Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Хамгийн цаад хаалганд Бүдрагчаа гэж генерал байгаа, очоод уулз"Уншсан9,023

“Хамгийн цаад талын хаалганд Содномрагчаагийн Бүдрагчаа гэж генерал байгаа. Очоод уулз л” гэлээ. Тэнд хоёр гурван өдөр очлоо. Намайг тоодог амьтан байдаггүй.


Д.Төрбат: Бурхан миний хувь тавиланг ивээж харж явсан

 

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч, яруу найрагч Дамбын Төрбаттай уулзаж хөөрөлдлөө. Тэрээр Дундговь аймгийн Цогтчандмань буюу одоогийн Сайхан-Овоо сумын нутаг Төгрөг гэдэг газар 1955 онд малчны гэр бүлд төрсөн. Мандалговийн 10 жилийн дунд сургууль, Улаанбаатар хотод Барилгын ТМС, МУИС-ийг дүүргэсэн. Сэтгүүлч мэргэжилтэй. Хугацаат цэргийн алба хаасан. Цагдаа, залуучуудын хэвлэлийн сурвалжлагч, утга зохиолын ажилтан, нарийн бичгийн дарга, Монголын уран зохиол” хэвлэлийн газрын захирал, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал зэрэг албыг хашиж ирсэн. Багаасаа уран зохиол оролдож “Улаан жигүүр”, “Хүслийн тодотгол”, “Зүрхний цомнол”, “Зүрхэн тарн” яруу найргийн, “Хүн төрхийн унаган чанар”, “Сайхан төрөхийн зовлон” нийтлэлийн ном, “Могойн чуулган”, “Морин зэрэглээ”, “Хонин холбоо”, “Тэнгэрийн соёрхол” роман, “Харц хатан”, “Амьдралын улаан шугам”, “Дурлал загварын ордон”, “Ялагдаагүй ганцаардал” жүжиг, “Талын урсгал”, “Ирж яваа цаг”, “Тэнгэрийн сахил”, “Алт амилах цаг”, “Алиа салбадай”, “Бүсгүй завилгаа”, “Харанхуй засаг”, “Халаасны өрөө”, “Танихгүй сэтгэл”, “Шадар ван 1,2”, “Чин ван Хандддорж” 1,2,3, “Бурханы харьяат” кино зохиол туурвин тайз, дэлгэцээр олны хүртээл болгожээ. Мөн “Монголын уран зохиолын дээж 108 боть”-ийг эрхлэн гаргасан юм. Д.Төрбат шилдэг бүтээлээрээ 1991 онд МЗЭ-ийн, “Могойн чуулган” романаараа 1999 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртэж, 1996 онд яруу найргийн “Болор цом” наадмын тэргүүн шагналыг хүртсэн. Бичиг бийрийн нэрт зүтгэлтэн тззнд 2007 онд төрийн шагнал, 2009 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол олгожээ.

-Монголын их утга зохиолд арван хоёр роман болон тайз дэлгэцийн олон арван бүтээл туурвисан тан шиг бичгийн хүн ний нуугүй хэлэхэд цөөн. Утга зохиолд анх яаж шимтэн дурлаж орж ирсэн тань уншигчдад сохьхон байх бол уу?

-Би эжийгээ мээм гэдэг байлаа. Утга зохиолд хайртай дуртай болоход мээмийн минь ярьсан үлгэрүүд, миний нагац ах Багаяагийн ярьсан домгууд надад нөлөөлсөн бол уу. Багаяа маань уул харж уулын тухай ярьдаг, мээм маань харин худаг дээр ховоо татаж байхад усны тухай хүүрнэдэг байлаа. Манайх нэг хэдэн тэмээтэй, бог мал, адуу цөөтэй, говийн айл Төгрөг хайрханы ард нутаглаж байлаа. Төгрөг хайрханаа би одоо болтол шүтэж шүншиглэж явдаг юм. Төгрөг хайрханы тухай олон шүлэг бичсэн шиг байна лээ. Роман бичиж байхад хүртэл уул минь харагдаж байдаг даа.

-А үсгийн ацаг татан ардын сургуульд орлоо гээд ярьдаг даа?

-Би жаран гурван онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын дунд сургуульд нэгдүгээр ангид орсон. Ангийн багш маань Намжилцэрэн гэж хүн байлаа. Ангийн багшийн хань бол хожим Монгол Улсын гавьяат багш болсон Чимэд гэж хүн бий. Сүүлд очиж золгоход хоёулаа амьд сэрүүн байсан. Намжилцэрэн багшийнхаа ач тусыг мартахын аргагүй. Их зөөлхөн хүн байлаа. Би өөрөө ээжтэйгээ хоёулхнаа өссөн болохоор их аймхай хүү байлаа. Хайдаг ингэ ирэхийг хүлээж, би лааны гэрэлд шөнө орой болтол суудаг байж. Од түгтэл, мичид гудайтал сууна. Хайдаг ингэ чинь бутны цэцэг хөөгөөд явчихдаг хойно их орой ирнэ. Хайдаг ингэний чинэсэн хөх дундартал би мээмийнхээ дэргэд шөнийн тэнгэрийн од ширтэн зогсдог байлаа.

-Та Багаяа гэдэг хүний тухай их халуунаар дурсаж “Ирж яваа цаг” кинонд хүртэл нэрээр нь мөнхөлсөн байх шүү?

-Багаяа маань маань ээжийн ах, лам байсан хүн. 1937 онд шоронд хоригдсон, Төгрөгийн хийдийн даа лам байсан юм билээ. Миний овоглодог Дамба гэж өвгөн чинь энэ шүү дээ. Багаяа минь хот их явна. Миний хүндэлж явдаг найруулагч Жамьянгийн Бунтар гуайн найруулсан “Ирж яваа цаг” кинонд Багаяагийн дүрийг гавьяат жүжигчин Лувсан гуай амилуулсан даа. Муу өвгөн буурлынхаа ачийг хариуллаа гэж баярлаж явдаг даа.

-Таны анхны шүлэг юун тухай сэдэвтэй байв?

-Анхны шүлэг гэвэл Гагарины тухай шүлэг байлаа. Тэр үед марк цуглуулдаг байсан юм. Одоогийнхоор бол хообий, тэр үеийнхээр бол хүсэл сонирхол өрнөж дээ. Жаран найман онд тавдугаар ангид байсан хэрэг. Ангийн багш маань одоогийн яруу найрагч Эрэнжидийн Хархүү. Хархүү багш маань Улсын багшийн дээд сургуулийг дөнгөж төгсчихсөн гялалзаж байсан цаг. Хүүхэд болгон маркны цомогтой. Тэр маркуудыг цуглуулж байгаад Гагарины тухай шүлэг бичмэгчээ болоо биз. Ямар шүлэг болсныг мэдэхгүй юм. Ямартай ч ахдаа үзүүлсэн. Миний ах бол Дамбын Чойсамба гэж надаас хорь ах хүн байдаг юм. Би эжийнхээ дөчин есний жил төрсөн, ах надаас хорь, эгч надаас арван таван насаар ах, би айлын отгон хүү. Муу эжий минь намайг их зовж төрүүлсэн шиг билээ, долоо хоног дуншиж байж төрсөн гэдэг. “Таньдаг байх юм уу, таньдаггүй нь байх юм уу, бүү мэд” гэж байгаад төрсөн юм гэсэн дээ. Ах маань тэр үед Дундговь аймгийн шүүгчээр ажиллаж байсан. Шүүгч хүн болохоор танил талтай байсан юм байлгүй, “Улаан туг” сонины сурвалжлагч бүдүүн Халтар гэдэг хүнд үзүүлэхээр явуулсан. Халтар гуайд үзүүлсэн чинь бараг бүтэн жилийн дараа дөрөвдүгээр сарын аравдаар сонины буланд хэвлэгдсэн. Энэ л миний анхны шүлэг байсан.

-Эрэнжидийн Хархүү зохиолч ч ирлэсэн тонгорог шиг галтай дөлтэй амьтан л байсан биз?

-Хүүе ээ, яриа юу байхав дээ. Багшийн дээд төгсчихсөн, жаахан мижигнүүр алхаатай, жигтэйхэн гоё залуу очсоон. Самбар дээр шууд л “Говийн өндөр” гэж бичээд л номыг нь харуулаад “С.Дашдооров гэж танай Дундговийн зохиолч шүү дээ. Та нар яагаад таньдаггүй юм. Би хотод нэг барааг нь харсан” гэж байгаа юм. Нөхөр Дооровтой уулзаж амжсангүй л дээ. (инээв. сур) Тэгээд “Говийн өндөр” романд байдаг “Өнөөдөр Дэлгэрхангай сумын уран сайханчдын концерт аймгийн Соёлын ордонд төдөн цагт болно” гэсэн зарлалыг тусад нь их гоё өрөөд хэвлэчихснийг үзүүлээд “Номыг ингэж их гоё хэвлэдэг байна. Та нар харав уу” гэж харуулна. Тэгээд биднийг дагуулаад Хөрхийн хадан дээр очно. Өөрөө хадан дээр гараад шүлэг уншина. Ийм л сайхан байж. Таваас зургаадугаар ангиа Хархүү багштайгаа үдээд, долоодугаар ангид Тунсаг багшийн удирдлагад очсон. Багш маань Өмнөговь руу шилжсэн. Хархүү багш маань намайг утга зохиолд дуртай болоход тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Хөрхийн хаданд очихдоо гурван литрийн бидон хар цай, хэдэн боорцогтой очно. Тэр цайг уугаад багш маань хадан дээр шүлэг уншина гэдэг миний хувьд ертөнцийн нэг гайхамшиг байлаа даа.

-Анхны хайрын эзэн, хайрын шүлгийн эзэн гээд ярьдаг даа?

-Би тоонд их муу. Наймдугаар ангиа төгсөхдөө ер нь ном их уншина, Гитлерийг их зурна.

-Гитлер зурдаг нь ямар учиртай юм бэ?

-Үзэл суртлын үе байсан болохоор үзэн яддаг баахан дайснаа л зурдаг байхгүй юу. Хамгийн арын ширээнд сууна. Хичээлдээ идэвх их муутай. Ингээд Барилгын нэгдүгээр ТМС-д хуваариллаа. Хулигаан ихтэй сургууль шүү дээ. Багаяаг маань Гандангийн Мэргэн гүн Гомбожав гэдэг хүн өөрөө ачааны “ГАЗ-453” маркийн машин, суудлын тэрэгтэй очин урьж авчирсан. Мээм минь нутагтаа хэдэн малтайгаа үлдлээ. Багаяа бид хоёр Дарьгангын 18 гэдэг гудамжинд халзан Дондов гэдэг айлын үүдний амбаарт төвхнөсөн. Эх нялхсын хавийн л гудам л даа. Зун цаг байсан болохоор сахиус энэ тэрээ амбаарт тавилаа. Халзан Дондов гуай их сайхан даалуу тоглодог, жаалдаг хүн байлаа. Авгай нь Юмсрайжав гээд их сайхан налайсан хүн. Тэднийх гахай, тахиатай, их баян айл. Багаяа маань хуралд явахдаа орой нь нэг хэвийн боов, бэрээсий, хайлмагтай ирнэ. Хойтон нь мээм маань ирж, хотын айл болон төвхнөж байлаа. Дөрөв таван жил ингэж аж төрж байтал, Багаяа минь далан гурван онд өөд болсон. Яг үнэнийг хэлэхэд амьдралд мээм бид хоёрыг тэжээж тэтгэдэг хүн маань байхгүй боллоо. Мээм бид хоёрт үлдсэн юм гэвэл ердөө таван янчаан л байсан. Хоёр таягт, гурван ёншгойт байв. Тэрийгээ бид Ядамсүрэн гэж хүнд зарсан.

-Хот газар ч харж хандах хүнгүй, ажил төрөлгүй байна гэдэг ч бүтэхгүй зүйл шүү?

-Хожим тэр хүн уучлал гуйж ирсэн. Багаяаг лам байхад шавь гээд сүйд болж байсан хүн бурхан болуут нүүр буруулахгүй юу. Тэгтэл ах минь ашгүй хөдөөнөөс шилжин ирж, Сүхбаатар дүүргийн шүүгч боллоо. Мээм бид хоёрын амьдрал ингэж сүйрдгийн даваан дээр гайгүй сэгхийлээ.

-Нэгдүгээр ТМС-д баахан атамануудтай гар зөрүүлж байв уу?

-Би чинь салхивч-нимгэн төмрийн ангийн сурагч. Агааржуулагч хоолойнуудыг хийнэ. Манай багш Гончигбал, мастер багш нь Тогтох гэж хүн байх. Хөвгүүд ширүүн. Гуравхан охин, хорин хэдэн хүүтэй. Аз болоход манай сургуулийн Намын үүрийн дарга нь шүлэг бичдэг “Улаан бүчний намираа” гэдэг ном гаргачихсан, зохиолч П.Рэнжин гэж хүн байлаа. Бурхан миний хувь тавиланг хараад явсан юм шиг байна лээ. Рэнжин багш байсан тулдаа зодоон цохионоос хол хөндий явсан. Түүнээс зэрлэг байсан. “Од” кино театрт кино үзэхэд хооронд гар зөрүүлэх энүүхэнд. Манай захирал Гомбыг харахаар бүгд нам. Миний чацуутнууд гэхэд охид хүүхнүүдийн ертөнцийг үзчихсэн тийм л сүрхий газар байж.

-ТМС-иа төгсчихлөө. Яаж яваад цагдаа болсон гэдэг билээ?

-Сургуулиа далан гурван онд төгсөөд 18-тайдаа цэрэгт татагдлаа. Ах минь хөөцөлдөө биз дээ, Барилгын цэргийн 58дугаар ангид хуваарилагдлаа. Гэлэгрэнцэн гэж их сайхан хошууч байлаа. Штабын мэдэлд бичээчээр хэсэг ажиллалаа. Гэлэгрэнцэн гуайг халагдсны дараа үхэр нүдэн Дагвадорж гэж ширүүн хурандаа ирлээ. Анги маань нимгэн төмрийн цехтэй. Би энд алба хааж байхдаа Архангай зэрэг хөдөө аймгуудын  трактор засварын газрын дээвэр хийсэн. Эх орныхоо дархан хил дээр Байтаг богдоос Овоон энгэрийн ус хүртэл застав отрядын байрны дээврийг хийсэн. Гөлмөн төмрийг шувуун нуруунд дэвсчихээд тэр халуун наранд шарагдаад нэг үзээрэй. Пээ, ёстой нэг үйлээ үзсэн.

-Тийм ажил ч үзсээн үзсэн. Бас л чанга шүү?

-Амьдрал ямар хэцүү юм бэ гэж хэлмээр л болж байсан. Тэгэхдээ би ч бас гайгүй. Гурван цэрэг даргалчихна. Байтагаас Овоотын отряд дээр ирэхэд бүтэн жил хагасын хугацаа өнгөрсөн байсан даа. Дагвадорж хурандааг дуудсаны дагуу гурван цэргээ Овоотод үлдээгээд бүхээгтэй машинд суугаад хот руу гарлаа. Ирээд ёслоход Дагвадорж хурандаа “Ёсолж яах гэсэн юм бэ. Эр хүн нэг ийм юм үзэх ёстой” гээд дал мөрөөр тэврэхэд л нүдний нулимс асгарч байлаа. Нөхөрлөл гэдэг тийм сайхан юм даа. Эндээс халагдахад муу ах минь “Миний дүү чинь төгссөн сургууль байхгүй, яадаг шүү юм билээ” гэснээ нэг өдөр НАХЯ-нд яваад оч гэлээ.

-Шууд ч цагдаа болчихоогүй, бас эр цэргийн алба хаачихсан эрийн хугархай байж дээ?

-“Хамгийн цаад талын хаалганд Содномрагчаагийн Бүдрагчаа гэж генерал байгаа. Очоод уулз л” гэлээ. Тэнд хоёр гурван өдөр очлоо. Намайг тоодог амьтан байдаггүй. Нэг навсайсан л амьтан байгаад байгаа. Хоёр хонолоо. Тэгсэн гуравдахь өдөр генерал дуудлаа. Миний хөлс гоожоод, алчуур байдаггүй. Генерал “Шүлэг унш” л гэж байна. Барилга явахад хэчнээн ч шүлэг бичсэн юм. Тэрнээсээ л уншлаа даа. “Чи авьяастай хүү байна. Манай төв штабт ажиллана аа. Зарлага цагдаа болно” гэлээ. Ингэж бичиг тараадаг ажилтай боллоо, одоогоор бол интернэт юм аа даа. (инээв. сур) Цагдаагийн газраас гарсан бүх бичгийг тараана. Энэ ажлаа гурван жил хийгээд бага даргын албатай боллоо. Төлөвлөгөөний комиссын цагдаагаар ажиллана. Энд ажиллаж байхад Дамдинсүрэнгийн Урианхай ах Думаагийн Содном даргын нарийн бичгийн дарга байлаа. Урианхай ахын өрөөнд орж шүлгээ уншина. Жагдалын Лхагва ах “Технологи мэдээлэл” сэтгүүлийн эрхлэгч байсан. Лхагва ахтай буу халдаг, өгүүллэг ярьдаг боллоо.

-Утга зохиолын их ертөнцөд ч аргагүй л ороод эхэлж дээ?

-Их утга зохиол гэдэг чинь аяндаа авах хүнээ ингэж хүлээж авдаг байхгүй юу. Энд цагдаагаар ажиллаж байгаад нэг өдөр “Сэтгэлд гал байхад зууханд гал олдоно” гэсэн алдарт найрагч Ламжавын Лувсандорж багш маань “Энд цагдаа хийж суугаад яадаг юм, ер нь чамайг сургуульд явуулна” гэлээ. Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд явуулах юм болж хөөцөлдлөө. Тэр жил Очирбатын Дашбалбар маань Горькийд явлаа. Бид хоёрын шүлэг “Залуучуудын үнэн” сонины майн нэгний дугаарт зурагтайгаа гарсан байсан юм. Миний таван шүлгийг С.Билэгсайхан багш “Утга зохиол” сонинд, Дэмбээгийн Мягмар багш “Цог” сэтгүүлд тавьчихсан, тухайн үедээ лухайсан яруу найрагч болчихсон гэж хөөрч яваа хүн шүү дээ. Лувсандорж багш маань “Горькийд болдоггүй юм бол Монгол Улсын их сургуульд орно оо хө” гээд ардын багш, яруу найрагч Сэндэнжавын багшид авчирч тушаасан юм. Дулам багш улбар ягаан царайтай, жигтэйхэн залуухан. Надаас хоёр дүү хүн шүү дээ. Лу багш “За, Дулам аа, чи энэ хүүхдийг сургуульд оруулахгүй бол тангараг тасрна шүү” гэж байсан юм даа. Ингэж их сургуульд элсэж соёлжихын замдаа орсон доо.

-Та чинь Шүр эхээсээ айгаад байна уу, дара эхээсээ эмээгээд байна уу, анхны хайрынхаа тухай тойрч гуядаад байна даа?

-Анхны хайр маань бүүр бага байхын л айл аймаг явсан даа. Миний олон бүтээлд Долгоо гэж бий. Тэрийг Шүрээ маань ч мэднэ. Сүүлд бид хамт очиж уулзаж ч байсан. Би бол аавгүй, нагацынхаа ивээлд ээжтэйгээ өссөн хүүхэд. Манайтай айл аймаг явсан ажаа Цэдэнбат гэж мундаг өвгөн байлаа. Сүүлд Ерөнхий сайд Ж.Наранцацралт бид хоёр ч хамтдаа очиж золгож байсан. Тэр айлын Цогзолмаа, Долгор, Хархүү нарын хүүхдүүдээс Долгор нь надтай чацуу юм. Ажаа Цэдэнбат гуай надад их сайн. Арван найм есөн нас хүртлээ хамт явсан. Нэг очиход Эрдэнэбилэг гэсэн залуутай суусан байсан даа.

-Таныг наяад оны уран бүтээлчдээс хамгийн түрүүнд номоо хэвлүүлсэн яруу найрагч гэдэг байх аа?

-Мянга есөн зуун наяад он гэдэг Монголын яруу найргийн их оргилуун үе байсан. Бид социализмыг бүтээчихсэн ч юм шиг санадаг, бараг маргааш коммунизмд орчих юм шиг өөдрөг үе л дээ. Энэ оргилуун үед анхны шүлгүүдээ бичиж байсандаа би их баярладаг. Тэр үед Монголын зохиолчдын эвлэл том байгууллага байсан. Энэ байгууллагын ивээл дор “Улаан жигүүр” анхны ном маань гарсан. Редактор нь ардын уран зохиолч Пунцагийн Бадарч багш минь байлаа. Анхны номын баярын дуудлагыг дуулгасан хүн маань Залуу зохиолчдын зөвлөлийн эрхлэгч, их зохиолч Сэнгийн Эрдэнэ. “Шар Мягмарсүрэнгийн “Урины шувуу”, та хоёрын номоор анхны номын баярыг хийнэ” гэсэн. Энэ бол том баяр байсан. Сэнгийн Эрдэнэ хөтлөөд, Далхаагийн Норов дэргэд суугаад, Доржийн Гармаа өөдөөс харж суусан гэхээр дэндүү сайхан сэтгэгдэл үлдсэн дээ. Миний амьдралын хамгийн баярт явдал мөн шүү. Тэгэхэд би МУИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан байлаа. Яруу найраг маань надад олдсон дэндүү их хувь. Дэндэвийн Пүрэвдорж багштаны хэлсэн “Ном бүтээх бол Дамбын Төрбатын хувь юм” гэдэг үгийн эхлэл эндээс эхтэй.

-Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж багшийн тань 85-ны ой энэ онд тохиож байна. Та багштайгаа анх яаж уулзаж учрав?

-Аугаа их Пүрэвдоржийн “Чингис”, “Тусгаар тогтнол”, “Сумын наадам” шүлгүүдийг би цээжээр мэддэг байлаа. Зурагтад манай цагдаагийн манааны шовгорт цугладаг байсан улсын ихэнх нь багшийг их ярина. Монголын зурагт, радиогийн утга зохиолын нарийн бичгийн дарга нь яруу найрагч Тоомойн Очирхүү гуай байв. Пү-до багшийн шавь л даа. Шаравын Сүрэнжав хааяа архи ууж, хааяа эрүүл ирдэг дэн дунтай үед Монголын телевизийн үүдэнд суудаг харуулын цагдаа байлаа. Энэ үед утга зохиолд чиглүүлж өгсөн хүн бол гарцаа байхгүй Ламжавын Лувсандорж. МУИС-д Дулам багш миний ангийн багш Зулькафильд халуун чихийг минь атгуулж өгсөн. Багш минь надаас бас дүү юм шүү дээ. Ингээд намайг ангийн даргаар тавьчихгүй юу. Манай ангид төрийн шагналт зохиолч Бямбажавын Цэнддоо, бурхан болооч сэтгүүлч Бат-Эрдэнэ, “Радиогийн зөөлөн дуут” хэмээх яруу найрагч, сэтгүүлч Бямбажавын Энхтуяа, МҮОНТ-ийн сэтгүүлч Эрдэнэцогт нар суралцаж байсан. МЗЭ-ийн харьяа МУИС-ийн утга зохиолын дугуйлан лхагва гариг бүрт хичээллэнэ. Энэ дугуйланг Пүрэвдорж багш хичээллүүлж “Зөөлөн дуут” Бямбажавын Энхтуяа, “Сумын заан” Чимэдравдангийн Мягмарсүрэн, Дэрэнгийн дэлт хийморь Цэндийн Чимэддорж, Барнангийн Доржпалам, Данзангийн Нямаа, Даваасүрэнгийн Чинзориг, Очирбатын Дашбалбар нарын авьяас төгөлдөр залуус ирж шүлгээ уншина.

-Үнэхээр л яруу найрагчийн хувьд сор болсон авьяастнууд цугладаг уран бүтээлийн нэгдэл байж дээ?

-Пүрэвдорж багшийн дугуйлан бол нэгэн үеийн том яруу найрагчдыг төрүүлсэн Дашзэгвийн Сэнгээгийн дугуйлангийн хоёрдахь хувилбар байсан. Сэнгээ гуайн дугуйлангаас Д.Пүрэвдорж, С.Дашдооров нарын олон агуу зохиолчид төрсөн. Багшийн дугуйлангийн эхний ээлжийнхэн гэвэл Т.Очирхүү, Бямбажавын Хүрэлбаатар, С.Оюун нарын далаад оныхон байсан юм билээ. Бид бол хоёрдахь үеийнхэн. Уран бүтээлч хүн бие биеэ мэдрэх гэдэг ямар нэгэн шахалтаар танилцах хэрэггүй зүйл байдаг. Пүрэвдорж багшийгаа анх харахад цагаан цамцны ханцуйг тохойгоо өнгөртөл шамлачихсан, баруун гартаа “ВТ” янжуурын утаа савсуулсан, цоглог цолгиун хөдөлгөөнтэй жижигхэн хөх хар хүн орж ирээд “Та нар шүлэг бичих гэж байгаа юм уу” гэж асуусан төрх нь одоо ч нүдэнд харагддаг. Наян нэгэн оны үе юм уу даа. Багш маань үүнээс хойш л бид бүхнийг хүн болгосон ачтан даа. Багшид хамгийн анх шүлэг уншсан хүн нь яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн байсан санагдах юм. Мань эр хашгираад “Болор чулуунд туссан сарны гэрэл адил үнэн болоод хуурмаг...” гээд уншсан байхгүй юу. Дараа нь бид цуваад шүлгээ уншсан. Хэн ямар шүлэг уншсаныг би одоо мэдэхгүй. Дараа нь Явуугийн гэх хүмүүс сэмээрхэн яваад өгсөн. Пүрэвдорж багшийн сургалтын арга нь юу байсан гэхээр анхны ном бэлдэх байсан.

-Бид хэдийгээр “бурхдын зодоон”-ыг шүүх эрхгүй ч асуумаар нэг зүйл байх юм. Явуухулан гуай, Д.Пүрэвдорж хоёр тийм их зөрчилтэй найрагчид байсан юм уу?

-Пүрэвдорж багш надад “Энэ бол хоёр яруу найрагчийн хоорондахь зөрчил биш ээ. Намын үүрийн дарга, намын гишүүн хоёрын зөрчил” гэж хэлдэг байсан. “Бид хоёр чи сайн шүлэг бичдэг, би муу шүлэг бичдэг гэж маргаагүй. Явуу намын үүрийн дарга байсан. Би авгай сольсон. Би Явууд “Чи дурладаггүй юу” гэж ганцхан л юм хэлсэн. Явуу надад юм хэлээгүй” гэсэн багшийн үг Монгол Улсын Гадаад хэргийн сайд байсан Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд, соёлын гавьяат зүтгэлтэн, их гүүш Цэрэнпилийн Гомбосүрэн гуайн эмхэтгэн дээжилсэн Пүрэвдорж багшийн найман боть номонд бэлээхэн бий.

-Пүрэвдорж багшийн тань талаар асуугаад байдаг нь та хоёр номын барилдлагат багш, шавиас гадна хамтарч сургууль хүртэл байгуулж байсан болохоор л уруулыг чинь угзраад буй хэрэг л дээ?

-Мань эр чинь их ухаантай хүн шүү дээ. Багш надтай хамт “Монголын нууц товчоо” сургуулийг үүсгэн байгуулж захирлаар нь ажилласан. Би дэд захирал нь байлаа. Энэ арван жилд багш маань “Улаан гэрийн хоригдол”, “Бор гэрийн богд” хэмээх өөрийнхөө дурсамжийн хоёр ботийг бичсэн. Тэрэн дээр Явуутай холбоотой зүйлээ дэлгэсэн.

-За, тийм байж. Та “Монголын уран зохиолын дээжис-108” ботийг ард түмэндээ өргөн барьсан хүн дээ. Таныг ч бас нөгөө талаар зохиолчдын бүтээлийг хэвлүүлж баяжсан ч гэх хүн байж байдаг?

-Би баяжсаан баяжсан. (инээв. сур) Гэхдээ би сэтгэлээр их баяжсан. Хүний сэтгэл гэдэг агуу юм байдаг юм байна лээ. Би тэр жилүүдэд Монголын ард түмэн морь таньдаг, хүн таньдаггүй юм байна даа л гэж бодсон. Энэ бол миний үнэн үг. Монголчууд морио уралдуулж чаддаг мөртлөө хүнээ уралдуулж чаддаггүй. Хүнээ уралдуулах гэсэн ганц оролдлого нь “Болор цом” яруу найргийн наадам байсан. “Болор цом”-ыг санаачилсан Пүрэвдорж багшийн хувьд их хар хэл ам дагуулсан наадам байсан байх. Түүн лүгээ “Би Монголын ард түмэнд их гавьяа байгуулчихъя гээд 108 боть хийнэ” гэхгүй юу. Үүнийг би ч санаачилсан юм биш. Энэ санааг Долгорын Нямаа, П.Бадарч, Дэмбээгийн Мягмар, Хорлоогийн Сампилдэндэв, Д.Цэнд, Ц.Хасбаатар нарын том улс багтсан редакцийн зөвлөл цуглачихсан ганц юм задлаад сууж байхад Л.Түдэв багш ирсэн юм. Түдэв гуай С.Эрдэнэ гуайн дор суугаад “Та нар найман боть гаргана гээд байна. Энэ бол дэмий л ажил л даа” гэхэд би ч палхийгээд явчихсан. “Банкнаас зээл авч хэвлүүлэх ч баларлаа” л гэж бодсон. Тэгсэн Түдэв гуай “Монголын утга зохиол ч дор хаяхад зуун найман боть болох л доо” гэнгүүт цээжинд нар мандаад явчихсан. Тэр үед эхний найман боть таван мянган хувь хэвлээд дуусчихсан байсан үе. Долгорын Нямаа гуай МЗЭ-ийн дарга байсан. “Дэмий юм ярих юм” гэж байлаа. Ням гуай чинь их хашир хүн шүү дээ. Тэгээд П.Бадарч багш бид хоёр Зохиолчдын хорооны байшинг барьцаанд тавиад зүтгэсэн дээ. “Ардын банк”-ны Амарбаяр гэдэг хүн анхандаа бишүүрхээд “Зохиолчдын хөрөнгө гэж юу байна” гэсэн чинь Бадарч багш “Паз автобус байна” гэж элгийг нь авч байлаа. “Монгол банк”-ны Ерөнхийлөгч Д.Моломжамцын зөвшөөрлөөр 17 сая төгрөгт Зохиолчдын байраа дэнчин тавьж зээл аван 108 ботио хэвлүүлчихээд зуун хувь төлсөн дөө. Тийм учраас МЗЭ-ийн байрыг тавьж 108 боть хэвлүүлсэн минь гавьяа болохоос гай биш ээ. 

-МЗЭ-ийн 70 жилийн ойгоор та даргаар нь ажиллаж байлаа. Одоо зохиолчдын байгууллагын маань 90 жилийн ой тохиож байна даа?   

-Хорин жилийн өмнө Засгийн газрын ордонд МЗЭ-ийн 70 жилийн ойг тэмдэглэж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, Ерөнхий сайд Жанлавын Наранцацралт нар хүрэлцэн ирж баяр хүргэж үг хэлж байлаа. Тэр сайхан мөч надад мартагддаггүй. Эхний өдөр эрдэм шинжилгээний хурлаа, “Утгын чимэг” наадамтайгаа хийсэн. Хоёрдахь өдөр нь “Болор цом”-оо хийсэн. Найрагчид шүлгээ уншиж байхад би ард нь ширээгээ засаад зогсож байлаа. Тэр үед зохиолч, яруу найрагч Баяндалай гуай Засгийн газрын ордны Үйлчилгээ аж ахуйн дарга байсан нь их тус болсон. МЗЭ-ийн 90 жилийн ой энэ жил болно. Энэ жилийн найман жилд нь эл том байгууллагыг удирдаж байсандаа баяртай явдаг. МЗЭ-ийн ой болоход цаг цагийн Засгийн газар Монголын зохиолчдод гар татаж байгаагүй. Тавь, жар, далан жил дандаа л Засгийн газрын ивээл дор явж ирсэн. Ийм учраас Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх анхаарал тавьж МЗЭ-д гар татахгүй байх аа гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Хүрэлсүх сайд цэргийн хүн. Цэрэг, шүлэг хоёр нэг доор төрдөг гэж би боддог.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]