээр ажиллаж байжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрөгч бямба гаригт төрийн шагнал хүртсэн түүхч Д.Өлзийбаатартай уулзаж хөөрөлдлөө.

-Энэ жилийн төрийн шагналыг Монгол түүхийнхээ жимээр зорчсон эрхэм хоёр хүмүүнд олгосон нь нүдээ олсон шагнал боллоо гэж шуугьцгааж байна. Дэмбэрэлтэй сайхан өдөр өлзийтэй алтан одонг зүүлгэнэ гэж баатар их түүхээ судалж байв уу?

-Энэ их гэнэтийн шагнал байлаа. Би төрийн шагнал авна гэж бодож ч явсангүй. Мэдсэн ч үгүй. Монгол Улсын төрийн шагналыг энэ жил миний “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” гэсэн хоёр бүтээлд өглөө. Төрийн шагналыг бүтээлд олгодог юм байна. Дээрх хоёр сонсдог бүтээлийг 2013 оноос хийж, Монголчууддаа хүргэсэн. Төрийн шагнал авсандаа баяртай байна. Монголчууд түүхээ хүндэлж дээдэлж байгаагийн нэг илрэл энэ байх.

-Төрийн шагналт түүхчид харьцангуй цөөхөн байдаг байх аа?

-Манай түүхчдээс Ш.Нацагдорж, Хөдөөгийн Пэрлээ, Оохнойн Батсайхан нарын олон биш хүн төрийн шагнал авсан байдаг. Дараа нь би авч байх шиг байна. Түүх, урлаг соёл, уран зохиолын бүтээлүүдэд олгодог гэдэг утгаараа их хүндтэй шагнал л даа.

-Саньцарын хувьд шагнал авахаа мэдэлгүй очсон гэсэн. Та энгэр цоолохоо мэдэж байв уу?

-Хорьдугаар зууны түүхийг харуулсан баримтат кино хийхээр “Hero” студийн Баатар бид хамтарч ажиллаж байгаа юм. Энэ талаар л хуралдана гэж дуудсан юм. Хуралд сууна гээд өглөө гэрээсээ гараад санамсаргүй очсон. Очсон чинь л шагнал болоод явчихсан. Ерөнхийлөгч бидний бүтээлийг тааллаараа ойлгож явдаг юм байх л даа.

-Таны сонсдог ном бестселлэрийг олон сар тэргүүлсэн. Гурван жилийн өмнө нээлтэнд нь УИХ-ын дарга асан З.Энхболд очихдоо “Түүх бол сайн нь ч бидний багш, муу нь ч бас багш” гэсэн гэдэг. Түүх нэлээд сонирхдог хүн л ингэж хэлнэ дээ?

-Энхболд дарга чинь түүх их сонирхдог хүн. Миний “Монголчууд” номоо гаргах гээд санхүүжилт хайж явахад тодорхой хүмүүстэй холбон өгч “Энэ хүнд туслаач” гэж захиж байлаа. Г.Бадамсамбуу бид хоёр 1996 онд “Шинэ цагийн товчоон” гэдэг дөрвөн цуврал анги бүхий түүхэн баримтат кино хийсэн юм. Тэр кинонд Энхболд дарга дэмжлэг үзүүлж байсан. Хорин жилийн өмнөх түүх хожим тэгж давтагдсан. Миний гол зорилго залууст эх түүхээ л мэдүүлэх юмсан гэсэн бодол. Түүхээ л мэдэж байж хүн эх орноороо бахархана. Манай түүхчид түүхийн номуудыг их сайн бичсэн. Саяхан гэхэд манай МУИС-ийн Түүхийн тэнхмийн захирал, Дэлгэржаргал доктороор ахлуулсан ажлын хэсгийн гаргасан Монголын эртний түүхийн таван боть байна. Би харин ямар хэлбэрээр түүхээ хүн ардад хүргэх вэ л гэж бодон сонсдог номын төрлийг сонгосон хэрэг.

-Хурал болно гэж очоод төрийн хишиг хүртчихэж. Ар гэрийнхэн чинь яаж мэдэв?

-Мэдсэн хүн байхгүй юм чинь. Эхнэр ажилдаа явчихсан байсан. Гэнэтийн юм болсон болохоор бүгдээрээ л сандралдсан. Манай гэр бүлийнхэн бүгд л зурагтын мэдээ үзэж мэдсэн гэж байсан. Төрийн ордон руу ороход гар утас хураагаад авчихдаг болохоор шагнал авснаас бүүр хойно л гарч ирэхдээ л ярьсан.

-Ах дүү, хамаатан садан чинь сонсоод яаж байх юм?

-Аав, ээж маань эрт бурхны оронд явсан. Би эцэг эхээс гурвуулаа. Ах маань нэлээд эрт өвчнөөр өнгөрчихсөн юм. Дүү Өлзийсайхан маань хувийн бизнес хийдэг хүн байна. Аавын өлгий нутаг Хөвсгөлийн Арбулагаас, ээжийн нутаг Өвөрхангайн Хайрхандулаанаас хүмүүс баяр хүргэж ярьж байна аа. Уг нь манайх чинь аль дөчөөд онд хотод шилжиж ирснээс хойш би төрсөн юм шүү дээ.

-Төрийн шагналаа яаж мялаах гэж байна. Уран бүтээлч хүмүүс цол дагаж бяр гэдэг шиг даацтайхан бүтээлээ ард түмэндээ толилуулах гэдэг улс байдаг. Таны хувьд...

-Хүн чинь төрийн дээд шагнал авчихаар одоо юу хийх билээ гэж боддог юм байна. Хэдэн түүхчидтэйгээ, Гандангийн залуу гавьж Гантөмөр, Амгалан, Бямбажав нартай хамтарч “Монголын төр, шашны түүх” гэдэг томоохон бүтээлийг хийхээр судалгааны ажлаа эхлээд явж байгаа. Би чинь хорьдугаар зууны эхний хагасыг судалдаг шинэ түүхийн чиглэлийн хүн шүү дээ. Тиймээс өнгөрөгч зууны түүхийг багцалж бичих цаг нь ирчихсэн юм болов уу гэж бодож байгаа. Өнгөрсөн зууны социализмын үеийн түүх яг хуучнаараа сурах бичигт явж байна. “БНМАУ-ын түүх” гурван ботийг таван боть болгож гаргах нь гаргасан юм. Яг хорьдугаар зууны түүхийг дангаар нь бичих түүхэн шаардлага бий. Энэ зуунд Монголчууд босож ирсэн юм шүү дээ. Их Монгол Улсын үеийн түүхийг бид байтугай хаа байсан тэндээс дэлхий мэдээд бичээд байгаа. Монголчууд Манжийн эрхшээлээс гараад социализмыг бүтээн байгуулах гэсэн түүхийг цаасан хэлбэрээр гаргах бодол байна шүү.

-Та одоо хаана ажиллаж байна?

-МУИС-ийн Түүхийн тэнхмийн багш хүн л дээ, би. Шагналаа тав дахь өдөр авсан болохоор шавь нартайгаа уулзаж амжаагүй л байна. Маргааш нөгөөдрөөс хичээлээ заах гээд очно доо. Түүхийн мэргэжлийн ангийнхан болон мэргэжлийн бус ангийнханд “Социализм ба БНМАУ” гэсэн сэдвээр хичээл заадаг. Бид хаанаас ирээд хаа хүрэх гэж байгаагаа мэдэх хэрэгтэй шүү. Археологич Эрдэнэбаатартай хамтарч Монгол нутаг дахь эртний түүх дурсгал, археологийн олдвор бүхий газруудын талаар нэг сонсдог ном гаргахаар ярилцсан. Архангай, Баянхонгор, Булган гээд нэлээд аймгуудад судалгаа хийгээд явж байна.

-Та археологич Эрдэнэбаатарыг Хүннүгийн талаар агуу их нээлт хийсэн эрдэмтэн гэсэн байсан. Хүннүгийн булш ч бай, түүх дурсгалын гайхамшигт олдвортой газрууд хүйтэн сэтгэлтэй урт гартнуудын довтолгоонд их өртөөд байдаг юм биш үү?

-Хөдөөгөөр явж байхад анзаарсан нэг зүйл бол Монгол Улсын төр засаг, хууль хүчний байгууллагууд анхааралдаа хамгийн их авмаар зүйл чинь наад хулгайн асуудал чинь байна. Эртний түүхэн дурсгалт газруудыг үнэхээр их тонож байгаа. Мөнгө ашиг олохын тулд юуг ч хайрлахаа байсан. Хулгайн томоохон хэмжээний сүлжээ үүсчихсэн байдаг шиг байна. Гайхамшигт олдворууд Монгол нутагтаа биш голдуу гадагшаа гарч байгаа нь маш аюултай үзэгдэл. Булш бунхныг тонох эртнээс улбаатай байсан. Гэхдээ бидний энэ үед бүүр газар авлаа.

-Металл хайгч барьж очоод сөрөг, нум сумны зэвээс өгсүүлээд үнэт эрдэнэсийн зүйлсийг хүртэл тоночихдог юм биш үү?

-Хулгайчид газрын гүнд 5-10 метрийн гүнд байгаа зүйлсийг илрүүлдэг багажтай явсан сураг байдаг. Үүнд орон нутгийнхны анхаарал хяналт сул, бараг тухайн нутгийнхан хамтарч хууль бус үйлдэл гаргаж байна ч гэж хардахаар байдалтай шүү. Археологийн шинжлэх ухаан чинь мөнгө их шаарддаг салбар. Эрдэнэбаатар доктор Архангайн Эрдэнэбулган сумын Гол модны булшнаас том сүйх тэрэг, морины тоног хэрэгсэл, алт мөнгөн эдлэлүүд их олсон. Энэ бол түүхэн агуу нээлт. Үүний санхүүжилтийг одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга өгсөн байдаг. Их эрсдэлтэй учраас хөрөнгөтэй улс археологид хөрөнгө оруулахаас цааргалдаг. Тэгэхэд Баттулга 150-иад сая төгрөгөөр тусалсан юм билээ.

-Монгол орон ч археологийн хувьд баян сантай байж магадгүй шүү?

-Манай археолгичид, эртний судлалынхан “Яг Монгол язгууртнууд олдохгүй байна” гэж ярьдаг юм. Дагалдах боол, албатуудынх нь хойлог болгоод явуулчихсан зүйл олддог.

-Хойлог болгоно гэдэг чинь юу гэсэн үг билээ?

-Томоохон язгууртнуудын хойд насанд үйлчлэх хүмүүсийг морь мал, идэх уух юмтай оршуулах ёслол шүү дээ. Ноён уулын булш бол тун чухал олдвор. Оросын эрдэмтэн Козлов гуай том олдворуудыг аваачаад Санктпетрбургийн Эрмитажид тавьчихсан. Ноён уулын бүс нутаг чинь археологийн олдворын өлгий. Тиймээс бид энэ Ноён уулыг маш их анхаарч хамгаалах ёстой. Тэнд байгаа түүх, археологийн олдвор хөрсөнд байгаа жаахан алтны судлын хэмжээгээр хэмжигдэхгүй. Тэр хавийг бүхэлд нь дархан цаазтай, төрийн тахилгатай болгох хэрэгтэй байгаа юм.

-Манай бичгийн мэргэд, утга зохиолын авьяас билэгтнүүдийн хамгийн их харамсдаг зүйл нь Монгол хэл, уран зохиолын хичээлийн цагийг багасгаснаас болж хойч үе маань Монгол бус хүмүүн болох нь гэсэн айдас. Түүхийн хичээлийн хувьд харин цаг нь овоо байгаад байгаа юу?

-Түүхийн хичээлийг өргөн цар хүрээтэй ормоор байгаа юм. Уран зохиолтой л адил манай түүх чинь бас хичээлийн хөтөлбөрөөс хасуулаад л явж байна. Түүхээ бид ойлгож, хүндэлж чадахгүй байгаагийн илэрхийлэл энэ. Монгол шиг цөөхөн хүн амтай, хоёр их гүрэнтэй ийм жижигхэн улсын хамгаалалт дархлаа бол түүхээ л мэдэх юм. Бид социализмын үед түүхээ их үзэл сурталжуулсан учраас ард нийтээрээ түүхийг үл ойшоох болсон. Одоо бол түүхийн талаархи ойлголт өөр боллоо. Бидэнд бахархал омогшил, түүхэн сургамж байна. Бидний түүх асар баян, маш их сонирхолтой гэдгийг мэддэг болчлоо. Бидэнд Монгол хэл, соёл, ёс заншил, түүх маань байна. Үүнийгээ л үр хойчдоо өвлүүлж үлдээхгүй бол харь орны соёлд уусахад амархан болсон. Энэ цахим орчин хүмүүсийг өөрийн мэдэлгүй харь хүн болгож байна. Эл аюулыг бид олж харах ёстой. Их гүрнүүдийн “Зөөлөн хүчний бодлого” гэж их ярих болсон. Кино, урлаг соёл, хувцаслалт, телевизийн нэвтрүүлгүүдээр дамжуулан их гүрнүүд өөрийнхөө соёлыг аль нэг оронд шингээгээд байгаа. Үүнээс болж өөрийн үндэсний бүхнээ голох, үгүйсгэх, өөрсдийгөө үл тоох, гадагш дүрвэх хандлага гарч байна. Өөрсдийн түүхээ үл тооно гэдэг эх орноосоо урвасантай адил ялт үйлдэл.

-Өнгөрөгч зун Өмнөд Монголоороо явж байхад Шандуугийн Шар талд Хубилай хааны найман давхар асрыг бодитоор байгуулан, олон ангит киноны зураг авч байхтай таарлаа. Зураг авч дуусуут энэ орд аялал жуулчлалын төв болох юм билээ. Хилийн чинадад байдал ийм байхад Монгол туургатны гал голомт манай улсад түүх, соёлоо огт тоохгүй л байх шиг байгаа юм даа?

-Одоо л манай улс үүх түүхэндээ анхаарах ёстой юм. Бидний хэдэн түүхч, уран бүтээлчид “Монголын эзэнт гүрний гайхуулгын ордон, цогцолбор” гэсэн нэг зүйл хийж бүтээх гээд ноднингоос цаас бичиг хөөцөлдөөд яваад байна. Их Монгол Улсын үед Алтан ордны улс, Хүлэгүгийн улс, Цагадайн улс гэж ямар юм байсныг хараг гэж Монгол нутагтаа ийм төсөл хийсэн. Монгол соёл чинь эндээс л тарсан шүү дээ. Хэдийгээр харь оронд суурьшиж олон жилийн хугацаанд тухайн улс орондоо уусаад явсан ч гэсэн Монголчуудын үлдээсэн өв их. Дэлхий нийт Монгол Улсыг яг л тэр үүднээс харж байна. Чингис хааны үлдээсэн их өвийг ганцхан өмнөд хөрш ч биш дорно дахин, Орос улс гээд бүгд л булаалдаж байна. Орос орон чинь Монголчуудын байлдан эзлэлтэн дээр нэгдэж босож ирсэн улс шүү дээ. Догшин Иван хүртэл Монгол цусны хүн. “Оросыг сайн маажвал Монгол гарна” гэдэг үг хүртэл байгаа биз дээ. Бидэнд өвөг дээдсийн үлдээсэн их өв, түүх, хэл соёл, ёс заншил, байгалийн баялаг, олон сая мал байна. Энэ их баялгийг нийгмийн салбаруудад зөв хуваарилж чадвал хөгжих өргөн боломж байна. Хөгжлийн гол чиг нь түүх соёлоо л мандуулах. Их Монгол гүрний гол гол байгууламжуудыг эх нутагтаа сүндэрлүүлчихэд дэлхийн мэлмийг баясгаж, чихийг дэлдийлгэнх аялал жуулчлалын их ирээдүй харагдаж л байгаа. Өмнөд хөршийн хувьд зөөлөн хүчний бодлогыг мөнгөөр хүчтэй явуулж байна л даа. Хубилай хаан гэдэг чинь өнөөгийн Хятадыг бий болгосон хүн шүү дээ.  

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]